2010-11-01

Г.Оюун-Эрдэнэ: Яадгийм миний омголон залуу нас ..

Яадгийм миний омголон залуу нас хорин таван нас
Яг л эрх дураараа хүүхдийн гэнэн тэнэгхэн ааш шиг
Ялагдаж сураагүй шаралхуу зангийн омог шиг
Яндаж няцахгүй эрх чөлөөтэй гуниг шиг


Дэгжин даашинз, дэрвэгэр сормуус, ихэмсэг алхаа
Дэргэдүүр өнгөрөх залуусын шүүрс алдах харцтай
Дэврүүн бодол сайхны өмнө л арван наймт шиг
Дэндүү гоёмсог миний хорин таван нас

Алсад татах солонго шиг хэн нэгний мөрөөдөлд
Амилж ургасан цэцэг адил хайрынх нь эзэн байлаа
Аавын хүүгийн зүрхийг олон ч удаа уйлуулж
Амрагийн сэтгэлийг гомдоож алдаж байдаг даа залуу нас

Намба сууж айлын гэргий болох гэж яарч
Нэг л томоогүй аашаар амьдрал зохиож ч үзлээ
Багадаа тоглодог тоглоом шигээ дэндүү амарханаар төсөөлж
Бардам зангаар зэвсэг хийж ухарч байлаа залуу нас


Шаналж уйлсан хоногуудыг дорхноо л мартдаг гэнэн
Шаралхуу аашаар инээж орхиод л гардаг томоогүй
Шархалсан ч гэсэн зүрхэндээ дахиад л хайрлах зоригтой
Шантарж няцаж үзээгүй миний хорин таван нас

Дурлаж л байг л дээ, алдаж л байг залуу нас минь
Дураараа эрх зангаараа нисэж л яваг амьдралд
Дурсах дурсамж, ухаарсан ухаарал л үлдэнэ
Дандаа би ямар залуу явах ч биш дээ

No comments:

Post a Comment