2011-04-14

Б.Сарантуяа - Төгөлдөр хуурч

Дэлхий цав цагаан өнгөнд сүлэгдэж цасан бүрхүүлээ нөмөрсөн өвөл цагийн цаанаа л жиндүүхэн хирнээ салхи шуургагүй тогтуун өдөр. Нэгэн кафен нэвт гэрэлтэх цонхоор доторх юм бүхэн тодхон харагдана. 
 
Цонхны харалдаа бага зэрэг өндөрлөж зассан тайзан дээр цав цагаан төгөлдөр хуурын дарвуул дороос гайхам аялгуу өндийн байх агаад энэ аялгууг тоглон буй эрхэм дөч гаран насны том хүнхэр нүдтэй, халзан духтай, их л царайлаг эр байжээ гэж болохоор нэгэн харагдана. Тэрээр энд үдэш бүр тоглодог чадварлаг нэгэн төгөлдөр хуурч билээ. Эрт цагийн дурсамж, бүтэлгүй дурлал, хайрын гурвалжин, өчигдөрхөн танилцсан романтик нэгний тухай гээд олон бодол хэсүүчлэн байдаг энэ газар төгөлдөр хуурын аялгуун дороос өндийн байх эгшиг бүхэн юутай танил юутай гайхалтай. Гэрээ мартан гэгэлзсэн хэнбугай ч энд ирж намуун аялгуунд бүүвэйлэгдэн алс тэртээ рүү очих дуртай тийм л нэгэн газар энд байдаг юм. 

Яарсан, зорьсон, дайраад өнгөрсөн гээд олон зочдын хэсүүл яриагаар дүүрэх энэ газраар нэг орсон хүн ахин ормоор санагдахын гол учир нь тайзны голоос уянгалах хуурын эгшигэнд ч байдаг байж болох талтай. Төгөлдөр хуурч эргэн тойрныхоо хүмүүсийг ихэнхийг танина. Зарим нь байнга орж ирдэг байхад зарим нь хааяа л орж ирж байгаа нь харагддаг бол заримыг нь анх удаагаа орж ирээд ахин дахин орж ирсээр хэзээний танил хүн шиг толгой дохиод л өнгөрөхийг төд удалгүй харж болно. Тэдний байгаа байдлаас цаад амьдрал, гэр бүлтэй эсэх, тэр ч бүү хэл өнөөдөр ямархан сэтгэлийн баяр гунигтай явж байгааг нэвт шувт харж чадна. Гадаах орчин тэр аяараа нэвт харагдах цонхны хажууд үл ялиг өндөрлөж зассан ширээний ард суух хосыг тэр энд харах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. 
 
Тэдний уулзалт их л романтик байдаг, гал халуун хайрын болзоот хосууд залуу насыг нь дурсган санаашруулдаг болоод ч тэр үү аль эсвэл хосууд хэн хэндээ таарсан үнэхээр сайхан харагддагаас ч тэр үү тэднийг орж ирэхээр танхим тэр аяараа гайхалтай уур амьсгалтай болчих шиг санагддагийг төгөлдөр хуурч мэднэ. Бүсгүй нь танхимыг тойруулан харж болохоор суудал олж суудаг байхад залуу зөвхөн бүсгүйг хархаар хана руу харан суудаг. Бүсгүйн харц цаанаа л эелдэг зөөлөн тийм гээд хэлэхийн аргагүй ч урсгал ус намуухан урсаж байгаа ч юм шиг нэг л аядуу зөөлөн. Төгөлдөр хуурчийн харц бүсгүйтэй мөргөлдөх тоолон бүсгүй дальдран залуугаа мэдэх вий гэхээс эмээх аятай үргэдэгийг эс тооцвол бүсгүй ихэнх тохиолдолд төгөлдөр хуурчийг л харан суудаг байлаа.

Хайрын романс гадаах цастай холилдон буусан өвлийн үдэш хосууд удаахан суусны эцэст маргалдсан шинжтэй тар түр гэж байгаа нь ажиглагдаж төд удалгүй залуу хувцсаа өмсөн гараад явчихлаа. Төгөлдөр хуурийн аялгуу танхимд сонсогдсоор...

Нэг л мэдэхэд бүсгүй төгөлдөр хуурчийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Төргөлдөр хуурчийг тоглож дуусан дуустал тэр хундагатай дарсаа гартаа атгасаар зогсох агаад сая хөгжим дуусахад тэрээр
- Энэ хундагыг таны төлөө өргөе... хэмээгээд харцанд нь нөгөөх залуугаас үлдсэн гуниг огт байхгүйгээр төгөлдөр хуурчийг зүг харж байлаа

- Баярлалаа.

- Таныг би ширээндээ урьж болох уу?

- Би ширээнд суудаггүй юм аа

- Тэгвэл би урьж байна шүү дээ. Эмэгтэй хүн таныг урьж байна

- За тэгье дээ. Гэхдээ нэг их удаан сууж чадахгүй байх

Тэд ширээнд суулаа.

- Та энд удаан ажиллаж байна уу?

- Тийм ээ хоёр жил болж байна. Оройн цагаар ирдэг гэх үү дээ. Өдрөөр бол ажлаа хийнэ

- Ямар ажил хийдэг юм бэ

- Төгөлдөр хуурын сургууль ажиллуулдаг гэх үү дээ. Харин өөрөө?

- Би зураач. Зураг зурдаг юм аа. Таны хөгжим тоглож байгааг зурмаар санагдаад. Би таны тоглохыг байнга л хардаг. Яагаад ч юм таньдаг хүн шиг санагдаад эхэндээ нэр өгч оноож чаддаггүй байлаа. Харин дараа нь таньдаг хүн биш байна гэж мэдсэн л дээ. Их дотно санагдаад байдаг байсан юм.

- Тэгвэл зураарай л даа. Би бэлэн....Та чинь энд хоёулаа ирдэг байхаа

- Тийм ээ бид салчихлаа...

- Тийм үү....харамсалтай хэрэг

- Бидний зам энэ хүрээд төгсөх ёстой байсан юм байлгүй дээ. Гэхдээ чухам юунаас гэдгийг нь асуухгүй юм уу

- Би хүний хувийн амьдралд оролцож болохгүй шүү дээ

- Яагаад үгүй гэж...танаас болоод бид салчихлаа

- Юу... надаас уу

- Тийм ээ. Танаас ч гэж дээ таны аялгуунаас гэх үү дээ

- ?

- Таны хөгжмийг сонсох надад гайхалтай байдаг гэх үү дээ...тэндээс би өөрийгөө олж хардаг... харин тэр бол өөр. Хөгжим сонсдоггүй шигээ намайг ч сонсдоггүй зөвхөн өөрөө л ярьдаг. Би энэ шийдвэрийг гаргасан юм аа

- Харамсалтай хэрэг. Би та хоёрыг эндэхийн хамгийн сайхан хосууд гэж хардаг байлаа.

Тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжилж явуулын такси оройтсон нэгнийг гэрт нь хүргэх цагаар төгөлдөр хуурч бүсгүйг таксинд суулгаж өгөн гэрийн зүг буцсан юм.

Энэ уулзалтаас хойш хэд хэдэн өдөр өнгөрч бүсгүй цонхны хажуугийн нөгөө л суудалдаа сууж төгөлдөр хуурчийн тоглохыг харж тэндий харц мөргөлдөх агшинд бие биедээ инээд бэлэглэн, орой мөнөөх л зангаараа хамтдаа гаран оддог боллоо.

Нэг л мэдэхэд төгөлдөр хуурч бүсгүй хоёрын хооронд хайрын холбоо үүсч тэдний энэ холбоо улам бүр гүнзгийрэн байлаа. Хэлсэн үг, харсан харц, хүссэн бүхэн адилхан таарч тохирох хос хоёрын ганц л юм өөр байсан нь тэдний насны зөрүү. Төгөлдөр хуурч 40 гаран насны өмнө нь амьдрал үзсэн нэгэн хийгээд өнөө ганц биеээрээ амьдарч байгаа. Харин бүсгүй хорь дөнгөж гарч яваа үзэсгэлэн төгс эмэгтэй. Хажуугаар өнгөрсөн эрэгтэй битгий хэл эмэгтэй хүн ч эргэж харахаар энэ гоо үзэсгэлэнгийн хажууд дөч гаран насны халзарч яваа духтай, том хүнхэр нүдтэй төгөлдөр хуурч үнэхээрийн гологдом харагдах ч тэдний хамт байхын аз жаргалыг хэн ч үл тааварлана. Өнгөцхөн харвал аав охин хоёр хамтдаа явж байгаа мэт байх ч анзааран лавшруулж харвал хайртай хоёрын харц өөд өөдөөсөө байхыг харж болно.

Мөнөөх л кафед үдэш бүр хаан хөгжим эгшиглэсээр байх агаад бүсгүй урлан дахь ажлаа дуусч зурагнуудаа цэгцлээд энд ирж өөрийн суудалдаа суун хайртай хөгжимчнөө хүлээдэг байлаа. Нэгэн цагт зурахыг маш ихээр хүсч байсан өнөөх төгөлдөр хуурч өөрт нь дэндүү ойрхон байдаг болсноос ч тэр үү бүсгүй төгөлдөр хуурчийн зургийг зурна гэж өнөөдрийг хүртэл бийрээ шүүрч аваагүй л билээ. Тэд өдөр бүр л өөд өөдөөсөө харан яриа дэлгэх авч тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжлэх нь ч бий. Яагаад ч ярих зүйл нь дуусахгүй ундарсаар байх нь гайхалтай. Бие биетэйгээ ярьж дотор байгаа буй бүхнээ уудлан байх авч дахиад л ундарсаар байх тэр үгсийг яалтай.
Шувууд нь хүртэл залхууран хэцэн дээр зэллэн суугаад халуун наранд зүүдлэн ганц нэг нь газарт унан алдахдаа цочин нисэх налгар зуны халуун өдөр. Төгөлдөр хуурч хөгжмийн хичээлээ дуусгаад буцах замаараа бүсгүйн урлангаар дайран орсон юм. Том шилэн цонхтой урлангийн өрөөндөө бүсгүй цонхруу харан зураг зурдаг зуршилтай. Энэ үед тэрээр ид ажилтай байх агаад ямар нэгэн зүйлийг дүрслэн будаг шунхтай зууралдсан байдаг агаад түүнийг харсан хүнд үнэхээрийн өхөөрдөм нэгэн харагддаг гэж хэлж болно. Нээлттэй цонхоор салхи сэвэлзэн торон хөшигийг хөдөлгөн байх. Наахна талд нь цээж нүцгэн нэгэн залуу бүсгүйрүү харан хажуулдан суужээ. Бүсгүй мөнөөх залуугийн зургийг зурж байлаа. Яахав дээ зураачдын хувьд иймэрхүү ажил өдөр тутмын л ажил байдаг болхоор тэдэнтэй ойр байдаг хэн ч болов энэ бүхнийг сайн мэднэ. Төгөлдөр хуурч бүсгүйгээ дуудах гэснээ ажилд нь саад болох вий хэмээн эмээгээд түр хүлээх зуур өмнө нь суусан залууг анзааран сайн харвал нэг л харсан царай. Яах аргагүй таньдаг хүн болж таарлаа. Харин эцэст нь өөрийнх нь үдэш бүр тоглодог кафед бүсгүйтэй анх ирдэг байсан залуу мөн байлаа. 

Зураачийн амьдралыг ойлгож болох хэдий ч аль эрт салчихсан залуугийнхаа зургийг зураад баяр хөөртэй сууж байна гэдэг даанч санаанд оромгүй бас гомдолтой мэт. Төгөлдөр хуурч тэдэнд өөрийн ирснийг мэдэгдээгүйгээр барахгүй урлан орхин гарч явсан юм. Харин үдэш нь бүсгүй сурсан зангаараа ажлаа дуусгаж урлан дахь юмаа цэгцлээд төгөлдөр хуурчийг хүлээхээр кафед иртэл тэр алга байлаа. Түүний ирэхийг хүлээхээр шийдэж өөрийн суудалдаа суун халуу кофе захиалаад хүлээлээ. 
 
Нэг цаг, хоёр цаг, гурван цаг хүлээсэн авч тэр ирсэнгүй. Гадагш гарч байж болох бүхий л газраар нь хайсан боловч сураг ажиг байхгүй. Дахин кафед ирж хүлээхээр шийдлээ. Энэ л газар яарсан зорьсон, дайраад өнгөрсөн хэн хүнийг өөртөө татах шидтэй мөнөөх урьд өмнөх газар биш болсныг бүсгүй анзаарлаа. Нэг л эль хуль. Эль хуль ч гэж дээ суудал байхгүй шахам үйлчлүүлэгтэй байдгаараа л байх авч нэг л юм дутуу. Энэ бол байнга энд уулздаг хайртай хүн нь биш харин танхимын голоос уянгалах төгөлдөр хуурын гайхам аялгуу юм. Бүсгүй төгөлдөр хуурын дэргэд очлоо. Яагаад түүнийг хүлээж байхдаа энэ хөгжмийн хажууд ирсэнгүй вэ. Хайртай хүнийг нь орлон үлдсэн цорын ганц зүйл. Тайзны голд амар тайвныг, алс тэртээрүү одох гэсэн, за тэгээд энд ирдэг бүхий л хүнийг хүлээлтийг мэдрэх хирнээ өөрөө эгшиглэж чадахгүй бас л бүсгүйн адил хөгжимчнөө хүлээх мэт. 

Дарвуул нь таглаатай төгөлдөр хуурийн дээр нэгэн сарнай тавьсан байлаа. Бүсгүй сарнайг авч төгөлдөр хуурийн тагийг онгойлголоо. Хар цагаанаар ээлжлэх хөгжмийн даруул дээр дугтуйтай захидал байна. 
 
Задлан үзвэл “Өнөөдрийн зурганд чинь онц дүн тавьлаа” гэсэн хэдхэн үг бичээстэй байлаа. Бүсгүй төгөлдөр хуурчийг хайгаад олохгүйгээ мэднэ. Алга болж байгаагүй хүн алга болохоороо холд оддогийг тэр мэднэ. Энэ кафе, энэ хот, тэр ч бүү хэл улсыг ч орхиод тэр холд явчихсан байж мэднэ. Яах гэж, яах гэж...Зурах юм сан гэж анх харсан тэр л хүний зургийг өнөө хүртэл зураагүй яваагаа саналаа. Гэлээ ч төгөлдөр хуурчийн зургийг бүсгүй аль хэдийнэ зурчихсан юм. Бороонд норж, шороо тоосонд дарагдахгүйгээр, элэгдэж арилахгүйгээр, салхинд урагдаж наранд гандахгүйгээр сэтгэл дотрох тэр л урландаа анх харахдаа л зурчихсан байсан юм.

No comments:

Post a Comment