2011-03-07

Моцарт бол Хөгжмийн залуу нас

Вольфганг Амадей Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австрийн үзэсгэлэнт Зальцбург хотод мэндэлсэн. Моцарт байгалиас хөгжмийн суу их авьяас өвөрлөн төрж гуравтайдаа хөгжим сурч дөрвөн настайдаа анхны бүтээл бяцхан аялгуунуудаа зохиож эхлэв.
Хүүг 6 настай байхад эгчтэй нь хамт дагуулан Мюнхен, Вена, Парис, Лондон Амстердам, Гааг, Женев зэрэг хотуудын төвөөр хөгжимдөөд байлдан дагуулж байлаа. Түүний хөгжимдөхийг бишрэн сонссон европ Моцартад “18-р зууны гайхамшиг” гэж цол хүртээж түүний үнэн гайхамшиг мөн эсэхийг шалгахдаа клавесин хөгжмийн даруулыг бүтээж эсвэл нүдийг нь боож хөгжимдүүлнэ. Үүнийг Моцарт юманд бодохгүй давж гардаг байв. Эцэг нь хүүгийнхээ авьяасыг алдар нэр болгон ашиглахын тулд зохиох туурвих, хөгжимдөх сургууль өдөр шөнөгүй хийлгэх боллоо.  Моцарт наймтайдаа анхны симфони болон хийлийн сонатуудаа бичиж 12-тойдоо “Бастьен Бастьенна хоёр” хэмээх дууриа зохиов. Венийн театр “Хуурмаг цэцэрлэгч охин” гэдэг дуурь захиалсныг 1768 оны 4-р сараас 6-р сарын хооронд асар богино хугацаанд зохиож өгсөн боловч атаархсан хүмүүс хов цуурхал тарааснаас харамсалтай нь тоглогдсонгүй. Эцэг хүү хоёр Моцарт  Италийн Верон, Мантуе, Милан, Неаполь, Ром, Флоренц, Венец зэрэг “хөгжмийн” хотуудад гялалзсан амжилттай тоглож арван дөрвөн насандаа “Хар далайн хаан Митридат”, “Личио Силла” хэмээх итали дуурийн арга барилаар бичсэн дууриудаа эндхийн тайзнаа амжилттай тоглуулав. 1770 оны гуравдугаар сард Миланаас Болонья хот орох замдаа дөрвөл хөгжимд зориулсан анхны зохиолоо бичин хөгжимдүүлжээ. Болоньяд ирсэн нь чухал ач холбогдолтой болсон ба энд Италийн хөгжмийн зохиолч, онолч Мартинитай Моцарт танилцан богино хугацааны шавь орсон боловч ихийг сурч авсан гэдэг. Түүгээр барахгүй Болоний хөгжмийн академи Моцартыг хүндэт гишүүндээ сонгож хамгийн залуу гишүүнтэй академи болсон юм. 
 Италид хүн бүхний амнаас Моцартын нэр салахгүй байсан боловч түүнд байнгын ажил олдсонгүй. Язгууртнууд зөв үнэлж эс чадлаа. Төрөлх хотдоо эргэн ирсэн боловч түүнийг тун тааламжгүй угтсан юм. Хотын захирагч Колоредо залуу хөгжимчнийг ордны хөгжмийн удирдаачаар томилж, сүмийн хөгжмөөс өөр юм зохиохыг хориглосон нь амьдрал бялхсан жинхэнэ хөгжим бүтээх эрмэлзэл, залуу халуун насныхаа амьдралыг бадраах хүслээр дүүлж ирсэн Моцартын хилэнг төрүүлэв. Захирагчийн өлмийд мөргөх шахам байж амралтаа авч эхийнхээ хамт Парис орохоор явав. Арав гаруйхан жилийн өмнө түүнийг “гайхамшиг” гэж гайхан байсан Парист түүнд орох газар олдсонгүй. Тэрээр хөгжмийн хичээл зааж олсон цөөн зоосоороо өдөр шөнийг залгуулж байлаа. Гэтэл эх нь хүнд өвчлөн нас барж зүдэрч цөхөрсөн Моцарт дээр аянга буух мэт болов.

Моцарт эндээс клавесинд зориулсан таван сайхан сонаттай Зальцбургт эргэж ирсэн боловч харгис захирагч түүнийг гутаан доромжлохоор хүлээж байлаа. Энэ үед Моцартын “Идоменей” шинэ дуурь Мюнхений театрт амжилттай тоглогдож байв. Захирагч Колоредо Моцартыг өөрийнхөө зөвшөөрөлгүй хаана ч тоглохыг хориглож түүнийг тогооч нараасаа дээш суулгүй зарц нартай хамт хооллож байх тушаал гаргаж байжээ. Хилэн нь бадарсан зохиолч хэдэнтээ ажлаас халж өгөхийг гуйхад нь түүнийг зарц нараараа зодуулж хөөн явуулснаар энэ захирагч түүхэнд үлдсэн юм. 

1731 онд Венад очиж амьдралынхаа эцэс хүртэл суусан бөгөөд эцсийн энэ арван жил түүний уран бүтээлийн цэцэглэл мандал мөн хамгийн алдарт бүтээлүүд нь гарсан үе байлаа. Моцарт Вена дахь немцийн театрын захиалгаар “Хүүхэн хулгайлсан нь” хошин дууриа бичлээ. Дараагаар нь “Фигарогийн гэрлэлт”, “Дон Жуан”, “Шидэт лимбэ” зэрэг дуурийг нь ард түмэн шагшран хүлээж авав. Энэ зохиолуудад Моцартын хөгжмийн реалист илэрхийлэх арга бүрэн төгс тодорч гарчээ. Энэ жилүүдэд Моцарт бас дан хөгжмийн төрлөөр гайхалтай амжилттай чадварлаг туурвиж цэцэглэн гялалзаж байлаа. Тэр 1788 оны зун өөрийн хамгийн алдарт, сүүлчийн гурван симфонио бичжээ. 

1786 онд суут Гайднтай танилцан нөхөрлөсөн нь Моцартын дөрвөл, гурвал зохиолуудад тусав. Моцарт Гайдныг гүн хүндэтгэсний илэрхийлэл хэмээж хамгийн сайхан 6 дөрвөл зохиолоо бүтээлээ. Гайдн бол түүний хөгжмийн гүн утга чанарыг үнэлдэг цөөн хэдхэн хүний нэг байсан юм. Энэ үед бичсэн клавесиний сонат, концертууд ч ур эрдмээрээ гайхагдаж байв. Хувийн амьдралаа ч үндсэнд нь аз жаргалтай зохиож өөр шиг нь хөгжүүн дөлгөөн аальтай дуучин бүсгүй Констанца Вебертэй ханилав. Гэвч түүнийг эд мөнгөний дутагдал, заримдаа өлсгөлөн суудаг явдал тойрсонгүй. Үүний нөлөөнөөс эрүүл мэндийн доройтол, сэтгэл санааны хямралд орж байв. Хаан түүнийг зөвхөн бүжиг, зугааны хөгжим бичигчдэд тооцон талх залгуулах төдий хөлс өгч байлаа.

Түүний эцсийн зохиол алдарт “Эмгэнэлийн дуулал” юм. Нэрээ хэлэхийг үл хүссэн нэгэн хүн ирсэн нь эрх дархтай гүн /Ф. Вальсег-цу-Штуппах/ хүний зарц байжээ. Тэр хүн Моцартаар энэ “Эмгэнэлийн дуулалыг” зохиолгож өөрийн нэрээр хөгжимдүүлэх гэж байв. Их хөгжимчинд энэ бүхэн өөртөө зориулсан эмгэнэл бичиж байгаатай адил байлаа. Энэ дууллаа дуусгах гэж эцсийн хүчээ шавхаж “Шидэт лимбэ” алдарт дуурийнхаа тоглолтод ч очиж чадалгүй хэвтсээр 1791 оны 12-р сарын 5-нд Вена хотын ядуу, бяцхан өрөөнд амьсгал хураасан билээ. Австрийн суут хөгжмийн зохиолчийн оч шиг гялалзаж эхэлсэн амьдрал 35 насанд нь ийнхүү эмгэнэлтэйеэ дууссан юм. Гэвч түүний нэр үдийн нарны гэрэл мэт цацарч мөнхийн ундаргатай рашаан мэт байсаар. Моцартын бүхий л зохиол нь хөгжмийн урлагийн үзэл санаа, агуулга, уран сайхны илэрхийлэх арга хэлбэр бүхэнд хийсэн зоригтой хувьсгалт шинэчлэл байлаа. Ийм ч учраас дэлхий дахины соёлын хамгийн өндөр оргил гэж түүх алтан хуудсандаа бичсэн байдаг.

Гэр бүл
В.А.Моцарт болон Констанца Вебер хоёр гэрлэснээс хойш 4 хүү, 2 охинтой болсон ч хоёр хүү нь л ааваасаа урт насалжээ. Хоёр дахь хүү Карл Томас Моцарт мэргэжлийн биш ч гэсэн авъяаслаг төгөлдөр хуурч байв. Тэр Австрийн засгийн газрын түшмэл болсон ба гэрлээгүй юм. Түүнийг нас барснаар Моцартын удам төгссөн билээ.

Хамгийн бага хүү төгөлдөр хуурч, хөгжмийн багш, удирдаач, хөгжмийн зохиолч Франц Ксавер Вольфганг Моцарт /1791-1844/ буюу бага Вольфганг Амадей эцгээ нас барахаас таван сарын өмнө төржээ. Тэрээр мэргэжлийн хөгжимчин болсон боловч өөртөө итгэлгүй эр болж өсжээ. Учир нь эхийнхээ уур уцаар, найз нөхдөөсөө айх айдсаас болж мөн олны өмнө эвгүй байдалд орчихвий гэж эмээдэг байснаас бүтээл туурвихаас зайлсхийх болжээ. "Моцартын хүү өөрийн авьяасаа үргэлж дутуу үнэлж бүтээлийг нь эцгийнх нь бүтээлтэй харьцуулж үзнэ гэхээс айдаг байсан юм" гэж бичсэн байдаг. Тэр Польшийн Львов хотод ихэнх амьдралаа өнгөрүүлсэн ба түүний авьяас үзэл бодлоос нь болж унасан юм. Түүний шарилын хөшөөн дээр "Магад түүний шарилын чулуун дээрх эцгийн нэр түүний амьдралын мөн чанарын хүндэтгэл юм" гэжээ. Бага Вольфганг Амадей мөн хүүхэдгүй байв.

“Моцарт бол хүн төрөлхтөнд тансаг сэтгэл, 
урин хаврын баясал бэлэглэгч мөнхийн рашаан, 
хөгжмийн залуу нас юм”. Д.Шостакович

No comments:

Post a Comment