2011-03-07

Намайг урлана - Хэн.н.шүлэг

Урин салхи сэвэлзээд өвсний толгой цухуйж намайг урлана
Учиртай амрагууд шувуудын түрүүчийг хүлээж намайг урлана
Унасан газар эх орондоо тэмүүлсэн хүний үр намайг урлана
Уярсан сэтгэл ухаарсан бодол хоёроороо өөрөө өөрийгөө урлана.

Шинэхэн дэлбээлсэн цэцэгсийн үнэр анхилж намайг урлана
Шүүдэр бөнжигнөсөн үүрийн туяа гийж намайг урлана
Шүлэг бичиж суухын хүсэл сэтгэлийг минь эмхэрч намайг урлана
Шөнөжин орсон борооны чимээгээр өөрөө өөрийгөө урлана.
 

Нар мэт инээмсэглэсэн дотнохон харц намайг урлана
Настай ээжийн минь бараа алсаас торойж намайг урлана
Намба суух дөхсөн бодол минь толгойд эргэлдэж намайг урлана
Навчис хөглөрсөн өдрүүдийн уянгаар өөрөө өөрийгөө урлана.

Цантаж хүүрэгтсэн цонхны хээ хуартаж намайг урлана
Цангинаж инээсэн хүүхдүүдийн баясал намайг урлана
Цал буурал тэргүүнтэй аавын минь сургааль амилж намайг урлана
Цас дарсан талд хөлийн мөрөө үлдээж өөрөө өөрийгөө урлана.

No comments:

Post a Comment