2011-01-16

н.Чулуунбаатар - Аавдаа бичсэн захидал

Энгэрийн тань үнэр сэтгэлд үгүйлэгдэхийн цагт
Ээжээсээ илүүтэйгээр таныг л санадаг шүү ааваа......
 
Он жилүүд хөвөрсөөр одоо хүү нь том хүн болжээ
Ээжээсээ таныг нэхэн зовоодог байсан үр чинь ээжээсээ өндөр боллоо
Эгч нараасаа өөр хүнтэй ярьж чаддаггүй би чинь эхнэр авах насанд хүрлээ
Эцэг таны удмыг үргэлжлүүлэх эрийн цээнд очлоо аав минь

Таныг үдсэн тэр зэврүүн салхитай өдөр хүүхэд насаа гээсэн
Танхилхан хоёр хүү чинь баганаа түшээд үлдсэн
Харуусалдаа дийлдсэн ээжийгээ хоёр талаас нь сугадсан
Хөөрхий хоёр охин чинь сэтгэлээ чангалж сүлжсэн
Сайхан залуу ээжийн минь санчиганд нь өнчин хяруу үлдээж
Санаа сэтгэл, залуу насыг нь самраад булингартуулан
Үүрдийн хагацал үхэл байдгыг үрсдээ ойлгуулчихаад
Өөрөө та чив чимээгүй ганцаархнаа явчихсан.
Хаашаа гэдгийг тань мэдсэнгүй ээ ааваа

Таныг байхгүй өдөр тал нар мандаж, шөнө сар гардаггүй байсан
Таныг байхгүйд түлсэн гал асаж төвдөхгүй дүлэгнэж цай буцалдаггүй байсан
Таныг байхгүй өдрүүд саарал өнгөөр дүүрэн байдаг
Таныг байхгүй сар жилүүд хамгаас удаан өнгөрсөн ааваа

Гэвч хацар дагасан нулимс хатаж амжаагүй байхад
Хайлаас дөрвөнтөө хагдарч, тавантай дэлгэрчээ
Харууслын манан сэтгэлээс арилж дуусаагүй байхад
Хэдийнээ таван жил өнгөрчээ.

Таныг үдээд уйлж байсан хүү чинь өнөөдөр таньд захидал бичин сууна
Тэнгэрлэг эцэг таныхаа өлмийд сөгдөн өчин байна

Ааваа хүү нь
Нуурын шувуудыг үргээж тоглодог байснаа нугасанд үүр засдаг боллоо
Нулимсаа гадагш урсган эрхэлдэгээ болиод дотогшоогоо унаган дотроо гуниж эхэллээ.
Хэнд ч хэлээгүй зүйлсийг таниас асуух гэж хадгалан
Хүн бүхнээс нуусаар хэлэх үг минь зарим нь гээгдлээ

Та
Үүлэн чөлөөгөөр тусах нарны тусгал байсан юм уу
Үдшийн тэнгэрт харвах од байсан юм уу
Ганцаардал цөхрөл, гуниг харууслаар дүүрсэн
Ганцхан миний тавилан байсан юм уу

Дуулаагүй дууны минь оргил
Дуудах нэрийнхээ төгсгөл байсан юм уу
Хэнзлээгүй үлдсэн яргуйн дэлбээ
Хэлээгүй мөрөөдлийн минь хяслан байсан юм уу

Би
Аваагүй бүхнийхээ бурууг танд тохож амсаагүй жаргалын гэмийг хамаатуулж
Хүссэн зүйлсийнхээ өрийг таниас нэхэж хөөрхий ээжийгээ зовоосоор ирсэн
Элэг бүтэн бүхэнд атаархаж хорсон өөрийгөө шаналгаж
Энэ өнгөрсөн жилүүдийг харууслаар дүүрэн өнгөрөөжээ

Ааваа та
Буруу бүхнээ хүлээн уучлал гуйж чадах сэтгэлтэй
Буурай намайг үлдээсэн хүн- бурхан байсан
Бүхнээ орхиод ганцхан ээжийгээ хайрлаж чадах
Бүтэн сэтгэлтэй эр хүн үлдээсэн үнэнч сэтгэл ээ.

Хамгаас хайрт эх нутгаа харьтнаас хамгаалахдаа
Халуун зүрхээ зориулж дэлбэрч чадах
Хэзээ ч дуудсан жагсах мөнхийн дайчин үлдээсэн
Хэнээр ч үнэлүүлэхгүй цэргийн хурандаа байсан.

Миний аав
Орчлонд жаргал амссаныхаа төлөөсийг төлсөн өргүй эр хүн
Одоо ч сэтгэлдээ хайрласаар байгаа миний ээжийн мөнхийн хайр
Хүрээгүй бодлын минь зах хязгааргүй орон зай
Хүсээгүй зовлонгын минь хатуужин гарах сэтгэлийн тэнхээ

Ертөнцөд дуудуулсан ер бусын нэрийг тань
Хүү нь дандаа өргөж явна аа
Ерөөлөөр учрах тэрхэн өдөр
Хоёр гардан золгоё доо ааваа

Энгэрийн тань үнэр сэтгэлд үгүйлэгдэхийн цагт
Ээжээсээ илүүтэйгээр таныг л санадаг шүү ааваа......

No comments:

Post a Comment