2011-04-20

Боб Дилан - Энэ хорвоод мэндлэхдээ яараагүй ирсэн хүмүүс яарч үхдэг

Нэлээд хэдэн жилийн өмнө би сэтгэл зүйч эмч, зөвлөх Диверз Брэндэнтэй хамтран ажиллаж байх үед тэр намайг “сэхээний орон дээр хэвтэх” гэдэг дасгалыг хийлгүүлсэн юм. Энэ нь би өөрийгөө өнөө маргаашгүй үхэх нь тодорхой болчихсон, сэхээний тасагт хэвтэж байгаа өвчтөнөөр төсөөлөх ёстой дасгал байв. Тэгээд гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө эцсийн удаа өөртэйгөө уулзахыг хүсч тэднийг дуудуулсан, би тэдэнтэй сүүлчийн удаа уулзаж ярилцах гэж байна, “Энэ бол бидний сүүлчийн уулзалт, ингээд дахиж уулзахгүй” гэдгээ хэл хэмээн төсөөлүүлэв. 
 
Би энэ дасгалыг хийж байх үед өөрийн мэдэлгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж, хоолой минь гарахгүй, үг минь тасалдаад, хамар шархирч эхэлсэн. Энэ бол би амьдралдаа мэдэрч үзсэн хамгийн эвгүй, хэцүү мөч байлаа. Гэхдээ би үхэх гэж байна, дахиад амьдрахгүй гэсэндээ харамссан гашуудал биш, харин миний хайр, би хэзээ ч тэдэнд илэрхийлж байгаагүй, ойлгуулж, мэдрүүлж үзээгүй хайрынхаа өмнөөс гашуудаж байгаа харуусал, харамсал байсан юм. Энэ дасгалын үед би үнэхээр амьдралдаа ямар их зүйлийг хайхрамжгүй хаяж байгаагаа анх удаа мэдэрсэн. Би хүүхдүүдтэйгээ гэртээ байхдаа хичнээн их аз жаргалтай байдгаа, тэдэнд ямар их хайртайгаа хэзээ ч илэн далангүй илэрхийлж байгаагүй гэдгээ ойлгосон. 

Дасгалын дараа миний сэтгэл санаа, оюун ухаан маань үймрэн хямарч, эмх замбараагүй болсон байв. Би амьдралдаа хэзээ ч тийм хүчтэй, хүндээр уйлж байсангүй. Харин энэ бүх сэтгэл зүйн хямрал дууссаны дараа миний хувьд жинхэнэ гайхамшиг, аз жаргалтай амьдрал эхэлсэн юм. Би бүх юмыг ойлгосон. Миний амьдралд хамгийн чухал зүйл юу болох, юуны төлөө, хэний төлөө ажиллаж амьдарч байгаагаа ойлгосон. Тэгэхэд л би Жорж Пэттоны хэлсэн “Үхэл гэдэг бол амьдралаас илүү сонирхолтой мөч” гэдэг үгийг анх ойлгов. 

Энэ хичээлээс хойш би өөртөө, амьдрал надад олгож байгаа боломжуудыг дахин хэзээ ч алдахгүй гэж тангаргалсан юм. Би хэзээ ч, магадгүй маргааш ч үхэж магадгүй хүн шиг амьдарч эхэлсэн. Миний хүмүүстэй харилцах харилцаа, хандлагад маш том өөрчлөлт орсон. Би “Бид заавал жинхэнээсээ үхэх тэр өдрийг, тэр мөчийг хүлээж амьдрах албагүй. Заавал энэ мэдрэмжийг тэр өдөр мэдрэх хэрэггүй. Хүссэн үедээ энэ мэдрэмжийг авч, амьдралаа өөрчлөх боломжтой” гэж ухаарлаа. Энэхүү явдлаас хойш жил хагасын дараа миний ээжийн бие муудаж, эмнэлгийн орон дээр хагас үхлүүт хэвтэж байхад би хажууд нь сахиж, гараас нь барьж ээждээ ямар их хайртай болох, миний төлөө хийсэн бүгдэд нь үргэлж талархаж явдгаа, хичнээн их азтай хүү болохоо илэрхийлсээр, эцсийн мөчийг хүртэл нь хамт байлаа. Ээж минь нас барахад би нэг их хүчтэй харуусч, орь дуу тавьж чангаар уйлсан. Гэхдээ маш богинохон... Би удаан харуусаагүй юм. 

Би ээжийгээ эмнэлэгт сахих тэр хэдэн өдрүүдэд ээжийнхээ надад өгсөн агуу их хайрыг мэдэрч, тэр нь миний дотор байгаа, цаашид ч гэсэн надтай хамт байх юм шиг санагдаж байсан болохоор тэр байх л даа.  Харин аавыгаа нас барахаас жил хагасын өмнөөс би түүнд янз бүрийн захидал, мэндчилгээ тогтмол явуулдаг байв. Аав маань уушгины архаг хатгалгаатай болсон учраас сүүлийн нэг сард нь аавтайгаа хүнээр дамжуулж буюу захиагаа хүнээр уншуулж харьцдаг болсон. Гэхдээ л аав маань тэр захидлуудыг, шүлгүүдийг хүлээн авч, дотор нь юу бичсэнийг мэдэж авч байсан нь сайн хэрэг байв. Нэг удаа аавуудын баяраар би түүнд нэгэн аавын тухай шүлэгтэй ил захидал явуулсны дараа аав над руу залгаж “Хөөе, би ер нь сүүлийн үед өөрийгөө тийм ч муу аав байгаагүй юм байна гэж бодоод баярлаад байгаа шүү” гэж хэлж билээ. 

Зохиолч Уильям Блэйк “Битгий үхэх мөчийг хүртлээ дотроо байгаа бодол, мэдрэмжүүдээ хав дар... Бодол санааг харанхуй агуйд түгжсэн ч, хайр гэдэг бол тас харанхуй хонгилд ч үндэслэж байдаг” хэлсэн юм. 

Ер нь өөрийгөө хэзээ ч үхэхгүй юм шиг царайлж явна гэдэг бол мунхаг хэрэг. Амьдралаас аз жаргалыг олж мэдрэхэд чинь хохиролтой. Зүйрлэвэл, тэмцээний цаг хэзээ ч дуусахгүй юм шиг санаж, тийм царай гарган тоглож байгаа тамирчинтай адил. Мэдсээр байж удаан хөдөлж, залхуурч, хайнга, эрч хүчгүй тогловол тэмцээний цаг дуусахад тэр өөрөө л хохирно. Үхэх мөчдөө зөндөө олон харамсах зүйлтэй өнгөрнө гэдэг бол амьдрал бидэнд өгсөн энэ сайхан бэлгийг бүтэн амсаж чадаагүй, ойлгоогүй төгсөж байгаатай адил. Бидний ихэнх нь, намайг оролцуулаад, амьдралыг мөнх юм шиг, хэзээ ч үхэхгүй юм шиг сэтгэж, “за яахав, тэгж байтал болох байлгүй дээ... нэг л өдөр ингэнэ дээ, тэгнэ дээ” гэж бодож, төлөвлөж, хойшлуулсаар яваад л байдаг зуршилтай. Үүнийг Дэнис Вэйтлэй “Нэг л өдөр” гэдэг нэртэй арал гэж нэрлээд, бид нар энэ арал дээр хамаг төлөвлөгөө, хүсэл, мөрөөдлөө аваачаад хаячихдаг гэж тун онож хэлсэн юм.
Та яг одоо бодоод үзээрэй, таны маш олон төлөвлөгөө, мөрөөдөл, хүсэл чинь тэр арал дээр хөвж байх вий дээ. Тийм болохоор өөрийнхөө үхлийг заавал үхэх өдөр хүртлээ хүлээх хэрэггүй. Өөрийгөө сэхээний тасгийн орон дээр, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, эцсийн мөчөө хүлээгээд хэвтэж байгаа гэж төсөөл. Танд маш сонин мэдрэмж төрөх болно. Харин энэ мэдрэмж таныг зоригжуулж, өөрөө өөрийгөө идэвхжүүлэх болно. Боб Дилан нэгэнтээ “Энэ хорвоод мэндлэхдээ яараагүй ирсэн хүмүүс яарч үхдэг” гэж дуулсан байдаг юм шүү.

No comments:

Post a Comment