2011-01-21

Гэр бүлийн харилцаа

Хүний биед цус маш чухал үүрэгтэй адил харилцаа хайртай хүмүүсийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харилцан ярилцахгүйгээр ямар ч дотны харицаа үүсэн бий болох боломжгүй. 
 
Гэр бүл болно гэдэг нь хосууд маш том, олон өрөөтэй байшинг эзэмшиж авч байгаатай адил юм. Тэд байшингийнхаа бүх өрөөнүүдийг ашиглаж, маш олон үйл ажиллагаа зохиож гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэх болно.
Харамсалтай нь ихэнх гэр бүлүүд гэр бүл болоод удалгүй өрөөнүүдээ ашиглахаа больж өрөөнүүдээ цоожилж орхидог. Энэ нь гэр бүлийн гишүүд хамтдаа бие биенийгээ таньж мэдэх шаардлагагүй гэсэн байдалтай харьцаж байгааг илэрхийлсэн зүйрлэл юм. Цоожтой хаалгаа онгойлгох хэрэгтэй гэж бодсон ч маш олон асуудлууд, бухимдалтай учирдаг. Тэр олон түлхүүрүүд дотроос таарах түлхүүрээ олж авч чаддаггүй. 

Залхсан гэр бүлүүд цөөхөн онгорхой өрөөнүүддээ л амьдардаг. Бүх хаалгыг онгойлгодог гол түлхүүр гэж байдаг. Хосууд хамтдаа энэхүү гол түлхүүрийг эрж хайх хэрэгтэй ба энэ нь тийм ч амар байхгүй байж болох юм. Гэвч гэр бүлийн амьдрал  гэдэг өөрөө тийм ч амархан зүйл биш шүү дээ.

Хэрхэн харилцах вэ?
Харилцаанд 3 хэлбэрийг хоршуулан, бие биенээ дэмжсэн байдалтайгаар ашиглах хэрэгтэй. Америкийн сэтгэл судлаач харилцааны 3 хэлбэрийг дараах байдлаар хувиарлаж гаргасан байна. 
- Утга санаа өгүүлсэн үгс - 7% 
- Ярианы өнгө - 38% 
- Үйл хөдлөл - 55%  
Хосууд дээрхи харилцааны 3 хэлбэрийг буруугаар ашигласнаас болоод буруу мэдээлэл дамжуулдаг.  

Жон Павел "Би өөрийгөө хэн болохыг чамд яагаад мэдэгдэхийг хүсдэггүй вэ?" гэсэн номондоо харилцааны 5 шат дарааллын талаар өгүүлсэн байдаг. 

Тав дахь үе шат: 
Энгийн сэдэв. Ийм харилцан яриа аюул багатай байдаг. Бид энгийн сэдвээр харилцахдаа "Сайн байна уу?", "Чиний даашинз надад маш их таалагдаж байна" гэх мэт үгсийг ашигладаг. Ийм харилцааны үед хувийн асуудлыг хуваалцдаггүй, нууцаа хамгаалсан байдлаар бие биедээ ханддаг. 

Дөрөв дэх үе шат:  
Бусдын талаарх баримтыг тайлагнах. Энэ үед бид 6 цагийн мэдээгээр гарсан мэдээлэл, хов жив, бусад төрлийн сэдвүүдээр ярилцдаг боловч эхнэр/нөхөр өөрсдийн санаа бодлыг хуваалцдаггүй. 

Гуравдахь үе шат:
Санаа бодол болон шүүмжлэл. Энэхүү үеэс эхлэн хүмүүс жинхэнээсээ харилцаж эхэлдэг. Харилцаж байгаа хүн хамгаалалтын бүсээс аажмаар цухуйж өөрийн бодол санаа, шийдвэрүүдээс хуваалцдаг. Гэсэн ч ярилцаж байгаа хүнтэйгээ болгоомжтой ханддаг. Өөрийн хэлсэн үгсийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдсэн үедээ хэлэх үгээ нөөцөлж эхэлдэг. 

Хоёр дахь үе шат:
Сэтгэлийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн. Энэ үедээ хүмүүс дотоод сэтгэлийн мэдрэмжээ хуваалцдаг. Харилцаж  байгаа хүмүүстэй өөрийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийг хуваалцах нь дотно харилцаанд орж байгаагын илрэл. 

Нэгдүгээр үе шат: 
Сэтгэлийн мэдрэмж болон хувийн асуудлаа бүрэн хуваалцсан харилцаа. Гүн гүнзгий харилцаа бүрэн нээлттэй, чин сэтгэлийн яриан дээр үндэслэгддэг. Хэрэв та харилцаагаа зузаатгахыг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ харилцах шаардлагатай болно. Бид бусдыг хүлээн зөвшөөрснөөр тухайн хүний хэлсэн үгийг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Өөрийн сэтгэгдлийг хуваалцаж байгаа хүний санаа бодлыг ойлгож, ухаарна гэдэг бол тухайн хүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Энэ нь эхнэр нөхөр хоёр бие биенийгээ хүлээн зөвшөөрч  эрүүл харилцааг бий болгох нь гэр бүлийг хадан суурин дээр барьж буй хэрэг юм.

No comments:

Post a Comment