2011-01-02

Хэвлий дэх хүүхэд


Таны дотор шинэ амьдрал эхэлснээс хойш 6 сар болжээ. Дахиад 3 сар өнгөрөхөд таны зүрхэн дороо тээж буй хүүхэд төр, гэр бүлд аз жаргал, баяр хөөр авчирна.
4 сартайгаасаа эхлэн хүүхэд хөдөлж эхэлдэг бөгөөд, харин хэдхэн сарын дотор аймар сахилгагүйтдэг болно. Зөвхөн хөдлөх биш, гадаад ертөнцөд болж буй зүйлийг мэдэрч, сонсдог юм.

Тэр сонсож байна
Жирэмсний 2 дахь хагасаас эхлэн хүүхэд чанга дуу чимээг мэдэрч, хариу үйлдэл хийнэ. Энэ нь зүрхний цохилт хурдсах, хөдөлгөөний хурд өөрчлөгдөх зэргээр илэрнэ. Сонсголын эрхтэн хурдацтай хөгжиж эхлэх бөгөөд 26 долоо хоногоос эхлэн төрөл бүрийн дуу хоолойг ялгах чадвартай болно.

Төрөх хүртэл сонсгол чухал үүргийг гүйцэтгэнэ. Авиан мэдээлэл хэр авах нь хэвлийд хэрхэн байрлаж буйгаас хамаарна. Хэрвээ хүүхэд доошоо харсан байвал эргэн тойрноо илүү сайн сонсох юм. Харин эсэргээр дээшээ харвал, гадаад ертөнцөөс илүү эхийн зүрхний цохилтын хэмнэлийг сонсдог байна.
 
Хүүхэд 2 төрлийн авиа сонсоно
Дотоод ба гадаад. Таны хэвлийд их дуу чимээтэй байдаг гэвэл та итгэх үү? Сүүлийн 3 сараас эхлэн хүүхэд бусад хүмүүсийг болон гадаад дуу чимээг сонсож эхэлдэг байна.  Таныг сонгодог хөгжим сонсоход тэр тайвширч, харин хурдан буюу хэмнэлттэй хөгжим сонсвол улам хөдөлгөөнд орж, бүжиглэх маягтай болдог. Хүүхдийн яаж сонсох нь зөвхөн түүний байрлалаас гадна эхийн биеийн жингээс болон усны хэмжээнээс хамаарна. Эмэгтэйчүүд голдуу бэлхүүс хавиар таргалдаг учир, өөхөн давхарга гадаад ертөнцийг сонсоход бэрхшээлд учруулна. Хэрэв та ус ихтэй бол дуу чимээг саармагжуулж өгнө. Харин туранхай бол хүүхэд илүү сайн сонсоно. Таньд хэвлий дэх хүүхэд юу сонсдог нь сонирхолтой байвал, дүүрэн устай ваннд орж хэвтээд хүмүүсийн ярихыг чагнаарай.

Тэр амт мэдэрнэ
5 сараас 7 сарын хооронд урагт амт мэдрэх эсүүд, нас бие гүйцсэн хүнийхээс хэд дахин илүү байдаг байна. Харин төрсний дараа тоо нь эрс багасдаг юм. Үүнийг эрдэмтэд ийм нарийн мэдрэмж нь хүүхэд төрсний дараа түүнд хэрэггүй болдгоос яваандаа үхждэг гэжээ. Мэдээж хэвлий дэх хүүхэд, хоолыг хүйсээрээ дамжуулан авна, өөрөө амаараа идэхгүй, гэхдээ савны уснаас амталж мөн шээнэ. Энэ явдал нь түүний бөөр, уушгинд хэрэгтэй. Хэвлийн усанд олон төрлийн бодис байдаг. Тэр дундаа чихэр ба давс. Хүүхэд алинд нь илүү дуртайг мэдэхийн тулд эрдэмтэд нэгэн туршилт хийжээ. Тэд хиймлээр савны усанд давсны орцыг ихэсгэхэд, хүүхэд усыг дурамжхан ууж харин сахар ихэсэхэд дуртай ууж байв.

Тэр хардаг
Хэрвээ эх гэдсээ хурц наранд ил гаргавал хүүхэд зөвхөн бараан улаан өнгө харна. Хүүхдэд нарны гэрэл тааламжгүй байдаг бөгөөд гэрлээс зугтаж байрлалаа өөрчилдөг нь хэт авиан дэлгэцэн дээр тод харагддаг. Гэхдээ ургийн нүд үргэлж аниастай байх бөгөөд, зөвхөн 9 дэх сарын сүүлээр л гүйцэд бүрэлдэж, юм харахад бэлэн болдог байна. 16 долоо хоногоос эхлэн, хүүхдийн зовхи хөдөлж эхлэх бөгөөд, 26 долоо хоногоос үе үе нүдээ нээж эхлэх юм.
 

Тэр мэдэрч байна
10 долоо хоногоос ураг өөртөө хүрэхийг мэдэрч эхэлнэ. Дараа нь тэр хөдөлж, өөрийнхөө биеийг сонирхоно. Энэ явдлыг хэт авиан дэлгэцээр ажиглахад, тэр нүүрэндээ хүрч, хөл гараа нугалж тавина. Хүүхэд эрхий хуруугаа хөхөн, хүйсээрээ тоглоно. Харин ихэр хүүхдүүдийг ажиглахад тэд байн байн нэгнийхээ толгойг илж, цохидог байна.

Тэр өвдөлтийг мэдэрнэ
24 долоо хоногоос эхлэн хүүхэд өвдөлт мэдэрч эхэлнэ. Тиймээс төрөөгүй хүүхдэд хагалгаа хийхдээ зайлшгүй хүйсээр дамжуулан унтуулах тариа хийдэг юм.

Харин 40 долоо хоногийн дараа тэр төрж, ээжийгээ бүх мэдрэмжээрээ судалж эхэлнэ. Ээжийгээ сонсож, сүүг нь хөхөж, нүүр рүү нь анхааралтай харж, илэхийг мэдэрнэ.

No comments:

Post a Comment