2011-04-06

Пикассо - Гайхамшиг хүмүүсийн амьдрал хэзээ ч уран бүтээл шиг нь байдаггүй

Гайхамшигт хүмүүсийн амьдрал хэзээ ч уран бүтээл шиг нь байдаггүйн жишээ бол ХХ зууны аугаа их зураач Пабло Пикассо билээ. 
 
Эв нэгдэл энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж байсан ч амьдралын хэв маяг, үзэл нь их зөрчилтэй нэгэн байсан аж. Кубизмыг үндэслэн сюрреализм, аван­гард урсгалыг зоригтой шүүмж­лэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм. Тэрээр хүүхэд ахуй насандаа бие муутай нэгэн байлаа. Олон ч удаа хүндээр өвдөж, үхэл амьдралын босгон дээр олонтаа ирж байлаа. 1900 онд “Би ноён” хэмээн нэрлэсэн өөрийн хөргөө зурж Парисынхны анхаарлыг бардам төрхөөрөө татах үедээ тэр дөнгөж 18 настай байлаа. Гэвч Пабло Парист алдар хүнд, худалдан авагч нарын аль алинаар нь дутаж байв. Тэрхүү хүнд хэцүү, хүйтэн ядуу, үхэл зовлонгийн жилүүдэд Пабло зогсолтгүй ажиллаж байлаа. 
 
Энэ үед түүний “Цэнхэр үе” гэж нэрлэгдсэн өлсгөлөн дүртэй, гомдсон мэт боловч сайхан “Сохор” хүмүүс олноор дүрслэгдсэн билээ. “Цэнхэр үе”-дээ тэр эцэгтэйгээ холбоогоо тасалж, эхийнхээ овгоор Пикассо гэж овогложээ.

1904 онд Пабло Францын Мон­мартр хотод ирэв. Энд түүний анхны хайрын түүх эхэлжээ. Дашрамд дурдахад түүний этгээд сонин амьдралын гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй уран бүтээлийнх нь онгод, хүч нь болдог байсан юм. Зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан эмэгтэйчүүд бөгөөд тэд ихэвчлэн тамлуулсан, зовсон мэт дүртэй байдаг нь учиртай ажээ.
Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээмэл нохой, ер нь бүх юм нь солигдоно. Тэр ч байтугай уран бүтээлийнх нь арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ.

Пикассо дурлалаас амархан уйд­даг нэгэн байсан бөгөөд хэзээ ч шинэ бүсгүйтэй танилцахаас татгалз­ддаггүй байсан гэж анд нөхөд нь дурс­сан байдаг. Эмэгтэй хүн түүний хувьд уран бүтээлийнх нь нарийн нандин чавхдас болдог байсан юм. Олон нийтийн зүгээс түүний энэ явдалд ихээхэн эгдүүцдэг байсан ч гайхамшигт уран бүтээлийнх нь өмнө бишрэн хүндэтгэж тэргүүнээ эрхгүй бөхийн хүндэлдэг байлаа.    

Пикассо 1927 онд метроноос гарч явсан 17 настай шаргал үстэй охиныг ажиглажээ. Пикассо түүний төгс үзэсгэлэнг хармагцаа биширсэн гэдэг. Тэгээд шууд гараас нь шүүрч бариад “Би Пикассо байна. Хоёулаа гайхамшигт зүйлсийг хийе” гэжээ. Тэр үед Мари Терез Вальтер урлаг, уран зураг огт сонирхдоггүй, Пикассо гэж хэн байдгийг ч мэддэггүй бай­жээ. Гэвч зураачийн өөрийг нь гэсэн өвөрмөц хүсэлд аргагүй автсан байна. Хэдийгээр Пикассогийн хувийн амьдралд олон бүсгүйчүүд орж гарч байсан ч хамгийн нандин хүмүүс нь хүү Паоло, Мари Терез хоёр нь л байлаа. Тэр хорьдугаар зууны уран зургийн аугаа их өндөрлөгийг удтал эзэгнэсэн ч түүнээс хойш хэдэн арван жилийн турш эд
үгээг хүртэл хаанчилсаар л байна. Өнөөдөр уран зургийн кубизмын урсгалыг сонгодог төлөөлөгч нь болох Пикассогүйгээр, сюрреализмыг Сальвадор Далигүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Хорьдугаар зууны аугаа зураачид болох Матисс, Пуссен, Руссогийн дэргэд тэрээр өөрийн урлагийн сүмбэр уулыг босгож чадсан билээ. Нөгөөтэйгүүр бараг бүтэн зуун жил наслахдаа бусад аугаа зураачдыг бодвол баян чинээлэг, элбэг хангалуун амьдралтай нэгэн байснаараа ихээхэн онцлог хүн байлаа.

No comments:

Post a Comment