2011-04-10

Хүүхэд юу хэлэхийг анхааралтай сонс

Өөрт нь эвгүй байгаа эсвэл өлссөнөө мэдэгдэхийн тулд нялх хүүхэд уйлдаг. Энэ бол хүүхэд “ярьж“ эхэлж буй хэрэг юм. Хэдхэн долоо хоногийн дараагаас юу хүсэж буйгаасаа болоод хүүхэд өөр өөр байдлаар уйлж эхэлнэ. 

Зургаан долоо хоногтойгоосоо эхлэн хүүхэд “шулганаж” эхэлдэг. Ярих эрхтнээ дасгалжуулаад эхэлж байгаа нь тэр. Зургаан сартайгаасаа эхлэн хүүхэд орчин тойрныхоо дуу авиаг дуурайж эхэлдэг. Өнөөх шулганал нь эх хэлэнд ойртож төсөөтэй дуугарч эхэлнэ. Хэл ярианы хэмнэл чухал болж, хүүхэд шулганахдаа завсарлага авдаг болж, өөрөөр хэлбэл “хууч хөөрч” эхэлнэ. Дуу, хөгжим их л баяр баясалтай сонсоно.
 
Есөн сартайгаасаа эхлэн энгийн богино үе (Ж-нь: „ба-ба”) дуурайн хэлэхийг оролддог болно. 

Нэг ойтой болох үеэсээ зарим нэг хялбар үгийг (Ж-нь: аав гэхийг „аба” г.м) жаахан муруй хазгай яриад эхэлнэ. Үг нь тодорхой утгыг агуулж эхэлдэг тухайлбал “аба” хэмээн аав уруугаа зүтгэх жишээтэй. 

Хүүхэд 9-36 сартай байх үеийг “хэлний хөгжлийн эмзэг үе” гэж нэрлэдэг. Чухам энэ үед хүүхэд маш чухал мэдээллүүдийг авч, олж авсан чадвар нь хүүхдийн хэл ярианы цаашдын хөгжлийн суурь болж өгдөг юм. Ер нь бол хүүхэд ярьж чадаж байгаагаасаа илүү их үгийг мэдэж байдаг. Өөрөөр хэлбэл яриа, ойлгох чадвар нь ярих чадвараасаа түрүүлж явдаг.

Хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийн тулд эцэг эх юу хийх вэ?
Эцэг эх бол байгалиас заяасан хүүхдийнхээ хамгийн сайн хэлний багш нар байдаг. Тэд өөрсдийн яриа болон үйлдлээ зөнгөөрөө хүүхдэдээ тааруулж ханддаг. Дэлхийн хаана ч байсан ялгаагүй бүх л эцэг эх зөнгөөрөө хүүхэдтэйгээ онцгойлон харьцаж, харилцаагаа бий болгодог юм. Хүүхэд юуны өмнө эцэг эхтэйгээ л харилцаж эхэлдэг. Энэхүү анхны туршлага бол хэл яриа хөгжих үндэс нь болж өгнө. Дээр дурьдсанчлан эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг зөнгөөрөө зөв хийдэг.

Хүүхдэд ойр дотно харилцаа чухал
Харилцан анхаарал тавьж, харцаараа харьцах нь ярианд маш чухал байдаг. Энэ бол нярай хүүхдээс авахуулаад насанд хүрэгчдэд ч адил. Нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, усанд оруулах, өлгийдөх мэтийн ойр дотно байх үедээ илүү сайн сонсож байдаг.

Нярайн яриа
“Хүүхдэд тохирсон хоолойгоор” энхрийлэх нь тустай. Хэл ярианы  аялгуунд нярай хүүхэд анхаарч дуурайж эхэлнэ. “Өхөөрдсөн” яриа тун таатай санагдана. Энэ үеэс “хэлээ хазсан” яриа (Ж-нь: хав хав гэхийн оронд нохой гэх мэтээр хэлж өгч байх) хэрэггүй аль болох энгийн үгээр ярилц.

Дуу, шүлэг
Хэмнэл, өргөлт, дуу хоолойн өөрчлөлт нь хэл сурахад ихээхэн үүрэгтэй. Хүүхдийн дуу, шүлэг байвал бүр их сайн.

Нэг нь ярьж байхад нөгөөх нь сонсдог
Хүүхэдтэйгээ ярьж байхдаа дунд нь завсарлаж бай. Түүнээс ямар үйлдэл гарахыг нь хүлээ. Ярилцана гэдэг чинь дараалалтай байдаг өөрөөр хэлбэл нэг нь эхлээд нөгөө нь дараа нь гэх мэтээр ээлжилнэ. Хүүхэд тань ямар нэг авиа гаргаж эсвэл нүүрний хөдөлгөөнөөрөө хариулна.

Юмсыг нэрлэж бай
Хүүхдийнхээ гарт байгаа эсвэл харж буй зүйлийг нь нэрлэж өгч бай. Хүүхдийнхээ нүдний өмнө хийж буй үйлдлээ түүнд хэлж өг. Нэг ижил үйлдэлтэй хамт сонсогдоод буй үгийг тогтоох замаар хүүхэд хэлд ордог.

Хүүхэдтэйгээ хамт чагна
Хүүхдээ сонсохыг нь урамшуулж бай. Ширчигнэх, шажигнах ер нь байгалийн аливаа дуу чимээг хамт чагна. Харин телевизийн шуугиан хэрэггүй. Тэнд буй олон дуу чимээн дотроос хэрэгтэйгээ ялгаж сонсох гэж хичээсээр хүүхэд ядрах болно.

Ярихад нь бүү саад хий
Хүүхэд тань хэлд ороод эхэлсэн үеэс хүссэн болгоныг нь нүднээс нь “уншаад” байх хэрэггүй. Хүссэн зүйлээ хэлэх, үгүй ядахдаа заахад нь тусалж, ингэхийг нь тэвчээртэй хүлээж бай.

Хүүхдээ сайн сонсож бай
Хүүхэд тань ямар нэг юм ярих гээд байвал тун сайн анхаар. Нүд уруу нь хараад, сонирхож байна гэдгээ илэрхийл. Яаруулалгүй тайван хүлээ.

Сайжруулах - гэхдээ яаж?
Хүүхдээ заавал зөв хэлүүлэх гэж ахин дахин зовоох хэрэггүй. Хөгжлийнхөө зохих түвшинд очсон цагтаа л үгээ зөв ярьж эхэлнэ. Зөв хэлүүлэх гэж албадаад байвал хүүхэд бүр дарамтанд орох нь бий. Зүгээр л буруу хэлсэн үгийг нь зөвөөр давтан хэлж өгч байхад л болно. Харин цаг нь болохоор хүүхэд уг үгийг зөвөөр ярьдаг болох болно.

Үлгэр дууриалаар
Маш тодоор удаан ярьж бай. Ингэснээр хүүхдэд сонссоноо өөрийн болгож авах цаг олддог. Ярилцаж байхдаа хөгжилтэй бай. Зугаатай зүйлийг хүн сурахдаа дуртай байдаг. Бүхнийг зөв хийх гэж байснаас хамтдаа инээлдэх нь хамаагүй дээр. Хүүхэд бие биенээсээ их суралцдаг болохоор аль болох ижил насныхантай нь уулзуулж бай. Байнгын бүүвэйн дуу хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлээд зогсохгүй түүнийг тайвшруулж итгэлтэй болгодог.

Ингэвэл та хүүхэддээ туслах болно:
Шүүмжлэхгүй харин зоригжуулж, магтсанаар.
Бусадтай харьцуулалгүй харин байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр.
Зөв хэлүүлэх гэж оролдолгүй харин зөвөөр давтан хэлж өгснөөр.
Яаруулалгүйгээр харин тайван орхисноор.
Үгийг нь таслалгүйгээр харин анхааралтай сонсож, дуустал нь яриулж, асууж лавласнаар.
Хичээллэх гэлгүй харин хамтдаа тоглож, ярилцсанаар.
Нэг дор хэт их ярилгүй харин тодорхой бөгөөд энгийн ярьснаар.
Ярианы алдаанд нь анхааралгүй харин хүүхэд юу хэлэхийг анхааралтай сонссоноор.

Энэ бол ямар ч хүүхдэд маш чухал.

No comments:

Post a Comment