2011-04-12

Г.Галбадрах - Хайр, хүндэтгэл, итгэл

Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан
Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг манантай өдөр бүлээн дулаахан, гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам. Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар  гийж, орчлон ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно. 

Хүндэтгэл гэдэг эрхэм зүйл
Олон олон гоёмсог цэцэгсийн дундаас гайхамшигт сайхан цэцгийг ялган олж харахдаа түүний нэг л эрхэмсэг төрх, гоо үзэсгэлэнг бахдана. Бусдаас ялган олж харж буй сэтгэл, зүрхэнд минь мэдрэгдэж буй тэр л эрхэм зүйлс миний сэтгэлд хүндэтгэл бишрэлийг төрүүлнэм. Өөр хэнд ч биш зөвхөн би л мэдэрч байдаг тэрхүү гайхамшигууд чинь намайг баярлуулж, хайрлах сэтгэлийг минь цаг ямагт хөглөн эгшиглүүлнэ. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа биш  дотроосоо л гэрэлтэж байдаг. Чинийхээ ухаалаг, алив зүйлд хүлээц тэвчээртэй ханддаг, бас намайг ойлгож хайрладаг, бусдын өмнө сайхан харагдуулахыг хүсдэг хүсэл чинь намайг бишрүүлж, үүний төлөө чамайгаа бишрэн шүтэж, хайрлан хүндэтгэнэм.

Итгэл гэдэг бат бөхийн бэлэгдэл
Сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах болдог. Энэ тансаг, булбарайхан цэцэг минь өөр хэнийх ч биш зөвхөн минийх байлгахыг хүсэхдээ арчилж тордох ёстой. Бид хоёр бие биедээ цаг ямагт баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэгдэж байхын үндэс нь итгэл юм. Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд шим тэжээлт цэвэр усаар ундаалж байх лугаа адил хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх учиртай. Хорвоод зөвхөн чи минь минийх, би  чинийх байна гэдэг итгэл л бидэн хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн бэлэгдэл болном.

No comments:

Post a Comment