2011-01-02

Болор-Эрдэнэ - Сүүлчийн бороо

Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.
Сүүлчийн бороо эхлээд зөөлхөн шиврэн байснаа аажимхан том том ширхэгээр солигдож, бүхий л ертөнцийг усанд авахуулахаар яарах мэт битүү нэгшин асгарав. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бороотой ханьссан дурсамжаа тээн гудамжиндаа гаран шуугилдаж, сүүлчийн борооны эс ширхэг бүрийг биедээ шингээхээр хөл тавих зайгүй шахам түлхэлдэнэ. Бүгдийнх нь нүүр тэнгэр өөд ширтэж, амандаа “Бороо бороо бороо” гэсэн үгсийг өөр өөрийн хэл дээр шивнэнэ. Хүмүүс бороотой салах ёс хийхдээ борооны ширхэг, дусал бүрийг амтлан үзэх ажээ. 
 
Төрж амжаагүй хэвлий дэх үрээ бороо гээч гайхамшгийг үзэж амжихгүйнх нь төлөө харамссан ээж нар уйлж байсан юм. Бороо орж байхад анх учирсан хосууд дурсамжаа задлахаар бие биенээ хайн тэмүүлж, олны хөлд даруулчих шахан гүйлдэнэ. Хүүхдүүд бяцхан алгаа тосон хөөрөн дэвхцэж, “сүүлчийн бороо, сүүлчийн бороо” хэмээн хашгирна. 
 
Тэд энэ үгийг шидэт шившлэг хэмээн санасан бололтой. Хүмүүс бүгд уйлж байсан ч борооны дусалтай хамт хацар даган урсах нулимсаа “бороо” л гэж бодож байлаа. Энэ өглөө нэг л албан газар, нэг ч үйлчилгээний байгууллага ажлаа хийсэнгүй. Сүүлчийн бороо гэмт хэрэгтнүүдийг хүртэл гудамжинд гүйн гарахад хүргэсэн бөгөөд бороотой салах ёс хийхээр тэмүүлсэн хүмүүсээс нэг нь ч хохироогүй хэрнээ бүгд гашуудсан нүдээр тэнгэр ширтэж байлаа.
Энэ их чимээгүй үймээн дунд газар шагайн зогссон нэгэн эр хоржоонтойгоор инээд алдав. Хүмүүс түүний энэ өөдгүй, аминч үзлийг зэвүүцэн гайхаж, сүүлчийн бороо орж байхад цор ганцаараа инээд алдан зогсож байгаа хатуу сэтгэлийг нь хараан зэмлэжээ. Харин мань эр тэднийг эсэргүүцэж,
- Хүмүүс та нар л хамгийн аминчхан үзэлтэй улс юм. Хар л даа. Үнэндээ энэ өглөө борооны ширхэг ч дусал газар унасангүй гэжээ. Хүмүүс түүний юу гэх гээд байгааг гайхан харвал,
- Өвс ургамал, мод чулуу, газар шороо ч бас борооны дуслыг хүртэхээр тэмүүлж байна.
 
Харин та нар тэнгэрээс асгарах тэр их хурыг зөвхөн өөрсдийнхөө сэтгэл рүү шингээчихлээ. Газарт унасан бороо удахгүй дахин орох ч байсан байж мэдэх юм. Харин түүнийг нь та нар маргааш өглөө хатаахаар тавилах хувцсандаа үүрд шингээчихлээ.

No comments:

Post a Comment