2011-04-10

Ичинхорлоо - Чамдаа


Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хөлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээн
Уулга алдан айсу... 

Үгүй дээ хайрт минь би мартаж чадахгүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдогүй ээ

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй 

Орь залуу нас хийгээд, гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээн болисоон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон

Чиний тухай мөрөөдөж ханасаан амраг минь
Цээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ

Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье... Чамд би хайртай

No comments:

Post a Comment