2011-01-18

Дарсны тухай

Дэлхий дээрх дарсны нэр төрөл хэдэн арван мянгад хүрдэг. Тэгээд ч жил бүрийн усан үзмийн шинэ ургацийн дарс өмнөх жилүүдийнхээс өөр амт чанартай болдог.

Хэрхэн ялгах вэ?
Мэдээж, лонхны шошгон дээр дарсны тухай бүгдийг бичсэн тул уншаад л болно гэх хүмүүс бий. Гэтэл энэ нь тийм ч найдвартай арга биш бөгөөд хуурамчийг жинхэнээс ялгахад төвөгтэй байдаг. Олон мянган жил хэрэглэж ирсэн хамгийн найдвартай нь амтлах буюу латинаар “degustare”.
Ер нь "анализ" хийнэ гэдэг нь дарсыг ажиглах, үнэртэх, чагнах, өнгийг шинжих, амтлахыг хэлнэ. Дарсны өнгийг гаднаас нь харж шинжиж байж тунгалаг эсэхийг нь тодорхойлдог.

Тунгалаг чанар
Орчин үед усан үзмийн дарс нь маш тунгалаг байдаг болсон гэх. Дарсны тунгалаг чанар нь дарс амталгааны хамгийн анхны үнэлгээ болдог. Тунгалаг чанарыг хоёр янзаар тодорхойлно. Нэг нь хажуугийн гэрэлд, нөгөө нь нэвт гэрэлд харах. Ингэхдээ та гэрлийн наад талд нь зогч дарсаа ажих хэрэгтэй бөгөөд гэрэл үүсгэгчтэй нэг шугаманд байж болохгүй. Хэт хурц гэрэлд дарсны булингар харагддаггүй бөгөөд хундагатай дарсыг нэвт туссан гэрэлд барихад жижиг булингартай хэсгүүд нь тод харагддаг. 
Гүн улаан өнгөтэй дарсны тунгалгийг тодорхойлох хамгийн оновчтой арга бол гэрэл багатай бүүдгэр орчинд ажих гэнэ. Тухайлбал, лааны дөл зэрэг сулхан гэрэлд дарсны хамгийн үл анзаарагдам “дефектүүдийг” илрүүлж болдог. Дарсыг болор мэт тунгалаг, тунгалаг, тоостой, бүдэг, булингарлаг, булингартай хэмээн ангилдаг. Олон жил дарсан хуучны дарсанд зарим үед тунадас үүсдэг нь чанар муутай гэсэн хэрэг огтхон ч биш гэнэ. Харин ч энэ нь дээд зэргийн, он удаан жил хадгалсан үнэтэй дарсны шинж болдог байна.

Дарсны өнгө
Дарсны өнгө нь чанарыг тогтоох гол шинж. Өнгөний хувьд улаан, ягаан, цагаан өнгөтэй байна. Гэхдээ цагаан өнгөтэй дарс гэхэд маш олон янз. Бараг өнгөгүй шахуу тунгалаг цагаанаас эхлээд цайвар ногоон, цайвар шар, шаргал туяатай гэх мэтээр ангилдаг. Харин хүрэн туяатай бол уухад тохиромжгүй, хэт исгэлэн болсны шинж. "Хар" хэмээн нэрлэх цагаан дарсны олон төрөл бий. Эдгээр дарсыг удаан хугацаагаар торхонд хадгалдаг бөгөөд хатуу, дессертны дарсууд багтана. Ийм төрлийн дарснууд нь шаргал, гэгээтэй хүрэн заримдаа бүр бараан хүрэн өнгөтэй байх нь малага төрлийн десертны дарс юм.
 
Ягаан өнгийн дарс нь хүрэн улаан усан үзмийн сортоор хийсэн байдаг. Ягаан өнгийн дарсыг улаан, цагаан дарсны завсрынх гэж үздэг. Амт үнэрийн хувьд цагаан дарстай төстэй, харин өнгө нь улаан. 
Улаан өнгийг усан үзэмний хальснаас гаргаж авдаг. Цайвар улаанаас хүрэн улаан гээд бүх төрлийн улаан өнгийг ялгаж гаргадаг тул шинэ ургацийн дарс улаан өнгөтэй байдаг юм. Ийм дарсыг олон жил дарах тусам улам цайдаг. Дарсны тунадасыг бүдэг гэрэлд шалгадаг бол харин өнгийг байгалийн гэрэлд цагаан цаас эсвэл бүтээлэгний өмнө барьж хардаг.

Дарсны үнэр
Усан үзэмний сорт бүр нь өөрийн гэсэн өвөрмөц содон үнэртэй. Дарсны үнэрт нөлөөлдөг 500 гаруй ургамлын болон химийн бодис бий.

Усан үзмийн: Хамгийн энгийн түгээмэл үнэр. Жирийн сортын усан үзмээр хийсэн дарс ийм үнэртэй. Гол төлөв хоолны дараа ууна.
Жимсний: Каберне, бастардо, магарача сортын усан үзэмнээс гаргаж авсан дарснаас хар чавга, хад, интоор үнэртдэг. Сайн чанарын портвейноос харин алим үнэртдэг юм.
Усан үзэм жимсний үнэр хосолсон: Энэ бол шинэ ургацийн дарсны "гэрч". Самарны, цэцгийн, зөгийн балны, давирхай, шилмүүст мод, намрын унасан навчисны, мөөгний гэх зэрэг дарсны чанарыг илэрхийлсэн олон янзын үнэр бий. 

Харин ямар үнэртэй дарсыг та хэрэглэж болохгүй вэ?
Дарсны үйсэн бөглөөний үнэр, исгэлэн үнэр, уксус цууны үнэр ханхалбал тухайн дарсыг бараг хор болсонд тооцож уухаас шууд татгалзах ёстой. Дарснаас ялгарах үнэр сул, дунд, хүчтэй гэсэн гурван янз байдаг. Каберне, мускат, траминер сортын усан үзэмнээс гарган авсан дарс маш хүчтэй үнэр ялгаруулдаг. Харин алиготе болон бусад хагас хуурай дарснууд маш сул үнэртэй.
 
Сайн чанарын дарснууд нь ганц нэг содон үнэртэй байдаггүй, бүр олон төрлийн холилдсон үнэртэй байдаг. Гол нь үүнийг л ялгаж сурах хэрэгтэй .

 
Дарсыг үнэрлэх арга тун энгийн. Хундагатай дарсыг хамартаа аажмаар ойртуулж холдуулахад үнэр үлдэж хоцорно. Дараа нь хундагаа эргүүлж дарсаа холиод дахин хамартаа ойртуулахад үнэр улам хурц болсон байх ёстой.

Дарсны амт
 
Хүний хэл нь дөрвөн үндсэн амтыг ялгаж мэдэрдэг гэнэ. Тодруулбал, чихэрлэг, исгэлэн, гашуун, шорвог амт. Тэгвэл дарс ч бас хүчиллэг, чихэрлэг, спиртлэг, аргуун гэсэн үндсэн дөрвөн төрлийн амттай байдаг. Хэрэв дарс уусны дараа бага зэрэг спирт, хүчил, чихэр амтагдаад аль нэг нь илүү ялгарахгүй байвал төгс амттайд тооцогдоно. Ер нь аль нэг бодис илүү хурц амтагдаж байвал чанар муутайн шинж. Спирт илүү амтагдвал спиртлэг хатуу дарс, бага байвал спиртээр дутмаг гэх мэтээр дутагдалтай тал нь илэрдэг.
Хатуу, алкоголь ихтэй ундаанаас ялгаатай нь дарсыг нэг амьсгаагаар хөнтөрч уудаггүй. Дарс нь өөрийгөө хүндлэх хүндлэлийн илэрхийлэл болгон бага багаар, удаан шимж уудаг онцлогтой.

No comments:

Post a Comment