2011-03-06

Зөв хооллолт

Эрүүл зөв хооллоход тань хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хар талх буюу бүдүүн ширхэгтэй гурилан болон буудайн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохилтой. Мөн загас, шош, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэрлэг болон тос агуулсан хүнснээс аль болох татгалзахыг хичээгээрэй. 

Өглөө босоод шингэн зүйл ууж, долоогоос есөн цагийн хооронд заавал юм идэх ёстой. Учир нь өмнөх өдрийн хоол хүнсний тос нь цөсний хүүдийнд тогтонгишдог байна. Энэ үед цөсний хүүдий агшиж нарийн гэдсэнд тосыг илгээдэг аж. Харин дээрх цагт юм идэхгүй бол цөсний хүүдийнд илүүдэл тос тогтонгишиж чулуу үүсгэх эхлэлийг тавьдаг байна.

Таны идсэн хоол хүнсийг боловсруулах эхний эрхтэн бол амны хөндий юм. Энд жижиг үйлдвэрлэл явагддаг бөгөөд хоол хүнсийг бутлан жижиглэж улаан хоолойгоор дамжуулах гол хэсэг. Улаан хоолойн гуурс нь 25-30см урттай булчинлаг эрхтэн бөгөөд үргэлжлэл хэсэг нь ходоод. Ходоод 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд таны идсэн хоол энд зутан шиг болж боловсруулагддаг байна. Ходоод нь хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй. Зутан мэт болсон хоол хүнс нарийн бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Цагаан гурил, будаа, чихэрлэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсний сөртөнгүүдийн үйл ажиллагааг сааруулж хананд шимэгдэн үлддэг аж. Тиймээс уг сөртөнгүүдийг хэвийн ажиллуулахын тулд бүдүүн ширхэгтэй хүнс, гурвалжин будаа, арвайн гурилыг түлхүү хэрэглэх нь чухал юм байна. 

Мөн нарийн бүдүүн гэдэсний хананд шимэгдэн үлдэж буй хоол хүнсний илүүдлийг ус буюу шингэнээр чийглэж гадагшлуулдаг учир өдөртөө 1,5-2 литр шингэн зүйл хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Түүнчлэн оройн 19 цагаас хойш хүнд төрлийн хоол хүнс идэхээс татгалзаарай. Учир нь таны идсэн хоол шөнөжингөө боловсрогдож ходоодонд ачаалал нэмдэг. Өөртөө хэрэгтэй хүнсийг зөв сонгож зөв цагт хооллож, шингэнийг түлхүү хэрэглэн илүүдэл бохирдлоо гадагшлуулж чадвал таны бие хөнгөрч, ухаан тань саруул болно.

No comments:

Post a Comment