2011-04-14

Б.Сарантуяа - Аав уул

Алс тэртээ уулсын оргилыг ширтэн зогсоно. Энэ уул хичнээн сүрлэг уудам бас агуу юм бэ. Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж байх агуу уулын энгэрт нар салхинаас, хүйтнээс, айдсаас гээд олон зүйлээс нуугдаж болох адил санагдана. 
 
Миний бага насанд аав гэдэг хүн түүний энгэр яг л талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам бас зайтай, ямарчиг зүйлээс хамгаалагдаж бас нуугдаж болох санагддагсан. Өнөөдөр аав минь өтөл сууж агуу өргөн цээжинд нь би хэдийнэ багтахаа больж. Магадгүй заримдаа аавтайгаа адил зэрэг өтөлж буй мэт сэтгэгдэл төрнө. Гэлээ ч миний хүүхэд насны аав бидэн хоёрын тэр л нандин холбоо насан туршийн минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсэн. Аавд минь ч энэ холбоо насан туршийнх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй үр хүүхдийг минь ч өсгөсөөр яваа намхан жаахан өвгөн болжээ.

Хүн гэдэг ертөнцийн элгэнд ургаж хагдарахдаа ихээ олон зүйлийг үзэж, ихээ олон зүйлийг хийж, ихээ олон зүйлтэй болж үр хүүхэд олныг оллоо ч эцэг эхийг л ахин олж чадддагүй. Эргээд хайгаад олддоггүй ганцхан зүйл нь ижий аав юм гэнэ лээ. Энэ хоёр хүн үрийнхээ төлөө амин холбоотой ч үйлдэл, үг нь тэс ондоо... Ээжийн тухай дурсамж эргэн санагдах бүрд бүхий л зүйл нь цагаахан ил тод, үглэж зэмлэх өөрөө тэгээд тайвшрах нь хүртэл нүдэнд үзэгдэхүйц байхад эцэг маань тийм байсангүй... Тэр бүрий үглэж загнахгүй, эрхлүүлж хөөргөхгүй, дандаа л нэг зангаар... Гэм хийгээд алагдуулах шахам бодоод ирэхэд угтахдаа үнсэж угтах уужуу сэтгэл аав хүнд л байдаг юм болов уу...

Аавын тухай бас нэгэн дурсамж..... Сарынхаа цалинг аваад гэртээ ирэхдээ аравхан настай намайг дуудаад тоолуулангаа
– Энэ аавынх нь нэг сарын цалин. Энэ мөнгөөр нэг сар амьдарч болно гэсэн үг. Одоо чи том боллоо... үүнийг ав. Манай гэрийн нэг сарын мөнгийг чи зарцуул.. гээд өөр олон юм ярилгүй өгч билээ... Гуравдугаар ангийн жаахан хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж их л зүдэрч билээ. Амттан таарвал тэсэлгүй авчихна. Арван хэдхэн хоноод өнөөх цалин нь дуусч би аавд хэрхэн юу гэж хэлэхээ мэдэхгүй их л шаналж билээ... Тэр цагаас хойш аав надад цалингаа лав өгөөгүй юм. Гэлээ ч тэр цагаас хойш би мөнгө гэдэг ямар үнэ цэнэтэй олддог. Буруу үрвэл амьдралгүй болдог гэдгийг хатуу ойлгосон юм. Мөнгөтэй харьцах анхны минь алхам тэр байлаа. Өнөөдөр ч мөнгө гэдэг миний хувьд үнэ цэнэтэй ажил хөдөлмөрийн үнэн шударга хөлс хэвээр оршсоор байгаа билээ.

Нас тогтож амьдралын ухааныг эрэгцүүлэн бодохуйц болсон хойноо миний насан насан туршийн нөмөр нөөлөг, хажууд нь дэггүйтэхээс айдаг байсан тэр сүрлэг аав минь жижигхээн өвгөн болсныг хараад ачыг нь хариулахын хүслээр арай илүү шаналдаг болсон шиг... 

Одоо ч амин зүрхээр холбоотой аав бидэн хоёрын дунд надад хэлээгүй миний төлөө хийсэн олон зүйл цээжин дотор нь байгааг мэдрэх бүрийд эр халуун цээжиндээ багтарч байлаа ч ингэлээ гэж хэлэхгүй уудам сэтгэлийг нь харах бүрийд урт наслахын буяныг ертөнцийн жамыг аргадан гуйх юм. Ухаантай амьдрахын үнэнийг хүүхэд насаа дурсан байж мэдэх юм. Хаа сайгүй эгшиглэх эхийн тухай сайхан дуунуудаас, хаа сайгүй сонсдох ээжийн ачлалын үгсээс илүүгээр хажуугаар өнгөрсөн жижигхэн өвөгчүүлийг өрөвдөх юм. Тэдэнд зориулж ямар нэгэн зүйл хийх юм сан гэж бодогдох юм. Бартаа нугачаатай амьдрал дундуур чимээгүйхэн туулан ирсэн ч эр сэтгэлээ гандтал энэ амьдралыг босгосон эцгийн ачыг хариулмаар байх юм. 

Тооноор тусах наранд дөнгөж төрсөн үрээ өргөн үзүүлж цээжээ дүүргэн баярлаж явсан аав минь амьдралын эргүүлэгт өгсөж уруудаж явахад ч хажууд минь чимээгүйхэн л багтарч цээжээ дүүртэл шаналж явсан аав минь. Аав гэдэг ээжээс арай өөр, тиймээ ээжээс арай хол ч амьдралд минь ахин олдомгүй юугаар ч орлууламгүй амин эрдэнэ..... аавын тухай бодлууд нутгийн уулсыг ширтэн байхад хөвөрсөөр... 

Амьдралын амь алтан багана эр хүн байна. Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна гэсэн дууны сайхан мөрүүд сэтгэлийн гүнээс эгшиглэн гарсаар...

No comments:

Post a Comment