Хүн буруутай байж болно. Гэвч тэр өөрөө ингэж боддоггүй ажээ. Тэгэхээр илчлэх хэрэггүй. Тэнэг хүн хэн боловч ингэж чадна.
Ухаантай бол хүнийг буруутгах биш ойлгохыг хичээдэг. Хүн болгонд өөрөөр байж үл болох тодорхой шалтгаан байдаг. Энэ далд шалтгааныг олж чадвал та түүний үйлдэл, магадгүй хувийн чанарыг нь тайлах түлхүүр оллоо гэсэн үг. Өөрийгөө түүний оронд тавиад үзэхийг оролд. "Хэрэв би түүний оронд байсан бол яах байсан бэ?" гэж өөрөөсөө асуувал цагаа хэмнэж, эрүүл мэндээ ч гамнахсан. Учир нь бид шалтгааныг нь сонирхож байвал үр дүнд нь илүү хүлцэнгүй ханддаг билээ. Тэрчлэн та хүмүүсийн харилцааны талаар их зүйлийг ойлгох болно.
Хэн нэгнийг буруутгах хүсэл төрвөл хормын төдий бодолхийлж, өөрийн хэргийн төлөө гэсэн хүслээ бусад бүх юманд гаргадаг хайхрамжгүй байдалтайгаа жишиж үзнэ үү. Дараа нь хүн бүхэн л ингэдэгийг ойлгохыг хичээ. Тэгвэл хүмүүстэй сайн харилцаатай байх эсэх тань бусдын санал бодолд хандах хандлагаас чинь хамаардгийг ойлгох болно" гэж К.Гуд "Яаж хүмүүсийг алт болгох вэ?" номдоо өгүүлсэн байдаг.
Хэдэн жилийн турш би гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт морьтой явган зугаалж, тааламжтай байдаг байв. Би модонд дуртай бөгөөд жилээс жилд эцэс төгсгөлгүй түймрээс болж залуухан моднууд сүйдэж байгаад гутардаг байв. Ихэвчлэн тамхичингууд л түймэр тавина. Тэрчлэн хүүхдүүдийн модны ёроолд түлсэн гал түймрийн шалтгаан болох нь цөөнгүй. Заримдаа их түймэр шатаж, гал сөнөөгчдийг дуудах ч хэрэг гарна. Цэцэрлэгт түймэр алдсан хүмүүс хариуцлагад татагдах тухай санамж бичиг өлгөөстэй байдаг ч хүн бараг олж харахгүй газар дүүжлээстэй байдаг. Цэцэрлэгийг харж байх ёстой цагдаа үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас түймэр жил бүр л гарна. Нэг удаа би түймэр гармагц, гал сөнөөгчдөд түргэн мэдэгдэх байх гэж итгэн цагдаа руу гүйж очсон юм. Гэтэл тэр цагдаа өөрийнх нь хариуцдаг хэсэг биш учраас огт хамаагүй гэж хайхрамжгүй хариулсан. Би ч их бухимдсан. Үүнээс хойш цэцэрлэгээр зугаалахдаа нийгмийн баялгийг хамгаалах үүрэг хүлээсэн хүн шиг л явдаг болов. Эхэндээ би хүүхдүүдийг ойлгохыг оролддог ч үгүй байлаа. Түүдгээс болж түймэр гарч болзошгүйг харахдаа ямар нэгэн хэрэгтэй зүйл хийх хүсэлдээ автдаг боловч буруу зүйл хийдэг байв. Хүүхдүүд рүү морьтойгоо дөхөн орж болохыг сануулж, галаа унтраахыг өндөр дуугаар тушааж эцэст нь баривчилна гэж сүрдүүлдэг байлаа. Өөрийгөө тайвшруулахын тулд л үүнийг ярьдгаас биш, санаа бодлынх нь талаар боддоггүй байж дээ.
Үр дүн нь ямар байв. Хүүхдүүд үгэнд минь ордог байсан ч дотроо зэвүүцдэг байж. Намайг холдмогц бүх л цэцэрлэгийг шатаах хүслээр шатаж, дахин түүдэг асаадаг байсан биз.
Яваандаа би хүмүүсийн хоорондын харилцааны талаар илүү ихийг мэдэх болж бусдын санал бодлыг харгалзах шаардлагатай болохыг ойлгосон юм. Одоо бол ноцож байгаа түүдэг рүү дөхөж очоод тушаахын оронд "зугаацаж байна уу, хүүхдүүд ээ? Та нар ямар хоол хийх гэж байгаа юм бэ? Би жаахан хүү байхдаа түүдэг асаах дуртай байсан, одоо ч хүртэл дуртай. Гэхдээ цэцэрлэгт асаах нь их аюултай гэдгийг мэдэх үү. Та нар ямар нэгэн хор хүргэхийг, хүсэхгүй гэдгийг би ойлгож байна, гэхдээ бусад хүүхдүүд нямбай хянамжтай биш байдаг юм. Тэд түүдэг асаачихаад, явахдаа сайн унтраадаггүйгээс гал гарч, мод сүйтэх явдал олонтаа гардаг. Бид л нямбай байхгүй бол цэцэрлэгт мод үлдэхгүй нь. Хэрхэн зугаацаж байгааг чинь харахад сэтгэл минь тун ханамжтай байна. Та нарын баяр хөөрийг гутаахыг би хүсэхгүй. Одоохон хуурай навч, мөчрийг галаас холдуулж, явахынхаа өмнө түүдгээ шороогоор сайтар дарвал сайн шүү.
Харин дараагийн овгор дээр асаавал зүгээр. Тэнд аюулгүй. Та бүхэнд талархъя. Цагаа сайхан өнгөрөөгөөрэй" гэсэндүү утгатай юм хэлдэг болсон.
Ийм яриа ямархуу үр дүнд хүргэдэг вэ? Хүүхдүүдийг надад ойртуулдаг юм. Тэднийг би огтхон ч гомдоодоггүй бөгөөд хүчээр үгэндээ оруулдаггүй байв. Тэд ч ая тухаа алддаггүй, би ч сэтгэл ханамжтай байдагсан. Тэдний санал бодлыг харгалзаж үзсэн нь ингэж асуудлыг зохицуулах боломж олгодог байв.
Хэн нэгнээс түүдэг унтраахыг ч юм уу аль эсвэл улаан загалмайд зориулж 50 доллар өгөхийг хүсэхийн өмнө санаа бодлыг нь ойлгохыг хичээх нь чухал. Үүнийг хийх хүсэл яагаад төрөх ёстой вэ? гэж өөрөөсөө асуугаад үз. Үүнийг эргэцүүлэн бодоход хугацаа шаардагдах нь мэдээж. Гэхдээ найз нөхөдтэй болоход тань тус болж, сайн үр дүнд хүрэх болно. "Ажил хэрэг ярих гэж байгаа хүн рүү орохынхоо өмнө цонхных нь доогуур хоёр цаг холхиж, юун тухай ярих, надад юу гэж хариулж болохыг бодолхийлдэг" гэж Харвардын их сургуулийн декан надад ярьсан юм.
Иймд хэрэв та хэн нэгэн хүнийг ямар нэгэн зүйлд итгүүлье гэвэл "Юмыг ярилцагч хүнийхээ нүдээр харагтун" гэсэн мөрдлөгийг баримтлаарай.
No comments:
Post a Comment