2011-04-26

Сэтгэлээ онгойтол ярьснаар тайвширлыг олдог

Эмэгтэй хүн стресс дарамтанд орсон үедээ хэн нэгэнд ярих хэрэгтэй гэж өөрийн эрхгүй боддог. 
 
Ямар ч асуудал байсан түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Зөвхөн ганц асуудалд төвлөрч шийдье гэхээсээ илүү бүгдийг нэг бүрчлэн ярьж дэлгэснээр сэтгэл нь тайвширч онгойж эхэлдэг. Иймэрхүү маягаар сэтгэлээ онгойлгосноор чухам юу түүнд саад болоод буйг ухаарч ойлгодог бөгөөд зовж буй шаналалаасаа ангижирдаг.

Эмэгтэй хүн өнгөрсөн, ирээдүй, одоогийн бүр огт шийдвэрлэгдэхгүй асуудлыг ч гэсэн ярьж дэлгэснээр сэтгэл нь амардаг. Илүү их ярьж хөөрөх тусмаа сэтгэл нь тэр чинээгээрээ амардаг. Энэ нь эмэгтэй хүний онцлог шинж юм.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй л бол эмэгтэй хүний мэдрэмжийг үгүйсгэж байна гэсэн үг.
Өөрийн эмзэглэж буй хувийн асуудлаа мартахын тулд хөндлөнгийн хүний асуудалд сэтгэл хөдлөлөөр орж эхэлж болзошгүй. Нэг үгээр хэлбэл найз нөхөд, хамаатан садан, хамт олны асуудлыг хэлэлцэж ярилцсанаар өөрөө тайвширч тайтгарчихдаг. өөрийнх ч бай өрөөлийнх ч бай ямар нэгэн асуудлыг ярьж байна гэдэг сэтгэлийн дарамтанд орсон эмэгтэй хүний байгалийн жам ёсны бөгөөд эрүүл саруул шинж төрх юм.
 
Эмэгтэй хүн ярихыг хүсч байгаа үед эрэгтэй хүн хэрхэн харьцаж хандах вэ?
Эмэгтэй хүн зовлонгоо тоочиж байх үед эрэгтэй хүн голдуу эгдүүцэж эсэргүүцэн, асуудалд хариуцлага ав гэсэн үг хэмээн таамаглачихдаг. Эмэгтэй хүн зовлонгоо хэдий чинээ их ярина төдий чинээгээр өөрийг нь буруушааж, зэмлэж байна хэмээн боддог. Эмэгтэй хүн сэтгэлээ тайвшруулан санаагаа амраах гэж ярьж байна шүү гэдгийг эрэгтэй хүн ухаарч ойлгодоггүй. Зүгээр л түүнийг сонсоход л ямар их баярлах вэ гэдгийг мэддэггүй.
Ангарагийнханы хувьд ярих хоёр шалтгаан байдаг нь хэн нэгнийг буруушаан зэмлэх, ямар нэгэн зөвлөгөө хүсэх үед. Эмэгтэй хүн маш их уурлаж байх үед өөрийг нь зэмлэн буруутгаж байна хэмээн эрэгтэй хүн боддог. Арай бага уурлаж байх үед өөрөөс нь зөвлөгөө хүсч байна хэмээн эрэгтэй хүн боддог.

Эрэгтэй хүн санаа зовж буй асуудалд нь хариу шийдвэр өгөхөд эмэгтэй хүн өөр олон асуудлын талаар үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Дахиад хоёр гурван шийдвэр гаргаж хэлбэл санаа нь амрах болов уу хэмээн эрэгтэй хүн боддог. Ангарагийнхан шийдвэр гаргаснаар сэтгэл санаа нь уужирдаг учраас тэр. Эмэгтэй хүн төдийлөн сэтгэл хангалуун бус байхад өөрийнх нь гаргасан шийдвэр олигтой тус болохгүй няцааж үгүйсгэгдэхээр үл барам үнэлж хүндлэхгүй байна хэмээн боддог.

Нэг үгээр хэлбэл эрэгтэй хүн дайралтанд орж байна хэмээн бодвол өөрийгөө хамгаалж эхэлдэг. өөрөө тайлбарлан учирлаж хэлбэл эмэгтэй хүний зүгээс өөрийг нь буруутгахаа болино хэмээн боддог. Эрэгтэй хүн өөрийгөө хэдий чинээ хамгаална эмэгтэй хүн төдий чинээгээр улам их уурлаж уцаарладаг. Янз бүрийн тайлбар номлол нь эмэгтэй хүний хүсээд буй зүйл биш гэдгийг эрэгтэй хүн ухаардаггүй. өөрийнхөө сэтгэл санааг л ойлгуулахыг хүсдэгтээ бусад олон янзын асуудал руу орж хөндөж зовлонгоо тоочиж улам лавширч эхэлдэг. Эрэгтэй хүн ухаантай бол зүгээр сонсож суудаг. 

Эрэгтэй хүний хувьд сонсоно гэдэг хэцүү байдаг. Эмэгтэй хүн гэнэт ярианы сэдвээ өөрчилж эмх цэгцгүй ярихад эрэгтэй хүн логик дэс дараатай байх хэрэгтэй хэмээн буруугаар боддог. үүгээр зогсохгүй үргэлжлүүлэн гурав дөрвөн асуудлыг ярих юм бол эрэгтэй хүн яриануудын логик холбоог олох гэж бүр цөхрөнгөө барж санаа сэтгэл нь үймэрчихдэг.

Эрэгтэй хүн сонсохоос татгалздаг өөр нэгэн шалтгаан бол ярианы хамгийн гол утга учрыг хайдаг. Гол утга учир мөн чанарыг мэдэхгүй бол асуудлыг шийдэж дүгнэж чаддаггүй. Амсхийх ч завгүй яриагаа сунжруулах нь өөрийн сэтгэл хөдлөлөө оруулахад амар байдаг болоод тэр байх.

Эмэгтэй хүн ийн ярихад ойлгох боловч эрэгтэй хүн тэвчиж чаддаггүй цөхрөнгөө бардаг. Чухам ямар санаа агуулаад юу хэлэх гээд буйг ойлгохгүй бол эрэгтэй хүн улам сөрж эсэргүүцдэг. Харин эмэгтэй хүнийг зүгээр л сонссоноор түүнд ямар их сэтгэлийн дэмжлэг болдог гэдгийг ойлгосноор сонсох нь тийм их хэцүү биш гэдгийг ухаардаг. Хамгийн чухал нь эмэгтэй хүний асуудлыг заавал шийдэх албагүй зүгээр л ярьж байна гэдгийг эрэгтэй хүнд урьдчилж ойлгуулах юм бол тэр тайван сонсож чадах юм.

Ангараг, Сугар гаригийнхан хэрхэн амар тайван болох вэ?
Ангараг, Сугар гаригийнхан хамтдаа энх амгалан аж төрж байсан. Учир нь тэд бие биенийхээ ялгааг ойлгон хүндэлж байсан учраас тэр. Сугарынханыг анхааралтай сайн сонсож хүндэлснээр ямар их сэтгэлийн дэм өгч болдгийг Ангарагийнхан мэдлээ. Ангарагийнхан сэтгэлийн дарамттай хүнд байх үед нь жаахан хөндийрөх хэрэгтэй. Эрэгтэй хүн гүн агуйдаа байхдаа сэрэх ухаарах боломжийг олдог гайхамшигтай мөчийг өнгөрүүлдэг. Энэ нь төдийлөн удаан үргэлжлэхгүй гэдгийг Сугарынхан мэдэж авлаа.

No comments:

Post a Comment