2011-01-01

Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Солонгос
Солонгосчууд билгийн тооллоор шинэ оныг угтдаг. Энэхүү баяраа “Сол нал” хэмээн нэрлэдэг ажээ. “Сол нал” гэдэг нь “уйтгар гуниггүй байх” гэсэн утгатай үг гэнэ. “Сол нал” Солонгосчуудын хамгийн их хүсэн хүлээдэг, өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг аж.  Битүүний шөнө хэн ч унтдаггүй, хэрвээ унтвал хөмсөг нь цагаан болдог гэсэн эртний домог байдаг юм байна. Тиймээс айл бүхэн энэ шөнө гэрлээ унтраалгүй асаалттай хонодог уламжлалтай. Солонгос бүсгүйчүүд "тток", "гаретток" хэмээх шарсан мах, банш заавал хийдэг. Мөн жимс, загасаар ширээгээ чимэн зочдоо дайлна. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг ажээ. Солнал баярын эхний өдөр хангүг үндэстэн гэр бүлээрээ цугларч, ургийн хоорондох харилцаа холбоогоо сэргээдэг. Энэ үдэш айл өрх бүхэн гэртээ хулс тавьдаг бөгөөд хулсны үе бүхэн буг чөтгөрийг зайлуулдаг гэж үздэг.
Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамгийн өндөр настны гэрт цугларч, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, хөгшчүүл нь эртний дурсамж ярьж өгдөг ажээ.
Солонгосууд Цагаан сараар цагаан будаа, "токкук" хэмээх шөлөөр заавал зоог барина. Тэд энэ шөлийг ууснаар амьдралд нь бас нэг илүү нас хайрладаг хэмээн итгэдэг байна. Энэ өдөр нэг нас нэмлээ хэмээн баясч, мод шидэх, ширтэлцэх зэрэг уламжлалт тоглоом тоглодог байна. Шинэ жилийн баяр гурван өдөр үргэлжлэх бөгөөд аав ээж, хамаатан садангийнхаараа зочилж, үнэтэй бэлэг солилцдог. Хүүхдүүд, ач гуч нь гэр бүлийнхээ хамгийн ахмад эр хүнд саебае буюу хүндэтгэл үзүүлэх ёслол үйлддэг. Хэрвээ энэ ёслол гэрийн эзэнд ихэд таалагдвал хүүхдүүдийг дугтуйтай мөнгөөр шагнадаг.
Шинэ оны эхний өдөр усанд орж, ханбок хэмээх хувцсаар гоёдог. Солонгосын Цагаан сарын нэг чухал уламжлал нь гэр бүлээрээ эцэг өвгөдийнхөө булшийг эргэх. Эхэндээ зөвхөн өрхийн тэргүүн ганцаараа явдаг байсан бол эдүгээ гэр бүлээрээ эцэг өвгөдийнхөө булшийг эргэх болсон байна. Булшинд өргөх өргөлийн хоолыг эмэгтэйчүүд бэлтгэх бөгөөд түүнийгээ эцэг өвгөдийнхөө булшинд өргөснөөр сүнс нь тайтгардаг хэмээн үздэг ажээ.

Хятад
Хятадуудын хувьд Цагаан сар нь өвлийг давсны, амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр ажээ. Шинэ оны баяраа хятадууд гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг. Гэр бүлээрээ цугларан бамбар асаан лууны бүжиг хийдэг байна. Шинэ оноо гэртээ угтвал тэр жилдээ ажил үйлс нь өөдрөг байдаг гэлцдэг учир ямар ч байсан төрсөн гэртээ очдог юм байна. Шинэ оны эхний өдөр хятадууд тэнгэр бурхандаа залбиран мөргөдөг ажээ. Дотор газрын иргэд энэ баярыг угтаж гэр орноо сайтар угааж цэвэрлэдэг бөгөөд ингэснээр шинэ он эхлэхээс өмнө хамаг муу, муухайгаа зайлуулж байна хэмээн үздэг. Харин шалаа угаадаггүй. Учир нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг хэмээн итгэдэг аж. Сарны тооллоор шинэ он гаргасны дараа эхний болон 15 дахь өдөр үсээ угааж, засуулдаггүй. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй холбоотой ажээ. Харин бусад өдөр үсээ засуулбал эд баялаг, эрүүл мэнд бүтэн жилийн турш тогтож үлдэнэ хэмээн итгэдэг юм. 
Хятадууд шинийн нэгэнд махтай хоол иддэггүй уламжлалтай. Махгүй хоол идвэл урт удаан насалж, эрүүл саруул байдаг гэлцдэг учир энэхүү ёсыг эрхэмлэн дагана.
Нарыг бэлгэдсэн улаан өнгөөр гэрээ чимж, улаан цаасан дээр ерөөлийн үг бичиж ханандаа өлгөнө. Ингэхдээ аз хийморь, нэр төр, урт удаан наслах, чинээлэг, баяр баясгалантай амьдралыг бэлгэдсэн таван ерөөлийг бичдэг уламжлалтай. Хятадын хойд нутагт Хаврын баяраар хүүхэд эмэгтэйчүүд нь улаан өнгийн хувцсаар гоёдог юм. 
Сap шинийн баяраа 14 хоног тэмдэглэдэг. Эдгээр өдрүүдэд ах дүүс, хамаатан садныхаараа айлчилж сүмд мөргөнө. Ийнхүү наргиж, цэнгэж, айлчилсаар шинэ оноо угтах ёслолын ажиллагаа шинийн 15-нд өндөрлөдөг байна.
Шинэ жилийн баяраар хутга, хайч зэрэг хурц иртэй багаж хэрэгслийг аз хийморийн утсыг тасдана хэмээн далд тавьдаг байна. Ийм багаж оролцсон ажил, хоол хүнсийг шинэ он гарахаас өмнө хийж дуусгадаг ажээ. Хятадын еэвэн цагаан сарын хамгийн түгээмэл заншлын нэг нь улаан дугтуйд "мөнгөний аз хийморийг" хийж бэлэглэх ажээ. Баярын өдрүүдэд ч улаан өнгийг эрхэмлэж улаан өнгийн хувцсаар гоёж, гэр орноо чимэглэнэ.
Хаврын баярыг тохиолдуулан худалдаж авсан шинэ хувцсаа шинэ жилийн эхний өдөр өмсдөг. Ялангуяа хятад тариачид сарны тооллын шинэ жилийг тохиолдуулан жилд ганц удаа шинэ хувцас худалдаж авдаг аж. Шинэ жилийн баярын чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа юм. Энэ үеэр ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, шинэ жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг. Гэхдээ банш, бууз заавал байна. Хаалгаа аз хийморийг бэлгэдэн ерөөж бичсэн улаан цаасан дэнлүүгээр чимдэг билээ.
Шинэ жилийн өмнөх үдэш гэр бүлээрээ цугларч зоог барьдаг ба шөнө дунд гудамжинд гарч галаар буудан наадаж муу сүнсийг хөөн зайлуулдаг. Шинэ жилийн эхний өдөр Хун Бао хэмээх уламжлалаар эхэлнэ. Хүүхдүүд эрт сэрж дэрэн дор нь хийсэн улаан дугтуйг задалдаг. Тэндээс чихэр, эсвэл мөнгө гарч ирдэг ажээ.

Японд
Эрт цаг үед Японы шинэ жил нь (шогацү) Хятад, Солонгос, Вьетнамтай адилаар сарны тооллоор болдог байсан аж. Гэвч Япончууд 1873 онд Грегорийн хуанлийг мөрдөх болсноор Цагаан сар буюу Хаврын баярыг өргөн тэмдэглэхээ больжээ. Зрим нутагт “Ошогацу” хэмээдэг билгийн тооллын cap шинийн баярыг тэмдэглэдэг.
Япон иргэд шинэ жилийн өдөр гэр бүлээрээ цуглаж "Осечи" хэмээх уламжлалт зоогоо барина. Мөн "мисо" шөл, загас, ногоогоор амталсан "зони" шөл уудаг, ширээг аль болох тансаг зоог, идээгээр дүүрэн байлгахыг зорьдог.
Эдүгээ энэ баярын өдөр "сашими", "суши"-г өргөн хэрэглэх болжээ. Хүмүүс хамаатан садан, найз нөхдөдөө ил захидал илгээх нь уламжлал болсон юм. Харин өнгөрч буй онд гэр бүлээс хэн нэг нь нас барсан байвал тэмдэглэдэггүй юм байна.
Битүүний шөнө сүмүүд 108 хонх дуугаргах бөгөөд хүн бүхэн зовж, зүдэрч явснаа төдийгүй өнгөрсөн бүхнээ эргэн санадаг байна. Cap шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ зургаан өдөр амардаг ажээ. Цэн тогоруу, яст мэлхий нь cap шинийн баярын гол билэгдэл гэнэ.
Японууд энэ баяраар хүүхдүүдэд мөнгө өгдөг. Отошидама хэмээх энэ уламжлал Хятадаас гаралтай гэнэ. Хүүхдүүдийн наснаас хамаарч их, бага мөнгө өгдөг байна. Баярын өглөө будааны ороомог, банш хийж иддэг. Мөн энэ өдөр хайку, ренга шүлгээ унших нь зарим газар ёс болон тогтжээ. Энэ нь шинэ жилийн анхны нарыг хүндэтгэж буйн илрэл гэнэ. Японууд шинэ он гарсны дараа заавал сүмд очиж мөргөл үйлддэг байна.

Вьетнамд
Вьетнамчууд cap шинийн баярыг “тэт” хэмээн нэрлэнэ. Энэхүү баяр нь хавар цаг ирсний баяр ажээ. Битүүний үдэш гарч бие биедээ сайн сайхныг хүсэн ерөөдөг  Cap шинийн баяраар ихэвчлэн будааны пудинг, бан тэт хэмээх үндэснийхээ хоолыг идэн, шийгуаг баярын гол зоог болгоно. Учир нь шийгуаны дотор тал улаан байдаг нь аз жаргал билэгддэг гэлцдэг. Вьетнамчууд энэхүү баяраар эцэг, эх, ах дүүсийнхээрээ айлчилдаг ажээ. Шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд орсон хүн тэр айлд аз жаргал авчирдаг гэж үздэг байна. Бас сүмд очиж ирэх жилдээ сайн сайхан байхыг хүсэн мөргөнө. Cap шинийн баяраар хүн бүхэнд бэлэг өгдөг уламжлалтай ажээ. Cap шинийн баярыг гурван өдөр тэмдэглэдэг байна.

No comments:

Post a Comment