Рахманинов бол туйлын өргөн хүрээтэй бүтээлч, хөгжмийн бараг бүх төрөл хэлбэрийг эзэмшин олон гайхамшигт зохиол туурвисан хүн билээ.
Гагцхүү зохиолчийн авьяас алдар хүндэтгэл авчирсан бус хүнд ховор тохиолдох гурван их авьяас түүнд заяажээ. Рахманинов хөгжмийн их зохиолч, суут төгөлдөр хуурч, нэрт удирдаач байсан юм.
Түүний гайхамшигт авьяас бүр оюутан байхаас нь тодорчээ. 1892 онд тэрээр Москвагийн хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөв. Түүний багш нэрт хөгжмийн зохиолч Сергей Танеев, Антоний Аренский нар байсан бөгөөд Рахманинов дипломын ажил болгон “Алеко” дууриа 17 хоногийн дотор бичиж хамгийн өндөр үнэлэлт авсан байна. Төдөлгүй түүний “Алеко” дуурийг Их театрын тайзанд тоглосон юм. Үүнээс нэг жилийн өмнө төгөлдөр хуурын ангийг мөн амжилттай төгссөн байлаа. Оросын их хөгжмийн зохиолч П.И.Чайковский залуу Рахманиновын тухай “Түүний өмнө агуу их ирээдүй байна” гэж хэлсэн нь яг оносон үг байлаа.
Рахманинов урлагийн зам дээр туйлын амархан гарч ирсэн бөгөөд уран бүтээлийнх нь анхны жилүүд ер бусын үр дүнтэй, эрч хүчтэй байсан юм. Төгөлдөр хуурын анхдугаар концерт, “Алеко” дуурь, найрал хөгжимд зориулсан “Байцас” уран сэтгэмж, “Цыган каприччио” төгөлдөр хуурын зохиолууд, романсууд, найрал зэрэг олон дуу нь алдаршиж байв. Гэтэл энэ эхэн үе Рахманиновын хамгийн гол боловч хамгийн азгүй бүтээл болох Анхдугаар симфониор тасарч тэрээр 3 жил суусан билээ.
20-р зууны эх Рахманиновын хувьд сэтгэлийн хямрал унтарч уран бүтээлийн сэргэн мандалт нь эхэлсэн онцгой үе байв. 1900 оны сүүлчээс 1902 он хүртэлх хугацаанд түүний хамгийн алдартай бүтээлүүд болох төгөлдөр хуурын 2-р концерт, “Хавар” магтуу, морин хийл төгөлдөр хуурт зориулсан сонат, цуврал романсаа туурвисан юм.
Тэрээр хөгжим зохиож төгөлдөр хуурчийн хувьд гоцлол концертууд хөгжимдөж, Москва болон бусад хотуудаар нэр нь цуурайтах болов. Удирдаачийн мэргэжлийг бие даан эзэмшиж, сурган хүмүүжүүлэх ажил ч хийж байсан боловч хамгийн гол нь хөгжим зохиох ажил байсан юм. Тэрээр: “Хөгжим зохиох нь миний амьсгалах агаар, идэх хоолтой адил утгатай юм. Хөгжмөөр өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэх нь миний бодол санаагаа дамжуулдаг хэл яриатай эн чацуу” хэлсэн юм.
Рахманинов дуулаачны хөгжмийн их ур чадвартан бөгөөд Орос орноор барахгүй дэлхийд энэ салбарын бүтээлээрээ хамгийн хурц тодорсон хөгжмийн зохиолчийн нэг юм. Рахманинов энэ төрөлд 3 дуурь, “Хавар”, “Хонхны дуу” магтуунууд, 70 гаруй романс зэрэг зохиол үлдээсэн юм. Мөн “Хөгжмийн зохиолчийн уран бүтээл эх оронч үзэл санаа, өөрийн нь хайр сэтгэл, шүтлэг бишрэл, өөрт нь нөлөөлсөн ном зохиол, санаанд нь нийцсэн уран зургийг ч хүртэл тусган илэрхийлэх ёстой. Уран бүтээл амьдралын нь туршлагын үр дүн байх ёстой” гэжээ.
Рахманинов уран бүтээлийнхээ 2-р үеийн ихээхэн онгод тэмүүлэл дунд эрдэмтэн Асафьев “Рахманиновын барокко” гэж нэрлэсэн нилээд зохиол бичсэний дотор 2-р симфони, “Үхэгсдийн арал”, төгөлдөр хуурын 2-р сонат “Хонхны дуун” зэрэг зохиол юм. Түүний уран бүтээлийн ид цэцэглэлтийн үе 1917 оны эцэс хүртэл үргэлжилсэн юм. Тэр үед Орост хувьсгалт хөдөлгөөн өрнөж түүний уран бүтээлд ч сэтгэлийн хөдлөл, тэмүүллээр дүүрэн, ардач чанартай, хувьсгалын өмнөх их шуурганы айзам хэмнэлээр бялхаж байлаа.
Рахманинов Чайковский, Рубинштейн нартай уулзсанаа насан туршдаа дурсан биширч явсан бөгөөд Римский-Корсаков, Глазунов, Шаляпин, Чехов, Толстой, Бунин, Станиславский зэрэг нэрт уран бүтээлчидтэй ойр дотно байсан нь түүний урлал туурвилд нөлөөлжээ. Рахманинов бага насаа эртний Новгород хотын орчим өнгөрөөсөн бөгөөд тэр орчны байгаль ус, Новгородын олон сүмийн хонхны нүргэлэх дуу түүний сэтгэлд хоногшжээ. Хожим энэ бүхэн түүний хөгжмөөс эгшиглэн цууриатсан юм. Ийм зохиолын нэг нь төгөлдөр хуурын 2-р концерт юм.
1917 онд эх орноосоо гарч, хилийн цаана амьдрах болсон ба гадаадад гараад тэрээр зохиол бичсэнгүй. Үүнийхээ учрыг тайлбарлаж “Орос орноос гарснаас хойш бичих зохиох хүсэл минь үгүй боллоо, тэжээл шим авдаг хөрс минь үгүй гагцхүү эх орныхоо тухай дуртгал дурсамжаар амьдран чимээгүй суухаас өөр юм үгүй” гэж америкийн нэг сэтгүүлийн асуултанд хариулсан байна. Рахманинов эцсийн 3-р симфонио Орос орны тухай дуртгалаараа бичсэн учир энэ зохиолыг түүний намтар зохиол ч гэж нэрлэдэг. Энэ симфонийн сэдэв дуурьслын хэллэг, дүрийн илэрхийлэл зэрэг нь цөм Орос үндэсний зан төрхийг харуулахад зориулж орос ардын аялгууг авч хэрэглэсэн байдаг. Энэ бүтээлийг 1943 оны зун дайны үеэр ЗХУ-д хөгжимдсөн юм.
Төгөлдөр хуурын зохиолоороо романтик арга барилтай байсан бол симфони зохиолдоо Чайковскийн өвийг уламжлан хөгжүүлжээ. Рахманинов амьдралынхаа турш ихийг үзэж өнгөрүүлэхдээ реалист урлагийн төлөө байсан бөгөөд оросын хөгжмийн урлагийн хамгийн сайн сайхан өв уламжлалыг үргэлжлүүлж, дэлхийн түүхэнд давтагдашгүй хуудсуудыг бичиж үлдээсэн юм.
No comments:
Post a Comment