2011-04-22

Үнэртэй ус гэж юу вэ?

Үнэртэй усыг ямар үзүүлэлтээр нь хэрхэн сонгож авах вэ?  Бүсгүйчүүдийн хамгийн дуртай мөртөө зөвөөр сонгож ч, зөв хэрэглэж ч чаддаггүй бараа бол үнэртэн, үнэртэй ус. Үнэртэнг өөртөө тохируулан сонгохын тулд үнэртэн гэж юу болох, үнэр хэрхэн яаж "ажилладаг" тухай ерөнхий онолыг мэдэж наад захын ойлголттой байхаас эхлэх учиртай.
Үнэртэн, гоо сайхны эх орон бол – Франц Улс, энд л хэдэн үеийн турш үнэ цэнээ алдалгүй ноёрхож байгаа үнэрнүүд бүтээгдсэн. Гэхдээ дэлхий даяар борлуулагдаж байгаа үнэртэй усны ихэнх нь Францад үйлдвэрлэгддэггүй, үнэрийг бүтээгээд тэр нь хэрэв үйлдвэрлэлд орвол “үнэрний эзэн” фирм түүнийгээ 2–3 сезоны турш л ашигладаг. Харин дараа нь өөр ямар нэгэн үйлдвэрт лицензээ зарах, эсвэл өөрийн охин компани, үйлдвэрүүдээрээ массаар нь үйлдвэрлүүлж эхэлдэг юм. Яг л бусад бараатай ижилхэн. Хэрэв зохиогч фирм массын үйлдвэрлэл эрхлээд эхэлбэл  яагаад ч хүч хүрэхгүй шүү дээ? Тийм болохоор, шинэ бүтээлээсээ “цөцгийг нь л хамж авдаг”, харин  олон түмний хэрэгцээг хангах үйлдвэрлэлийг бусад нь хийг гээд өгчихдөг, аль ч салбарт – электроник ч бай, гар утас ч бай... Тэгээд үйлдвэрлэлээс лицензийн хувиа аваад, тэр мөнгөөрөө шинэ бүтээлээ туурвиад сууж байдаг. Хөдөлмөрийн хувиарлал гэсэн үг.

Үнэртэн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд Европын орнуудад, Ойрх Дорнодод, Египетэд төвлөрдөг. Гэхдээ мэргэжилтнүүд үйлдвэрлэл Францаас холдох тусам үнэртний чанар буурдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Дэлгүүрт зарагдаж буй “франц ус”-ны ихэнхи нь Францад үйлдвэрлэгдээгүй байдаг. Үнэрийг бүтээгч үйлдвэрлэсэн бус, зүгээр л Франц Улсад үйлдвэрлэгдсэн үнэртэй усыг зөвхөн өндөр үнэтэй дэлгүүр, бутикээс л авч болно.

 
Үнэртэн сонгохдоо хүмүүсийн удирдлага болгодог бас нэгэн тогтсон ойлголт бол – реклам. Үнэрийг сонин, сэтгүүл, телевизээр дамжуулах боломжгүй нь мэдээж. Үнэртэй усны реклам гэдэг бол зүгээр л стиль, зан чанарыг реклам бүтээгч хэрхэн харж байгаа л асуудал. Хэн нэг нь, тухайн дүр төрхийг тухайн үнэртэй устай холбосон л асуудал гэсэн үг. Ихэнхи тохиолдолд реклам тухайн бүтээгдэхүүн хоёрын хооронд төө хол зөрөө байдаг. Жишээ нь, гайхамшигтай рекламны ачаар нэгэн хямд, муухан чанартай ундаа залуучуудын дунд моод болон зах зээлийг эзэлж тэр чигээрээ ноёрхож үлдсэн тохиолдол бий.

 
Рекламны ертөнцөд бусад салбарын адил мөнгө л ноёрхож байдаг болохоор гоё рекламны ард сайн бүтээгдэхүүн байна гэсэн үг огтхон ч биш – их мөнгө төлсөн бол хэн хүний сэтгэл татагдахаар гоё реклам хийгдэнэ. Ажаад байхад, бүтээгдэхүүн муу байх тусам – реклам нь илүү түрэмгий, хүнд наалдамтгай, зардал ихтэйгээр хийгдсэн байдаг. Тэгэхээр рекламыг удирдлага болгож бараа бүтээгдэхүүн, ялангуяа үнэртэй ус сонгоно гэдэг бол - найдваргүй ажиллагаа. Хэрэв танд үнэр биш харин гоё сав, баглаа боодол л хэрэгтэй бол өөр хэрэг.

 
Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй, ижил үнэртэй хүмүүс байхгүй. Хүн бүр өөрийн  гений бүрдэлтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Эндээс – хүн бүрийн бодисын солилцоо жаахан ч гэсэн ялгаатай явагдаж таарна. Тиймээс, арьснаас ялгарах шүүрсний бүтэц – бас хүн бүрт өөр. Шүүрсний бүтэц өөр учраас үнэр нь ч, бусад бодистой урвалд орох байдал нь ч бас ялгаатай. Үнэртэй усыг арьсандаа түрхээд хэсэг байсны дараа арьсны шүүрстэй урвалд орж үнэр нь өөрчлөгдөж эхэлнэ, удах тусам үнэр нь өөрчлөгдсөөр байх болно. Найз дээр чинь сайхан үнэртэж байсан бол тань дээр ч бас тэгэж үнэртэнэ гэсэн үг биш.

Натурал үнэртэн бодисууд амархан ууршдаг учраас дэгдэлтийг барьдаг тусгай бодиснуудыг хольж өгөхгүй бол ганц хоёр цагийн дараа л замхран алга болно. Мөн үнэртэн бодис агаартай холилдмогц исэлдэж үнэр нь хурдан өөрчлөгддөг. Дээрээс нь үнэртэн бодисууд хоорондоо ч урвалд орох дуртай. Агааргүй, шилэнд байхдаа хоорондоо удаанаар урвалд ордог, тиймээс, задлаагүй шинэ усны үнэртэн бодисууд "тайвандуу байж байснаа" хэрэглээд эхэлсний дараа хүчилтөрөгчийн нөлөөгөөр хоорондоо урвалд орох хурд нь хэдэн арав дахин нэмэгддэг.

No comments:

Post a Comment