2011-01-24

Гайхамшигт ертөнцийг туурвин мөнхжүүлье

Чимээгүй ирэх хайрын шивнээг сонсоод чиний бодолд дулаацан, илүү яруу оршихыг хүснэм. Халуухан сэтгэл дотроо илчтэй ч, харин гаднаа хүйтэн гантиг мэт байх нь эгэл амьдралын хууль ч юм шиг, нэг л нууцлаг атлаа хэтэрхий зөөлөн, хатуу байх юм. Хэзээ ч өөрийнхөө орон зайгаар хүсэл хязгаарын хэмжээг зааглана гэж омогших араншин, хэн ч юм нэгэн увидаст баяр баяслыг бэлэглэгч, хайрын ундаргад өөрөө ч мэдэлгүй уяран хайлж, бүх л зүйлийг эрхэмсэг бүхний төлөө урлан бүтээж чадах мэт, бүх зүйл үнэн яруу бадамлан асч, тэнгэр заяат бурхан мэт шүтэн дээдлэх сэтгэл төрнө. 

Ирж буй цаг хором мөч бүхэн чинь хэмжээлшгүй үзэсгэлэнг агуулж, энэ олон хүлээсэн хэсэг өдрүүдийг юу ч биш мэт, үлдсэн агшны торгон мэдрэмжүүдээ илүү их хөглөн тэр их хүслээ хослуулан, тэр их аян замд хамтдаа гарья. Шантрах үе гарсан ч үл ажран, сэтгэлийн цэнгэлийг түүгээр орлоё. 

Тэр нэг хаана ч юм яваа эрхэмсэг, энэ л бүхэнд аялгуу болон эгшиглэх хүмүн таныг хүндэтгэлтэй залан, хүндэтгэл хайрын дээдийг хэн хэндээ хүртээн агуу гайхамшигт ертөнцийг өөрсдийн бүтээлээр туурвин мөнхжүүлье.

No comments:

Post a Comment