2011-04-20

Дэйл Карнеги - Энгийн нэг инээмсэглэл хүнд шинэ амьдралын найдварыг өгдөг

Дейль Карнеги нь 1888 оны 11 сарын 24-нд Америкийн Мисүри мужид тариачны гэр бүлд мэндэлжээ. 
 
Багшийн дээд сургуулийг төгссөний дараагаар худалдаачны ажил хийж мөнгө олох гэж оролдоод олонтоо бүтэлгүйдсэн Д.Карнеги сэтгэл санаагаар унаж амиа хорлох гэж ч үзэж байсан. Харин нэг удаа Олон улсын Христэд итгэгч залуучуудын байгууллагад элсэн орж, тэнд анх илтгэл тавьснаар нэрд гарах аяны гараагаа эхэлсэн. Түүний хийсэн уран илтгэлүүд, түүний бичсэн зохиол, бүтээл өнөөдөр дэлхийн залуучуудын амьдралд асар их нөлөөг үзүүлж тэдний амьдралыг өөрчилсөөр байгаа юм.


Өөрөө унаж үзсэн хүн унаж байгаа бусдыг босгож чаддаг ажгуу. Тиймээс уналт ялагдал гэдэг нь бүр мөсөн ялагдал биш, ялахын эхлэл байдаг. Карнегийн амьдрал ялагдал, бүтэлгүйдлээр эхэлсэн ч ялалтын амьдрал байсан төдийгүй  өөр шиг нь олон олон ялагдсан, унасан, бүдэрсэн, амиа хорлохын ирмэг дээр байгаа сая сая хүнийг дахин шинээр босгосон гайхамшигт амьдрал байлаа. 

"Чиний эхлэл шалихгүй байсан ч
Төгсгөлөө агуу ихээр өсгө" гэсэн үг байдаг. Дейль Карнеги эдийн засгийн хямрал Америкийг нөмөрсөн үед Нью-Иорк Манхэттонд амьдарч, амьдрал, бүх нөхцөл байдал нь муу байлаа. Гүн гүнзгий цөхрөлд орсон Дейль Карнеги "ингээд л амьдралаа дуусгасан нь дээр" гэсэн шийдвэр гаргажээ. Үнэхээр ямар ч найдвар алга байлаа. Нэгэн өдөр тэр голын усанд живж үхэхээр гэрээсээ гарчээ. Гол руу очихоор байшингийн өнцөг тойртол нэгэн эрэгтэй түүнийг дуудав. Эргээд хартал хоёр хөлгүй нэгэн эр дугуйтай банзан дээр сууж байв. Карнеги зүгээр л дуугүй өнгөрөх гэтэл тэр эр чангаар, тэгсэн атлаа маш их баясгалантайгаар “Эрхэмээ, харандаа авахгүй биз ?” гэж асуув. 

Гуйлга гуйж байна даа гэж бодсон Карнеги хармаагаа ухан 1 доллор гаргаж өгөөд цааш алхтал тэр эр дугуйтай банзаа өнхөрүүлэн араас нь гулган ирээд:
- “Байж байгаарай, эрхэмээ, харандаагаа авсангүй ш дээ” гэв.
Зөвхөн үхэх тухай л бодож явсан Карнегийг тэр хүн араас нь даган харандаагаа өг гэж зүтгэв. Карнеги гараа савлан ингэж хэллээ:
- ”Намайг зүгээр орхи, Одоо надад харандаа хэрэггүй" нөгөө эр:
- “Тэгвэл мөнгөө буцааж авах уу” Карнеги: 
- “Мөнгө ч хэрэггүй, аваад яв” гэж хэлсэн ч нөгөө эр Карнегийг бараг голын эрэг хүртэл шантралгүй даган:
- “Эсвэл харандаагаа ав, эсвэл мөнгөө ав” гэж инээмсэглэн дагасаар байв.
Эцэст нь Карнеги харандааг тэр эрэгтэйн гараас авлаа. Карнеги харандааг тэр эрэгтэйн гараас авах яг тэр агшинд үхэх тухай бодохын ч хэрэггүйг ойлгож ухаарав. Учир нь Карнеги үргэлж л үхэх тухай гуниглан бодож гол хүртэл явахдаа өөрийг нь даган энэ газар хүртэл ирсэн тэр эрэгтэйг сонирхож эхлэв. Туйлын ядуу бололтой, өөрийнх нь нөхцөл байдлаас ч долоон дор, маш хүнд хэцүү амьдардаг болов уу гэмээр энэ эр өөрийг нь даган явсан мөчөөсөө л маш баясгалантай, амьдрал хэцүү байна гэж уйтгар гунигт автан үхлийн хар ангал рүү явж байсан Карнегид тэнгэр цэлмээх мэт түүний инээмсэглэл нь сонирхолыг нь татжээ. Тэр эрэгтэйн тэр сайхан инээмсэглэл түүний үхэх гэсэн бодлыг булааж авчээ. 

Надад амьд явах ямар ч шалтгаан байхгүй гэж бодож байлаа. Гэтэл хоёр хөлгүй атлаа ямар ч уйтгар гуниггүйгээр инээмсэглэх тэр эрийг харсан тэрхэн мөчид миний бодол санаа өөрчлөгдсөн юм.
Энгийн нэг инээмсэглэл хүнд шинэ амьдралын найдварыг өгдөг. Их инээдэг хүн аз жаргалтай, их уйлдаг хүн зовлонтой гэсэн үг байдаг. Аз жаргалтай болохоороо инээдэг юм биш, нээдэг учир аз жаргалтай байдаг юм.

No comments:

Post a Comment