2011-04-19

Сэтгэлийг амар амгалан болгох нь хүч зарцуулдаг ажил биш

Залбирал бол гагцхүү амар тайван болох. Амьдралын тань чухамхүү үндэс суурь, амьдралыг тань сэргээх ганц зүйл бол амгалан. 
 
Орчин тойрны амгалан, сэтгэлийн амгалан, сүнсний буюу жинхэнэ билгийн амгалан гэсэн гурван төрлийн амгалан байдаг. Гол нь энэ амгаланд хэрхэн хүрэх вэ? Хаа нэгтэй суугаад “Амар амгалан болох болтугай” гэж давтсанаар хэзээ ч амгалан болчихгүй. Юу хийх хэрэгтэй вэ? гэвэл үймрэл, самуурлын цаад шалтгааныг арилгах хэрэгтэй – тэгэхэд л амар амгалангийн үүр гийнэ. Буддын амьдралд ийм нэгэн түүх байдаг.


Нэг удаа Будда хэдэн шавиа дагуулан нэг хотоос өөр хот орохоор алхаж явжээ. Аялах зуураа нэгэн нуурыг гатлахаар болж, тэнд саатахад Будда нэг шавьдаа,
- “Ам цангаж байна. Нуураас ус авчраад өгөөч” гэжээ. Шавь нь ч нуурын зүг явжээ. Нууранд хүрэхэд хүмүүс нууранд хувцас угааж, үхэр тэрэг гаталж эхлэхтэй таарчээ. Тэгээд шавар нь босоод, тун булингартай болов гэнэ. “Яаж Буддад ийм шавартай ус уулгах билээ!” гэж шавь боджээ. Тэгээд өнөө шавь буцаж очоод Буддад 
- “Ус их шавартай байна. Ууж болохгүй нь ээ.” гэв. Хагас цагийн дараа Будда мөнөөх шавиа дуудаад, буцаж очоод нуураас уух ус аваад ир гэв. Шавь ч дуулгавартай нь аргагүй нуурын зүг явжээ. 

Энэ удаад нуурын ус цэв цэнгэг болсон байхыг үзэв гэнэ. Шавар нь юу ч үгүй тунаад ус нь ууж болмоор болжээ. Тэгээд тэр вааранд ус дүүргээд Буддад барьсан байна. Будда усыг харснаа шавиа нэг хараад
- “Усыг тунгалаг болгохын тулд юу хийснээ хар даа. Байгаа чигт нь орхисон… тэгээд шавар аяндаа тунаад – та ч цэвэрхэн устай болсон. Та нарын сэтгэл ч үүнтэй адилхан. Үймрэхээр нь тэгээд л орхичих. Хугацаа өг. Өөрөө аяндаа тайвшрах болно. Тайвшруулахын тулд яаж ч оролдох хэрэггүй шүү. Ингэдэг юм. Чармайх хэрэггүй.” 

Сэтгэлийг амар амгалан болгох нь хүч зарцуулдаг ажил биш чармайх шаардлагагүй үйл явц. Бясалгал ч үүн шиг - чармайлтгүй үйл явц. Зүгээр л суугаад, хараарай… Бясалгаад эхэлнэ. Бясалгадаггүй юм аа гэхэд сэтгэл хөвөрсөөр, хөвөрсөөр сэтгэлийг үймрүүлсэн бүх шалтгааныг арилгадаг. Дараа нь суугаад бясалгахаараа та гүнд хүрч, жинхэнэ би-нхээ гүнд, Ахуйн гүнд умбаж чадна. Таны дотор амар амгалан байвал тэр амар амгалан гадагш түгэн цацардаг. Таны эргэн тойронд, тэгээд хүрээлэн буй орчинд тань цацарч, дэргэдэх хүмүүс тань энэ амар амгалан, ивээлийг мэдэрч эхэлдэг. Түүнчлэн таны эргэн тойрон амар тайван, бүх юм гайхамшигтай сайхан байхад таны дотор үймэрсэн байвал хичнээн гоо сайхан байгаад нэмэргүй – таны хувьд ямар ч утга учиргүй байж болохыг сана. Та амгалан байхын тулд амгалан таны гүнээс гарах ёстой бөгөөд таны оршин ахуйгаас сэтгэлд, сэтгэлээс тань орчин тойронд түгдэг. 

Будда хаана ч заларч сургаалаа айлдаж байсан тэр газраас хорин бээрийн хүрээнд хүчирхийлэл үгүй болж, бүх зүйл туйлаас тайван, туйлаас амгалан болж – амьтад хүртэл нэгнээ барьж идэхээ больчихдог байсан гэдэг. Будда орчиндоо ийн нөлөөлсөн тухай хэд хэдэн яруу найрагч шүлэглэсэн байдаг.

2 comments:

  1. амар амгалан надад үнэхээр хэрэгтэй байна, Толгой гашилгасан хэрэгтэй хэрэггүй олон бодол намайг зовоогоод байна.Зүгээр л зөнд нь орхиж болохгүй асуудал олон байдаг шүү дээ. Нэг сайхан ханатлаа унтах юмсан, хүссэнээ идэх юмсан, хичээл ном хийх юмсан, мөнгөтэй болохсон, хүссэнээрээ үрэхсэн, дураараа дургихсан. Гэтэл надаас хамаарч намайг хайрлаж амьдардаг олон хүнийг яах билээ. Өөрийхөө зорилгогүй махир тахир замаар дагуулах гэж үү? Эцэг эхээ хэрхэх билээ...Гэхдээ тэгэхгүй ээ. Өөрийгөө зөнд нь ингэж орхихгүй... Яг одоо бол би илүү идэвхитэй хэрнээ гүндээ амар амагалан амьдрахсан гэж бодох юм.

    ReplyDelete