2011-01-18

Дарсны түүх, хэрэглэх соёл

Усан үзмийн модны төрлүүд анх 60-аад сая жилийн өмнөөс бий болсон байна. Мөстлөгийн болон дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд усан үзмийн төрлүүдийг устгасан ч дахин шинэ төрөл зүйлс бий болж шувуу, хөхтөн амьтан болон хүн хоол тэжээлдээ хэрэглэх болжээ.
Дарс олон мянган жилийн түүхтэй ундаа билээ. Усан үзмийн шүүс домбонд "санамсаргүй" дууссанаар түүний амтыг хүн анх мэдсэн домог буй. Дарс үйлдвэрлэгч орнуудын хууль журмаар зааснаар дарс гэдэг нь "усан үзэмний исгэсэн шүүс" ажээ. Гэвч өөр жимс жимсгэнэ, ногооны исгэсэн шүүсийг "дарс" гэж мөн нэрлэж хэвшжээ. Дарсны үндсэн түүхий эд болох "Vitis vinifera" буюу усан үзмийн ороонго нь хорвоогийн хамгийн эртний ургамал юм. Усан үзэм нь 15 сая жилийн өмнө үүссэн бөгөөд дарсыг 10 мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн гэж судлаачид үздэг. 7000 жилийн тэртээ эртний Египет, Ассир, Вавилон, Дундад Азид усан үзэм тариалж байсныг түүхчид нотолдог.

Египетийн пирамидууд сүндэрлэн босч ахуй тэр цагт Египетчүүд дарс хийдэг байсан агаад түүнийг зөвхөн баяр ёслолоор л ууж цэнгэдэг байжээ. Чихэрлэг шүүс согтууруулах шидтэй, улаан өнгөтэй гашуувтар ундаа болон хувирах нь эртний хүмүүст нэг л ид шидтэй зүйл шиг санагддаг байсан биз ээ. Тиймээс ч тэд дарсанд хүндэтгэлтэйгээр ханддаг байв. Газар дундын тэнгис, Ойрхи Дорнодын орнуудад дарс нь шашны зан үйлийн салшгүй бүрэлдэхүүн болдог байж. 3500 жилийн өмнө буюу критмений соёл иргэншлийн үед дарсыг ариун зүйл гэж дээдлэн өргөнөөр хэрэглэх болжээ. Усан галав юүлсний дараа Ной усан үзэм тариалж, дарс исгээд учир зүггүй ууж согтуурдаг болсон тухай "Хуучин Гэрээ"-д ч дурдсан байдаг. Дарсны тухай Эртний Грек, Ромын домог, туульсад олонтаа өгүүлсэн нь бий. Эртний грек, ромчууд дарсандаа үнэр, амт оруулагч өвс, ургамал нэмдэг, голдуу шингэлж, их хэмжээгээр уудаг байжээ.

Дунд зууны Европын яармаг худалдааны газруудын олонхи нь дарсны арилжаанаас ашгийнхаа ихэнхийг олдог байв. Дарсны анагаах чадлыг мөн л эрт дээр үед нээсэн юм. Эртний Грекчүүд "дарс хоол идэх хүслийг оргилуулж, нойрыг сайжруулж, бие бялдарыг чийрэгжүүлдэг" хэмээн үзэж, дайн тулаанд шархдагсдыг эмчилдэг байжээ. Гүн ухаантан Платон бие бялдарыг залуужуулах увидсыг нь үнэлж "өндөр настны сүү" хэмээн нэрлэсэн нь оргүй үг байсангүй. Дарсны анагаах чадлын тухай Гиппократ бичиж, суут эрдэмтэн Луи Пастер судалгаа хийж байв. Өнөө ч судлаач, эмч нарын дийлэнх нь "дарсны зохистой хэрэглээ хүний бие бялдарыг чийрэгжүүлдэг" гэж үзсээр...

Усан үзмийг өвөлдөө хэт хүйтэрдэггүй, зун нь удаан үргэлжилдэг нутагт тариална. Энэхүү шидэт жимсний мод элсэрхэгээс авахуулаад чулуурхаг, хатуу хөрсөнд ч ургадаг. Болц гүйцсэн усан үзмийн шүүс нь чихэр, ус, эрдэс давс, исгэгч гээд исгэхэд хэрэгтэй бүх бодисыг агуулдаг. Иймд шинэхэн шүүс өөрөө ч дарс болж хувирч мэднэ. Гэхдээ амттай, сайн дарс хийхийн тулд исгэх хугацааг нарийн чанд тохируулах учиртай. Түүнчлэн шүүсний хүчиллэг амтыг дарах зорилгоор ус, чихэр, исгэгч нэмдэг.

Дарсанд нөлөөлдөг хүчин зүйлүүд юу вэ?
1. Тариан талбай
Дарс хийдэг усан үзмийн тариан талбай нь цаг агаараас шалтгаалж дэлхий дээр хоёр нарийн бүслүүрт багтан оршдог. Үүнд эхнийх нь дэлхийн хойт хагасын 40-50 градусын өргөрөгт багтах Европын орнууд болон хойт америкийн орнууд хамрагдана. Нөгөөх нь өмнөд хагасын 30-45 градусын өргөрөгт хамрагдах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд хамрагдана.
2. Нар
Жилдээ хамгийн бага гэхэд 1300 цаг нар шарах буюу жилийн дундаж температур 9 хувиас илүү байж усан үзэм гүйцэд боловсордог.

3. Хөрс
Дарсанд нөлөөлөх гол хүчин зүйл бол хөрс. Дэлхий дээр хамгийн сайн хөрс Францад байдаг. Тиймээс Франц дарс гэж хүмүүс ярьдаг.

4. Модон торх
Торх нь давхар ёроолтой байдаг бөгөөд торхны багтаамж түүнийг хийсэн модны чанараас шалтгаалж, түүнд боловсрох дарсны хугацаа өөр өөр байдаг байна.

5. Үйсэн бөглөө
Үйсэн бөглөөг дарсны сайн нөхөр гэж нэрлэдэг. Тэрээр органик эд ба агших, тэлэх чадвартайгаас гадна түүний дотоод эсэргүүцэл маш өндөр тул хий бараг нэвтрүүлдэггүй, дарсыг ууршуулдаггүй байна. Үйсэн бөглөөний мод нь Газрын дундад тэнгисийн хавьцаа орнуудад ургадаг бөгөөд эдгээр моддын холтсыг хуулан авч, 6-24 сар хадгалсны дараа халуун усанд чанан боловсруулж, ариутгаад, тусгай технологиор зорох буюу шахах гэх мэтээр үйлдвэрлэн гаргадаг.
Дарсны үнэр
Дарсны амтаас гадна үнэр маш чухал. Дарсны төрөл бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй. Энэхүү үнэр нь хөрс, усан үзмийн сорт, хураах цаг, хадгалагдсан хугацаанаас шалтгаалж өөр өөр байдаг. Үнэрлэсний дараа дарсны амтыг амталж мэдэрч дарсны чанарыг тогтоодог. Дарс хэдийчинээ удаан хадгалагдана түүний амт улам зөөлөн болж, чанар нь сайжирдаг. Дэлхийд дарсаараа Франц, Итали, Австри, Герман, Унгар, Гүрж, Австрали, Болгар, АНУ/Калифорниа муж/ тэргүүлдэг байна.

Дарс зооглох соёл

Эрэгтэй хүн өдөрт 3, эмэгтэй хүн 2 хундага дарс уух нь эрүүл мэндэд тустай байдаг ажээ. Учир нь найрлаган дахь спиртийн хэмжээ бага, 12 хувь байдаг нь түүнийг ийм чийрэгжүүлэгч, эрүүлжүүлэгч бодис болгожээ. Мэдээж алив зүйл хэмжээнээсээ хэтэрвэл эм биш хор болдог.
Дарсыг зөвхөн ууж таашаал авахаас гадна гоо сайхны зориулалтаар мөн хэрэглэдэг байна. Жишээлбэл, Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод дарсны гоо сайхны эмчилгээний газар цөөнгүй бий. Тэнд дарсаар тэжээлийн түрхлэг, тос хийдэг гэнэ. Учир нь дарс хүний арьсыг эрүүл, уян болгодог. Дарс үйлдвэрлэл, экспортоороо Франц, Итали, Испани, Аргентин, Герман, АНУ зэрэг орон дэлхийд тэргүүлдэг байна.

Дарсны төрөл зүйл
Өнгө, амт, үнэр, спиртийн агууламж, тариалсан хөрс, исгэсэн газар, ургуулсан нөхцөл, гаргасан сорт зэргээрээ дарс бүр ялгаатай. Дарсны үндсэн дөрвөн төрөл бий. Үүнд:
1. Намуун дарс (өөрөөр хэлбэл хөөсөрдөггүй дарс)
2. Оргилуун дарс: үүнд шампанск орно. (14-өөс доош хувийн спирт агуулна)
3. Хүчжүүлсэн дарс: портвейн, херес гэх мэт (16-21 хувийн спирттэй)
4. Амт үнэр оруулсан дарс: тухайлбал вермут (15-20 хувийн спиртийн агуулгатай)

Дарс хүртэх ёс
Хүн төрөлхтөн дайн байлдааны ялалт, баяр ёслолоо дарсаар амталж, гуниг гашуугаа дарсаар тайлж иржээ. Тиймээс ч дарс хүртэх нь эртний уламжлалтай, нарийн чанд ёс дэгтэй. Дарсны анхны хундага нь хүний гар байв. Хожим нь хүн мод, шавар, хулуугаар аяга, тагш, таваг хийж, хийц хэлбэрийг нь сайжруулсаар иржээ. Ихэс дээдсийн алт, мөнгөн цом, чулуу, арьс, яс, төмрөн савнуудаас он жилийн уртад шилэн хундага товойн ялгарчээ. Өдрийн болон үдшийн зоог, хүлээн авалтын үед 3-4 төрлийн дарсыг хоол бүрт зохируулан хэрэглэнэ. Уухдаа мөрдөх дэг ёс бас бий. Хундагыг дүүргэлгүй тал юмуу дээд амсарт нь 2 см дутуу аягална. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттангаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавина.

Дарс хүртэх соёл
Аливаа дарс нь газрын хүч, нарны дулааныг шингээсэн гайхамшигт ундаа учир түүнийг хүртэхэд сэтгэл эрхгүй баясдаг. Хундаганд дарсыг аягалсны дараа түүний өнгө байдлыг анхааралтай ширтэж, таашаал авсны дараа л уруулаа хүргэн амталж ууна. Дарсаар дайлахад баримтлах журам бий. Үүнд хамгийн түрүүнд хөргөсөн дарс түүний дараа халаасан дарс тавина. Сайтар хөргөсөн оргилуун дарсыг дайллагын төгсгөлд өгдөг ёстой. Цагаан дарс, ликёр дарс, вермутийг хөргөж жүнзэнд гуравны хоёрыг дүүртэл аягална. Вермут, зөөлөн архийг мөс, нимбэгтэй өгнө. Гашуун дарсыг заавал хөргөж тавих учиртай. Хуучин улаан дарсыг онгойлгосон даруйдаа хэрэглэдэг бол цагаан, ягаан дарсыг яг уухын өмнө задалдаг. Улаан дарс эрүүл мэнд, таашал авахад, ягаан дарс дурлалд, цагаан дарс цангааг тайлахад зориулагдсан гэж францчуудын ярьдаг учиртай. Тиймд цагаан дарсыг зуны ид халуун үед 5-8 дугаар сард уух нь зүйтэй.

No comments:

Post a Comment