2011-03-03

Үнэт чулуу №07

moon
Саран чулуу 
Жоншны төрлийн чулуу, цайвар цэнхэрдүүгээс  ягаан туяатай сүүн цагаан хүртэл өнгөтэй байна. Сарны энергийг өөртөө шингээсэн гэдэг нь нэрнээсээ харагдана. Гэхдээ сувдыг бодвол сарны сайн чанаруудыг агуулдаг юм. Шинэ сартай өдөр саран чулуу хүйтэн болж улам тод гялалздаг гэнэ. Тэргэл сартай өдөр төрсөн бүх хүнд саран чулуу нэн ээлтэй. Мөн Даваа гаригт төрсөн хүмүүст ч ээлтэй, учир нь Даваа гариг бүрт Сар Дэлхийг бүрэн эзэгнэж байдаг гэж эртний зурхайчид үздэг байв. Дундад зууны үед саран чулууг дурлагсдын чулуунд тооцдог байжээ.
Саран чулуу муугүй “эмч” билээ: Мөнгөнд шигтгэж зүүвэл тархи толгой болон элдэв сэтгэл мэдрэлийн унаж тусдаг өвчнөөс ангижруулна. Унжуулж зүүвэл хэлгий хүмүүст тус болно. Багаасаа зүүдэндээ босч явдаг хүмүүс, тэргэл сартай өдрүүдэд дэрэн дороо саран чулуу хийж унтаж байвал энэ “эвгүй зангаа” орхино. Харин дэндүү зөрүүдэлж эрхэлдэг зантай, бас гомдомтгой хүмүүст саран чулуу “дургүй” гэнэ.

avanturin
Ундрам /авантюрин/ 
Тунгалаг, бэржгэр, гялтагнууруудтай энгийн гоёлын чулуу. Өнгө нь мөнгөлөг саарлаас бор ногоондуу хүртэл байна. Ундрамыг бас Нарны чулуу ч гэдэг. Алтлаг гялтагнуур цэгүүдийг нь удаан харахад сэтгэл гэгээрч хүч тэнхээ орж бие сайхан болдог. Нарнаас эрч хүчээ авдаг энэ чулууг тагтай сав, харанхуй газар байлгаж болохгүй.
Ундрам ариун хайрыг билэгддэг учраас өсвөр насны охидууд, сарын тэмдэг нь тогтворжоогүй хүүхнүүд зүүвэл сайн байх болно. Мөн төв мэдрэлийн системд тайвшрах үйлчилгээ үзүүлдэг увидасыг нь төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ажээ. Бөгжинд шигтгэж зүүвэл эпилепси, нүүрний мэдрэлийн судас татах өвчинд тустай. Сарны гуравдахь мөчлөгийн үеээр ундраман бугуйвч, ундраман эрх зэргийг зүүж байвал зүрх судасны системын өвчнүүдийг их сайн эмчилдэг гэнэ. Нялх хүүхдийн орны дээрээс унжуулж зүүвэл хүүхэд тань рахит болон амин дэмийн дутагдалд орохгүйгаас гадна нойр нь бөх болдог юм байна.

jemchug
Сувд /жемчуг/
Чулуу биш ч гэсэн олон сайхан увидастай чимэглэл билээ. Сарнаас эрч хүчээ авдаг. Сувдны гялалзалт эзнийхээ биеийн байдлаас хамаарч байдаг, мөн их хөлрөх үед өнгөө алддаг. Биеэ барьж чаддаггүй хүмүүс сувд зүүх хэрэггүй. Мөн хөгжимчин, жүжигчин, аянчид сувд зүүхэд онцгүй: дотоод эрх чөлөөнд нь саад болоод байдаг гэнэ. Тайван сайхан амьдрал, урт удаан насыг билэгддэг болохоор хуримлаж байгаа хосуудад хамгийн тохирсон бэлэг гэж үздэг.

yantar
Хув /янтарь/ 
Модны чулуужсан  давирхай юм. Ногоондуугаас коньякны хүртэл өнгөтэй байна. Хув бол гаргуун “эмч” гэдгийг монголчууд ерөнхийдөө мэддэг. Хоолойдоо зүүж бамбай булчирайгаа эмчилдэгийг мэдэхгүй хүн үгүй биз. Мөн нялх хүүхдэд маш их ивээлтэй чулуу билээ: орон дотор нь хийчихвэл эрүүл чийрэг өсөж торнихоос гадна муу хорлолд өртдөггүй гэнэ. Уушигны цус алдалтыг зогсоох, амьсгаа давчдахыг болиулах зэрэг үйлчилгээтэй. Жирэмсэн эмэгтэй хув эдлэл зүүж байвал хэвийн сайхан төрдөг юм байна.
Монголчуудын гоёлдоо хэрэглэдэг чулуунуудын тухай ярихад товчхондоо ийм л байна. Энэ бүх увидас зөвхөн байгалийн чулуунд л байхаас Монголд өргөнөөр худалдагддаг “бадмаараг”, “маргад”, “индраанил” мэтийн хиймэл чулуунуудад огт хамаагүй тул ийм чулуунуудаас “юм горьдоод” ч хэрэггүй, муу нөлөө болчих вий гэж айгаад ч хэрэггүй

No comments:

Post a Comment