2011-04-12

Б.Ичинхорлоо - Эх орон

Эх орон минь
Оршуулгын газар минь
Элгэнд нэвчсэн гуниг
Ойд багтамгүй шаналан минь 

Ядуу малчны өргөмөл охин юм чи
Яруу шүлэгчийн бахархал юм
Няцашгуй баатрын өлгий юм чи
Цуцашгүй тэнүүлчийн нутаг юмаа 

Тойгтныг сөгтгөсөн өвгөд илдээ хурааж ирээд
Тогтуун цэнхэр уснаасаа өвдөг сөгдөж амсахад
Өвс хонхойлсон мөрөнд нь шувууд үүрээ зассан
Өндөр тэнгэрийн орон минь эх орон 

Эрэмгий морьдынх нь төвөргөөн
Зүрхний цохилт шиг тодхон
Эх орон чи
Шүлгийн минь амин сүнс ээ
 
Хэрэгтэй гэсэн бүхнийг чамдаа би өгнө
Хэнд ч хэрэггуй болсон ясыг минь чи л өлгийднө
Намхан уулс нь дэрэн дор нулимстай хонодог хөдөө минь
Намайг тэврэх цэцэгс нь шүүдэртэй үлдэх нутаг минь 

Хүйг минь дарсан чулуу тэртээх хаваржааны хөлд буй
Хөшөөг минь сийлэх чулуу энэтээх ташлангийн элгэнд буй
Эх нутаг минь
Энгийн хэрнээ яруу бүхнийг тань биширсээр
Энэ л насны минь амьдрал алган дээр чинь төгснөм

No comments:

Post a Comment