Үнэртэй усыг гэнэт авах биш, сэтгэл санаагаа бэлдэж байгаад ул суурьтай сонгохоор очих хэрэгтэй. Дэлгүүр хэсэх дашрамд авах хэрэггүй, сайн сонголт хийж чадахгүй, мөнгөний гарз л болно. Зөвхөн үнэртэй ус авах зорилгоор цаг зав гаргаад яваарай. Ажлаа тараад ядарсан амьтан очвол бас л хэрэггүй.
Архи уусны дараа, тамхи ихээр татсаны дараа, хурц хоол идсэний дараа үнэртэй ус хэзээ ч бүү сонго, ийм тохиолдолд аливаа үнэрийг зөв хүлээж авах чадвар эрс муудсан байдаг юм.
Олон хүн холхисон дэлгүүрт тайван сонгох бололцоогүй байдаг. Бас ханиадтай, эсвэл толгой өвдөж байгаа үедээ ч – хэрэггүй.
Найз залуу, нөхрийнхөө зөвлөгөөгөөр ч үнэртэн сонгох хэрэггүй: бушуухан харьж зурагтынхаа өмнө хэвтэхийн түйс болж байгаа ч юм билүү? Та өөрөө л хэрэглэх болно гэдгээ бүү март, ганцаараа сонгосон нь л дээр.
“Тохитой томоотой” дэлгүүрт бол танд үнэртэй ус шингээсэн тусгай цаасыг үнэрлүүлнэ. Үнэртэн шингээсэн цааснаас үнэртэй усны гуравдахь хамгийн удаан хугацаанд эгшиглэх нот л үнэртэнэ гэдгийг санаарай.
Ингээд суурь нотоо тодорхойлж авсны дараа гол туршилт руугаа орж үнэртэй уснаас бугуй, тохойнхоо дотор талд түрхэнэ. Зүгээр л түрхэнэ, үрж шингээж хэрхэвч болохгүй, хамаг композицийг нь нураачихна. Өөрөө хатаг. Элдэв тос, бусад гоо сайхны бүтээгдэхүүн түрхээгүй цэвэр арьсан дээр үнэртэн тус бүрийг хоорондоо хол зайтайгаар түрхэнэ. Шууд үнэрлэхгүй, 15 – 20 минут, зүрхний нот эгшиглэхийг нь хүлээ. Нэг удаад 3–аас илүү үнэртэн турших хэрэггүй.
No comments:
Post a Comment