2011-01-02

Хүүхдээ зовоосон аав

Эхнэр минь жирэмслээд 3 сар болсны дараа миний сэтгэлд ад шүглээд зүгээр сууж чадсангүй. Би хар багаасаа ертөнцийн гоо сайхнаас хол хөндий өссөн болохоор үр хүүхдүүд минь хожим над шиг бүү болоосой гэсэндээ эхнэр хүүхэд 2 дээрээ нэгэн туршилтыг хийхээр сэтгэл шулуудсан юм. 
Тэр нь хаа нэгтээгээс эхийн хэвлий дэх ураг хорвоогийн чимээг сайн сонсдог тул аав ээжийнхээ ярианы чанга сул, өндөр нам, сэтгэлийн хөг аясыг сайтар ялган мэдэрснээс ирээдүйн хүмүүжил нь төлөвшиж, уураг тархины эд эс нь гадны мэдээллээс хамаарч хөгждөг. Тиймээс эхийг нь тайван байлгаж, урагт нарны илчийг мэдрүүлж, аялгуу дууг сонсговоос хүмүүн болоход нь сайнаар нөлөөлдөг гэж сонссоноос үүдсэн хэрэг юм. Би эхнэртээ өглөө болгон Моцартын 40-р симфонийг сонсгодог байлаа. Нааш ч үгүй, цааш ч үгүй ердөө 7 мин 40 сек үргэлжилдэг. Сонсоход сэтгэл хөгсөж, зүрхний лугшилт түргэсэн, чамархайн судас чинэрээд ирдэг гайхам аялгуу. Нэн ялангуяа Венийн яруу тунгалаг найрал хөгжмийн тоглолт гоц болохоор түүнийг л сонгож эхнэрээ уурлуулан бариулан, өшиглүүлэн тийрүүлэн чихэн дээр нь бархируулдаг байлаа. Дан ганц Моцартаар хязгаарласангүй. Бетховений 5, 9-р симфони, Бородины Кипчагуудын бүжиг, тэр дундаас цолгорох бүсгүйн нарийн цээл хоолой, Россинигийн Вильгельм Телль, Глинкагийн Алдаршихтун, Бизегийн Кармен гээд л аль л таалснаа аваачиж эхнэрийнхээ гэдсэнд наадаг байлаа. Сүүлдээ эхнэр минь хөгжимд дурлан надаасаа 7-н дор юм болж Вагнерын Валькирийг сонсож зүрх хагалах шахсан удаатай. Германы хүнд бөмбөгдөгч онгоцныхон энэ хөгжмийг сүлд дуугаа болгоод нислэг болгондоо үүгээр үдүүлдэг байсан гэлцдэг. Бас Гитлер түүний нэг ч нотыг хаялгүй исгэрч чаддаг байсан гэдэг. Хүнд хөгжим. Хүүгээ гаран гартал бид 3 хөгжмөө сонссоор. 
 
Хүү төрлөө. Тэр үед нэгэн сайн санаатан нь надад хүүхдэд Моцартын хөгжмийг сонсговол тархины эд эс маш түргэн хөгжиж, хүүхэд гасан /вундеркинд/ болоход нөлөөлдөг гэж хэлсэн тул түүний эрэлд хатлаа. Эрвэл олддог гэж үнэн юм билээ. Өрнөдөд Mozart effect гэсэн бүхэл бүтэн аргачлал байдгийг ч мэдэв. Өнөө Mozart effect гэдэг нь 0-3, 3-6, 6-9 сартай хүүхдэд зориулсан хөгжим гэж ангилсан байдгийг мэдэв. Уйгагүй л тавиад сонсгоод байлаа. Хүү сонсдог эсэхийг ч мэдэхгүй. Эхний 3 сар унтаад л байв. Зүгээр унтаад байна уу хөгжим нөлөөлөөд байна уу гэдэг нь үл мэдэгдэнэ. 4 сартайгаас хүүгийн нойр багасч хөдөлгөөн нь ихсэв. Хөгжмөө сонсгосоор л. 

Нэг удаа хөгжмийг нь тасалтал гэнэт уурлаж эхнэр бид 2-ыг шоконд оруулдаг байгаа. Толгойгоо өндийлгөж ирээд юм хэлэх гэсэн мэт орилсон юм даг. Үргэлжлүүлээд тавьтал эргээд гараа дэрлээд хэвтэхэд нь сая түүнийг хөгжим сонсож байгааг мэдсэн юм. Түүнээс хойш эхнэр бид 2 түүнийг хөгжим сонсдог, мэдэрдэг, тактыг гүйцээлгүй тасалбал уурладаг болохыг олон зүйлээс харж анзаарсан. Үүнд урамшсан би энд тэндээс сонгодгуудыг авчирч сонсгодог боллоо. Хүү минь өнөөх 40-р симфони, Моцартын төгөлдөр хуурьт зориулсан аязууд, Турк марш, Алибиевын Соловей, Бетховений Элизе-д, Георгий Свиридовын Пушкинина, Нона Ротагийн Ромео Жульетта 2 /1968 оны/ киноны хөгжмийг одоо хүртэл сонсох дуртай билээ. 9 сартайд нь нэг удаа зурагтаар хүүхдүүд ярьж байтал цаана нь Элизе-д эгшиглэхэд хүү минь бондгосхийн эргэн хараад аяыг даган найгахад нь эхнэр бид 2 магнай хагартлаа баярлацгаасан юм даг. 
  
Дараа нь 2-уулаа зориуд туршиж хүүгийнхээ ард нь зогсоод аль 1 дуртай аяыг нь аялахад хүү минь заавал эргэж хардагсан. Үүнээс бид хүүгээ ямар ч байсан хөгжмийн сонсголтой юм даа итгэх болсон нь хожим батлагдаж билээ. Одоо би өмнө өгүүлсэн хөгжмүүдийг сонсох бүрийдээ хөгжмөө тавьчихаад хүүгийн царай хэрхэн хувирахыг анхааран суусан өдрүүд минь санагдаж, хүү бид 2 хөл нүцгэнээр шүүдэрт цэцэгсийн цомирлогийг өшигчин өвдгөө норгосоор үүрийн гэгээнд ойн цоорхойд өөд өөдөөсөө хүү минь, аав аа гэж эр хүн шиг алхалж байх шиг болдог юм.

No comments:

Post a Comment