Сонголт хийх үедээ болон дараа нь хэрэглэхдээ гаргадаг алдаануудыг авч үзье.
Бие арчилгааны бүтээгдэхүүнүүд ихэнхдээ үнэртэй байдаг. Тиймээс нэг үнэртэй савангаар биеэ угааж, тэс өөр үнэртэй тос түрхээд, хурц үнэртэй лак үсэндээ цацаад, дээр нь бас огт тохироогүй үнэртэй ус хэрэглэвэл амьтан хүн муужирч унахаар үнэр ч гарч мэднэ. Ихэнхи үйлдвэрлэгчид үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнээ нэг шугам болгож ерөнхий нот үнэртэйгээр иж бүрдлээр нь хийдэг.
Сонгосон үнэртэй усныхаа шугамны савангаар биеэ угааж, хөлсний эсрэг дезодорантыг нь хэрэглэвэл танаас гарах үнэр ерөнхий нэг айзмаар эгшиглэх болно. Эсвэл үнэргүй бие арчилгааны бүтээгдэхүүн, үнэргүй угаалгын нунтаг зэргийг хэрэглэж байвал үнэртэй усны чинь үнэр сарнихгүй. Дашрамд хэлэхэд, угаалгын нунтаганд шингээдэг хямд үнэр оруулагч бодиснууд харшил өгөх нь элбэг байна.
Зарим, үнэртэй усны тухай наад захын мэдлэггүй, өөртөө үнэртэн сонгох чадваргүй, гэхдээ мөнгөтэй хүмүүс “аль болох бусдад байхгүй ховор” гэх хэмжүүрээр асар үнэтэй үнэртэн авдаг.
Сайн чанарын үнэртэн хэзээ ч хямдхан байдаггүй. Францад үйлдвэрлээгүй ч соёлтой оронд үйлдвэрлэсэн үнэртэй ус 1500 руб–ээс доош үнэтэй байдаггүй. Хэрэв Францад үйлдвэрлэгдсэн бол дор хаяж 3000, дунджаар 5000 рубль байх ёстой. Үнэртэний өтгөрөлөөс үнэ хамаарна, шингэн байх тусам хямд байх боловч ариун цэврийн ус 50 – 100мл - ээр савлагдсан байдаг учраас үнэ нь бараг ижилхэн тусдаг.
Худалдан авахаар шийдсэн үнэртнийхээ жинхэнэ, хуурамчийг нь юун түрүүнд гаднах “царай зүсээр” нь ялгах боломжтой. Үйлдвэрийн үнэртэн бол хайрцаг сав нь цэвэр үзэмжтэй, чанартай хийгдсэн, дээрх бичиг үсэг нь муруй саруй биш тэгшхэн, дүрмийн алдаагүй бичигдсэн байдаг. Францаар parfum гэж бичдэг, parfume – биш. Англиар бол perfume гэж бичнэ, бас л parfume биш.
Хэрэв «London-Paris-New York» гэсэн үгс бичигдсэн байвал – хаяад яв, энэ бол – хуурамч бүтээгдэхүүн. Үнэртний орц заавал маш тод, уншигдахаар бичигдсэн байх учиртай, мөн “made in...” гээд үйлдвэрлэгдсэн улс заавал тавигдсан байх ёстой. Жинхэнэ бүтээгдэхүүн дээр ямар нэгэн наалт байх ёсгүй, хайрцган дээр нь ч, шилэн дээр нь ч. Усны нэр болон бусад үг, үсэг зөвхөн хэвлэх технологоор тавигдсан байдаг. Ёроол дээрх цувралын дугаар нь ч наалтаар бус, шууд шилэн дээр нь хэвлэгдсэн байх ёстой.
Хайрцган дотор нь шилтэй усыг хөдөлгөөнгүй тогтоож байх зориулалт бүхий картонон хийц байх ёстой. Мөн хайрцагны гадуурх гялгар бүрхүүл нь хэлхийж томдоогүй, энд тэндээ цүлхийгээгүй, цавуу нь урсаагүй, хайрцгийг яв цав бүрж байх ёстой. Гэхдээ, зарим маш мундаг, үнэтэй маркууд угаасаа гялгар бүрхүүлгүй байдаг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.
Хэрэв худалдагч нь үнэртэй усыг сайн үзэхийг зөвшөөрвөл таглааг нь нээж хааж үз, сайн нягт, гэхдээ хүч орохгүйгээр хаагдаж байна уу үгүй юу? Шилэн дээрх бичигнээс нь арилж арчигдсан хэсэг байна уу? (хуурамч бүтээгдхүүнийх л арилдаг) Таглааных нь алтан будаг арилж бүдгэрч үү? Цав цуурга байна уу? Энэ бүхэнд анхаарлаа сайтар хандуулаарай.
Одоо усны шилийг гэрэлд хар. Нэгэн жигд, дотроо бөмбөлөггүй хийгдэж үү? Доош нь харуулаад доторхи усыг нь хар: ямар нэгэн хог, хялгас хөвж байна уу? Хэрэв нөхөртэйгөө дундаа нэг ус хэрэглэж хэмнэлт хийхээр шийдсэн бол “унисекс” төрлийн ус аваарай, ийм төрлийн усанд эрэгтэй эмэгтэй үнэрийн давамгайлал байдаггүй, ямар ч хүйстэй хүн хэрэглэж болно.
Үнэртэн сонгохдоо ажил мэргэжлээ бас бодолцоход буруутахгүй. Ялангуяа үйлчилгээний ажилтнууд элдэв таарамжгүй үнэр ханхлуулах нь үйлчлүүлэгчдийг үргээнэ гэж үздэг. Жишээ нь, үсчин, гоо сайханч, хүүхдийн эмч, шүдний эмч гэх зэргийн хүнтэй их ойртож ажилладаг ажил мэргэжилтэй хүмүүс үнэртэй усыг маш болгоомжтой хэрэглэдэг. Мөн нисгэгч мэтийн давчуу орон зайд ажилладаг хүмүүст үнэртэй ус бэлэглээд хэрэггүй.
Сайн үнэртний тухайд “өмсөх, зүүх” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Түрхэх биш, өмсөж зүүж явна гэсэн үг. Үнэртэнг гэртээ, ажилдаа, амралтандаа гэх мэтээр тохируулж авдаг гэсэн үг, яг л хувцас шиг. Хэрэв та үнэртэнг өөрийн хувцасны нэг хэсэг мэтээр хүлээн авч, цаг зав харамгүй зарцуулж зөв сонголт хийх аваас өөрийн стилийг бий болгож чадна.
No comments:
Post a Comment