2011-03-04

Нэрт хийлч Леонид Коган - Би өөрийнхөө мэдрэмжээр хөгжимдөх дуртай

Зөвлөлтийн нэрт хийлч Леонид Коган уран бvтээлийн идэвхтэй дайчин чанараараа ямагт бусдаас эрс ялгагдаж байдаг. Тэр: "Би өөрийнхөө мэдрэмжээр хөгжимдөх дуртай" гэж vргэлж хэлдэг байв.
Vнэндээ тэр хийл хөгжимдөө уусаад шингэчихсэн юм шиг, хvн хөгжмийн зэмсэг хоёрыг ялгаж салгаж боломгvй нэгэн цул мэт сэтгэгдэл төртөл хөгжимддөг нэгэн. Тvvний тоглолтууд хөгжимчний ур чадварын дээд илэрхийлэл болдог байв. Коганы хийл хvчирхэг, өтгөн өнгөтэйн дээр, хийл хөгжмөөс гарч болох бvх л өнгө аясыг өөртөө шингээсэн мэт эгшиглэдэг байлаа. Хэн ч ерийн нэг хийл аваад Леонид Коган шиг дуу гаргаж, хөгжимдөж чаддаггvй байсан юм. Тэр давтагдашгvй хөгжимчин байлаа. Судлаачид тvvнийг: "Коган гартаа хийл барьж төрсөн" гэж бичицгээж байсан удаатай. Тvvний хөгжимдөх ур чадвар нь нэгдэж нягтарсан бөөн эрч хvч байлаа. Леонид Коганы хөгжимдсөн ямар ч бvтээл сонсогчдод жинхэнэ амьд бvтээл болон очдог байсан юм. Италийн нэрт хийлч, хөгжмийн зохиолч Паганинийн тухай уран сайхны кинонд Леонид Коган хөгжимдөж дуу оруулсан нь ерийн нэг тохиолдлын зvйл биш ээ...
Леонид Борисович Коган 1924 онд Днепропетровскт гэрэл зурагчны гэр бvлд мэндэлжээ. Бvр бага байхдаа хөгжимд дуртай нь мэдэгдэж 3 настайдаа "Дубинушка" (бяцхан царс мод) гэдэг Орос ардын дууг дуулж сурсан байлаа. Эцэг эх нь тvvнд эхлээд төгөлдөр хуур, дараа нь тvvний дуртай хөгжим болсон хийлээр хөгжимдөж сургажээ. Леонид Коган 7 настайдаа Днепролетровскийн хөгжмийн сургуульд орж, гоц авъяастай болохоо харуулж чадсан байна. Тэр 9 настайдаа Харьковт болсон өсвөрийн хийлчдийн уралдаанд тvрvvлж байжээ. Авьяаслаг хvvг Москва руу илгээж, Москвагийн хөгжмийн их сургуулийн дэргэдэх гоц авьяастай хvvхдvvдийн ангид нэрт багш профессор А.Я.Ямпольскийн удирдлаганд өгчээ. 1935 онд Коган анхныхаа тоглолтыг хийж, vзэгчид ирээдvйн хөгжимчний давтагдашгvй гайхамшигт авьяасыг бишрэн хvндэлсэн байна. Энэ цагаас хойш Леонид Коганы завсарлагаагvй их тоглолтууд эхэлсэн юм.

Агуу эх орны дайны өмнөхөн Коган анх удаа найрал хөгжимтэй тоглолтоо хийжээ. Москвагийн хөгжмийн их сургуулийн их танхимд болсон энэ тоглолтондоо тэр, Брамсын хийл, найрал хөгжимд зориулсан концертыг хөгжимдсөн байна. 1944 онд Коган Москвагийн филармонийн гоцлол хөгжимчин болсон юм. Дайны дараа хөгжмийн их сургуульдаа vргэлжлvvлэн суралцаж, 1947 онд Прагад болсон Олон улсын ардчилсан залуучуудын их наадмаас алтан медаль хvртсэн байна. Сургуулиа төгсөөд аспирантурт vргэлжлvvлэн суралцлаа. 1951 онд тэр, Брюссельд болсон Хатан хаан Елизаветийн нэрэмжит олон улсын уралдаанаас тэргvvн байрын шагналыг нь хvртжээ. Уралдааны дараа дэлхийд нэрээ мандуулсаар эх орондоо ирж, Зөвлөлтийн олон хотуудаар тоглолтоо хийж эхэлсэн байна.

1948 онд Леонид Коган, Елизавета Григорьевна Гилельстэй гэр бvл болжээ. Брюсселийн олон улсын анхдугаар уралдааны шагналт, энэ хийлч эмэгтэй нэрт төгөлдөр хуурч Эмиль Гилельсийн дvv байлаа. Леонид Коган, Францад Паганинийн 1-р концертыг тогложээ. 

Тvvний энэ тоглолт шуугиан дэгдээсэн байна. Францын судлаачид: "Паганини өөрөө тайзан дээр гарч ирээд, өөрийнхөө концертыг хөгжимдөж байгаа юм шиг" гэж бичиж байв. Жилийн дараа Коган, Латин Америкийн орнуудаар тоглолтоо хийж, хэвлэлvvд: "Манай vеийн агуу хөгжимчин" гэцгээж байлаа. 1958 онд тэр АНУ-д хийх тоглолтоо эхэлжээ. "Карнеги-Холл"-д болсон гайхам амжилтынх нь дараа хэвлэлvvд ''Коган бол маш ховор авьяастан, хамгийн хөгжимсөг хөгжимчин, тэр vзэгчдийн өмнө ямагт гялалзсан амжилт байгуулж байдаг" гэхчилэн бичицгээж байв. Коган тэр жилдээ Японд тоглолтоо хийж, 1962 онд Австрали, Шинэ Зеландиар аялан тогложээ. Хөгжимчин маань хэдхэн жилийн дотор бvх дэлхийг тойрсон байв. Леонид Коганы тоглолтын хуваариуд нь хэзээ ямагт шахуу байдаг байлаа. 
Гадаадад концерт их хийж байсан ч Зөвлөлтийн хотуудаар тоглохоо мартаагvй юм. 1982 онд Австри, Грек, Дани, Испани, Итали, ХБНГУ, Франц, Чехословак, Швейцарт тоглолт хийхийнхээ завсраар Москва, Ленинград, Харьков, Саратовт тоглолтоо хийж амжжээ. Vvнээс гадна П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд шvvгч хийхийн зэрэгцээ Москвагийн хөгжмийн их сургуульд багшилж байлаа.

Коган уран бvтээлийнхээ бvхий л хугацаанд нэг л чиг хандлага, арга барилаар хөгжимдөж байсан гэж хэлж болохгvй. Эхэн vеийн уран бvтээлvvдэд нь романтизмын vеийн тоглолтын өндөр ур чадвар шаардсан Паганини, Венявский, Вьетан зэрэг хөгжмийн зохиолчдын бvтээлvvд орж байсан юм. Энэ тухай Коган: "Тэр vед би голчлон жинхэнэ хийлийн, техник ур чадвар шаардсан зохиолууд тоглохыг их хvсч байсан" гэж дурсжээ. Энэ л vед Коган, тэр л шилдэг бvтээлvvдийн дотоод ертөнцөд нэвтрэн орж чадсан гэдгийг баттай хэлж болно.

Тvvний уран бvтээлийн ноён оргилуудын нэг нь Паганинийн зохиолууд байлаа. 1949-1950 онд Коган, Паганинийн 1-р концертыг жинхэнэ эхээр нь тоглосон байна. Vvнээс гадна нэг тоглолтондоо тэр Паганинийн бvх 24 каприсийг хөгжимдөж байжээ. Коган хөгжимдөх ур чадвар, тоглолтын техник, боломж чадавхиараа хэн бvхнийг татаж чадаж байсан юм.

Гэвч уран бvтээлийнхээ ид оргил vед Коган ур чадвар шаардсан зохиолууд тоглохоо бараг больсон байлаа. Гол анхаарлаа тэр томоохон хэмжээний бvтээлvvдэд хандуулах болсон байв. Венявский, Сарасати, Паганини нарын оронд Моцарт, Бетховен, Брамс, Чайковский, Глазунов, Прокофьев, Шостаковичийн зохиолууд тоглогдох болжээ. Коганы уран бvтээлийн шинэ vе нь 1956-1957 онуудад хөгжимдсөн хийлийн цуврал концертууд нь болсон юм.

Олон хөгжмийн зохиолчид тvvнд зориулсан бvтээл туурвиж байлаа. Жишээ нь А.Хачатурян Коганд зориулж концерт-рапсоди бичсэн юм. Хачатурян энэ тухай: "Энэ зохиолыг бичиж байхдаа би, Леонид Коганы бишрэм авъяас, хөгжмийн мэдрэмж, гайхам сайхан өнгө, ур чадвар зэргийг бодсоор байлаа. Концертоо дуусгаад би тvvнд vзvvлэхэд, энэ саруул сэргэг ухаантай, хөгжмийг гайхалтай мэдэрдэг хvн нэлээд сонирхолтой зарим зvйлсийг надад зөвлөж билээ" гэж дурсан ярьсан байдаг юм.

Идэвхтэй vйл ажиллагаа нь Коганы гайхалтай өндөр ур чадварт нөлөөлж хурцалснаар vл барам, тvvний тоглолтын чиг хандлагыг ч өөрчилсөн байлаа. Тоглолтыг дvгнэх шалгуур нь сонсогчдын хvлээн авч буй байдал гэж Коган vздэг байв. Тийм ч учраас тэр vзэгчдийг байнга анхааралтай ажигладаг байжээ. Тэр: "Vзэгчид бол хөгжимчин хvнийг ямаршуухан бэлтгэлтэй байна гэдгээс эхлээд тайзан дээрх хөдөлгөөн бvрийг нь маш нарийн, зөв тодорхойлогч барометр" гэж vздэгтээ итгэл төгс байдаг ажээ. "Тухайн цаг vеийн амьдралаас өөр юу ч хөгжимчин хvний уран бvтээлийг өөрчилж чадахгvй" гэж Коган баталж байв. Мөн өөрийнхөө тоглолтын гол зорилгын тухай тэр: "Би тайзан дээр яаж хөгжимдөж, хөгжмөө хэрхэн илэрхийлж байна яг л тvvгээр vзэгчид сэтгэлийн дээд зэргийн хөөрөл, гоо зvйн таашаал аваасай гэж хvсдэг" гэжээ. Тайзан дээр байгаа ямар ч жvжигчний гол зорилгыг тааж хэлж болно гэж vv?

Коганы хөгжимдөх арга барил нь 1970-аад онд дахин өөрчлөгдөж, нэлээд товч тодорхой, хөгжмийг илэрхийлэх нийтлэг арга барилуудад тvшиглэх болсон байлаа. Коган, сонгодгуудын оюун сэтгэлгээний баялгийг шинээр нээж эхэлсэн юм. Бах, Бетховены хийлд зориулсан цуврал сонатууд тvvний урын санд чухал байр суурийг эзлэх болсон байв. Леонид Коганы хөгжимдөх нэг онцлог нь тэр, хөгжмийн зохиолчийнхоо арга барил, донж маягт бvрэн автсан байдаг байлаа. Энд, ур чадвараа харуулах гэсэн, тvvгээрээ гайхуулах гэсэн өчvvхэн ч бодол байдаггvй байв... Гэвч удалгvй Коган ур чадвар шаардсан зохиолууд руу дахин хандах болсон ч нэлээд бодож боловсруулан, шинээр хөгжимдөж эхэлсэн байна. Ингээд, тvvний тоглолтуудад дахин Паганинийн концертууд зонхилох болж, тэдгээрийн зэрэгцээ Бах, Бетховен, Брамсын зохиолууд ч тоглогдож байлаа. 1982 онд алдарт хийлч Паганинийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан киноны хөгжмийг Коган хөгжимдөж бичvvлсэн нь тvvний уран бvтээлд урам хайрласан хэрэг болсон юм. Чухамдаа энэ л ажилд оролцсон нь тvvнийг дахин Паганинийн зохиолууд руу хандахад нь нөлөөлсөн аж. 
Vvнийгээ Коган: "Би хөгжимдмөөр байсан. Хөгжимдсөн. Гэхдээ өмнө нь тааруухан болж байсан зvйлс тэгэхэд их сайн болсныг хэлэх хэрэгтэй" гэж дурссан байлаа. Тэр хэзээд, өөрөө хөгжмийг хэрхэн мэдэрч байна, яг л тэгж мэдэрч ойлгохыг сонсогчдоос шаардсаар ирсэн юм. Тоглолтын vед тэр өөрийгөө хэдийнэ мартаж, жvжигчний сэтгэл хөөрөлд бvрэн автагдсан байдаг байлаа. Коган vзэгчдийн анхаарлыг соронз адил татахдаа ховсдохгvйгээр, харин ч эсрэгээр нь, тэдний уран сайхны сэтгэлгээг уран сэтгэмж рvv хөтлөн аваачдаг байж.

Коган хөгжимчин хvнд хоёр адилхан концерт байж болохгvй гэж vздэг байлаа. Ийм ч учраас тайзан дээрх тоглолт бvр нь хөгжмөөр илэрхийлэх баялаг нөөц бvхий зохиомжлон хөгжимдсөн тоглолтууд болдог байв. Хийж байгаа ажилдаа шаардлагагvй зvйл огт оруулдаггvй хөгжимчин хэзээд өөртөө хатуу зарчимч хvн байдаг гэж Коган vздэг байлаа. Тэр хөгжимдөж болох бvхий л боломжоос аль болох vзэгчдийг цочирдуулахааргvй "арай энгийн" шийдлийг сонгодог байв. Гэвч, Коганд энгийн гэгдэж байгаа тэдгээр хөгжимдөх арга барилууд нь хөгжмөөр хэлж болох дээд илэрхийлэл байсан юм. Уран бvтээлээ цаг ямагт идэвхжvvлж байхын vvднээс Коган багшлах болжээ. Тэр Москвагийн хөгжмийн их сургуулийн хийлийн ангийг удирдаж, хожим нь хийлч, удирдаач, өөрийн хvv Павел, төгөлдөр хуурч охин Нина нартаа залгамжлуулан vлдээсэн байна. Хөгжимдөх нууцаас хvvхдvvддээ ихийг vлдээсэн Коган, тэдэнтэйгээ хамтарч хөгжмийн зохиолуудыг хөгжимдөн vзvvлж хичээлээ заадаг байжээ. 

Авьяаслаг залуу хөгжимчидтэй байнга харьцаж байхыг Коган их л чухалчилдаг байж. "Ингэх нь өөрийгөө төгс боловсруулахад маш их тvлхэц өгдөг" гэж тэр vздэг байжээ. Эндээс л тэр авьяаслаг багш болохоо харуулсан юм. Шавь болгонтойгоо ганцаарчлан хичээллэдэг Коган: "Авьяастай хөгжимчинд, тvvнд саад болохгvйгээр, "би" гэдгээ vзvvлэхэд нь туслах хэрэгтэй" гэж ярьдаг байлаа.

Леонид Коган Венаас ирээд Ярославльд очиж Бах, Шостакович нарын зохиолуудаас тоглохоор явжээ. Ингээд 1982 оны 12-р сарын 17-нд их хөгжимчний амьдралын зам төгссөн байна. Тvvний дараачийн тоглолтын хөтөлбөрт Паганинийн бvтээлvvд орсон байлаа. Гэвч энэ төлөвлөгөө нь биелээгvй юм.

No comments:

Post a Comment