2011-04-11

Итгэлийн хүч

Эдгэрэшгүй өвчин туссан нэгэн эмээ эмнэлэгт иржээ. Эмээгийн биеийг үзэж өвчнийх нь оношоор цөөхөн хоногийн настай болсон гэдгийг нь эмч ойлгов. Тэгээд эмээд “Та хэдхэн хоноод нас барна” гэж шууд хэлэлтэй биш, юу гэж хэлдэг юм билээ гэж их бодсоны эцэст,
- Эмээ таны бие гайгүй л байна даа
- За хүү минь, эмээ нь ер нь хэзээ талийх шинжтэй байна?
- Эмээ та, цонхоор харагдаж байгаа энэ модыг харж байна уу? 
- Харж байна, хүү минь
- Энэ модны навч гандан унасаар хамгийн сүүлчийн навч нь унахад л та тэнгэртээ халина гэж хэлжээ. 


Намар болж навч шарлатал 2 сар дутуу байлаа. Эмээ өглөө босмогц л цонхруу очиж модоо харах агаад “нэг л өглөө ганц ч навчгүй болчихсон байх вий” хэмээн санаашрана. Мод нь сагсайсан навчтай байхыг хараад сэтгэл догдлон баярлаж “миний насны тоо ч гүйцэх болоогүй л юм байна” хэмээн бурхандаа залбирна.
Намар болж навчис ганц нэгээрээ унаж эхлэхэд “тэнгэртээ халих хугацаа ч ойртлоо доо” гээд гүн бодолд автлаа. Өглөө босож цонхоор ширтэх бүрд навчисын тоо цөөрөн цөөрсөөр хэдхэн навч үлдэж маргааш өглөө нь харахад ганцхан ширхэг навч үлдсэн байлаа. Энэ ганцхан навч миний амьдралын хамгийн сүүлчийн мөчтэй хамт газарт унана гэдгийг төсөөлөн нүд цавчихгүй ширтсээр... 

Нэгэн шөнө навч нь салхинд хийсэн унаж байна гэсэн зүүднээсээ цочин сэрээд нойр нь хулжсан учир орноосоо босож цонхруу алхлаа. Цонх хүртлэх дөрвөн алхам бүхий л амьдралтай нь тэнцэхүйц урт агаад цаана нь үхэл хүлээж байгаа мэт санагдаж сэтгэл нь дэнслэх ажээ. Цонхоор харахаасаа ч айж байлаа. Жаахан охин шувууг үргээхгүйн тулд бутны цаанаас сэмхэн өндийж хардаг шиг л болгоомжлон харлаа. Мөнгөрөн туяарах сарны гэрэлд ганц навч нь харагдах агшинд эмээ арван жил уулзаагүй хүүтэйгээ уулзсан юм шиг л догдлон баярлаж “миний хоногийн тоо ч гүйцээгүй л юм байна” хэмээх бодоход нүднээс нь нулимс бөмбөрч байлаа.

Ингээд намар дуусч өвөл өнгөрсөн ч ганц навч байсаар л байлаа. Хавар болж өнөө модны навчис цэцэглэн дэлгэрч нэг биш мянга мянган навчтай боллоо. Ийнхүү 2,3 хоногийн настай байсан эмээ итгэлийн хүчээрээ бүтэн жил амьдарч чадсан билээ. Тэр ганц навч яагаад унаагүй вэ гэвэл эмч нь тэр модны нэг навчыг гандсан ч унахааргүй болгон утсаар бөхөлсөн байжээ.

No comments:

Post a Comment