2011-04-10

Сакура зочид буудлын амжилт

Си Ү компаний анхны зочид буудал болох “Сакура” зочид буудал зун цагаар, ид амралт зугаалгын үеэр ашиглалтанд оржээ. Компаний удирдлага сонин, хэвлэл, радио телевизэд харамсмаар их хэмжээний мөнгө өгч зар сурталчилгаа сайн хийлгэсний хүчинд зочид буудал нээгдсэн өдрөөсөө эхлээд л дүүрэн хүнтэй байдаг болов.
 
Гэвч их удалгүй хүн дүүрснээс болж багагүй асуудал үүслээ. Зочид буудлын 1 давхарт байрлах амралтын өрөө байнга дүүрэн хүнтэй байдгаас үүдэн зочдод амралтын цагаа өнгөрөөх газар хүрэлцэхгүй болов. Зочид буудлын ард нэгэн том хэмжээний сул газар байх боловч өнөөх нь хэдэн ширхэг мод, баахан хогийн ургамлаас өөр юу ч үгүй нүцгэн уул байлаа. Хэрэв энэ том уулыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор засвар хийх юм бол наанадаж дараа жилээс ашиглалтанд орох байсан тул зочдын амрах газар хүрэлцэхгүй байгаа зочид буудлын удирдлагууд яаж ч болохгүй хэцүү асуудалтай тулгарлаа. 


Тэгсэн ч зочид буудлын захирал Сяо Зө И Лан нэгэн мэргэн арга олжээ. “Сакура” зочид буудалд буусан зочид үдээс хойш нэгэн плакатыг хаа сайгүй наасныг олж үзэв.   
Уг плакатан дээр:
Эрхэм хүндэт зочдоо, бид зочид буудлын хойно байгаа өргөн уудам, нам сэлүүн газрыг зочиддоо дурсгалын мод суулгах газар болгон худалдаж авахаар зэхэж байгаа тул хэрвээ та хүсвэл энэ сайхан уулан дээр өөрийн гараар мод суулгаж болно. Хайр сэтгэлийн бэлэгдэл сарнай цэцэг, цэвэр ариуны бэлэгдэл сакура цэцэг, үнэнч шудрагын бэлэгдэл царс мод................ Та ямар ч мод, эсвэл цэцэг тарьсан бид танд бүх талын туслалцаа үзүүлэн, таны тарьсан модонд дурсгал болгон нэрийг тань зүүх болноо. Магадгүй таныг дараа манай зочид буудалд ирэхэд таны нэрийг зүүж хоцорсон бяцхан улиас тэнгэр тулан өндийж, гайхамшигт сайхан ногоон навчсаараа салхи илбэсэн том мод болсон байна. Тэр үед таны өнөөдөр энд өнгөрүүлсэн сайхан дурсамж тань тэр модны навч бүхэнд шигэн үлдсэнийг та олж харах болноо......... (мод тарихад 10000еэн) гэж бичсэн байв. 

Плакат наагдаад удаагүй байтал бал сараа тэмдэглэж яваа хоёр ч хос ирж хайр дурлалын бэлгэ тэмдэг болгон урт настай мод суулгах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тэдний дараагаар дээд сургуулиа төгсөөд, хонхны баяраа тэмдэглэж яваа нэг ангийнхан ирж, нэг нэг сакура цэцэг суулгах хүсэлт тавив. Зочид буудлын удирдах ажилтнууд ч энэ ажлынхаа дурсгал болгон эхний модыг суулгалаа. Буудалд амрагсад шил шилээ даран ирж очсоор нэн удалгүй зочид буудлын хойно байсан хэний ч сэтгэлийг сэргээмгүй эл хуль уул эздийнхээ нэрсийг, мөн газар эхтэй золгосон он сар өдрөө зүүсэн моддоор дүүрчээ. Буудалд амрагсад тэр сайхан хүрээлэн дотуур алхан, мод цэцэгсийн сайханд нүдээ баясгах ба зарим нэг нь өөрийн гараар мод суулгаж, аялал дуусан гэртээ харихдаа энэ тухайгаа ойр тойрныхондоо бахдал болгон ярьдаг байлаа. Түүнчлэн “Сакура” зочид буудал хүмүүсийн сонирхлыг ихээр татан, нэртэй том буудлуудын нэг болсон байна.

Нэлээн хэдэн жилийн дараа нэгэн сайхан гэр бүл жаахан хүүгийнхээ хамт уг буудалд амрахаар ирэв. Ирсэн өдрөө л гурвуул буудлын арын ойгоос нэгэн зүйлийг шимтэн хайлаа. Үзэсгэлэнтэй залуухан эх хажуудаа байгаа модыг хараад баярлан уулга алдав. Модонд зүүсэн бяцхан пайзан дээр өөрийнх нь мөн нөхрийнх нь нэр бичээстэй байлаа. Энэ залуу ээж бол хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болгон мод тарих анхны саналыг гаргасан хүн билээ. Түүнээс хойш эдний гэр бүл жил бүр хуримынхаа ойг энд өнгөрөөж, мод тарьсан тэр л өдрөө тохиолдуулан хэд хоног амраад явдаг заншилтай болсон ажээ. Эдэнтэй адил хүмүүс олон байдаг юм.

Удирдлагын онол:
Амжилтанд хүрсэн бизнесмэнүүд тогтсон үзэлдээ хэзээ ч хязгаарлагддаггүй. Тэд уян хатан байж, ашиггүйг яаж ашигтай болгож, өтөж ялзарсан зүйлийг ч этгээд гайхам болгон хувиргадаг. Сяо Зө И Лан бол ийм хүмүүсийн нэг юм. Тэрээр зочид буудлын дутагдалтай тал(амралтын танхим хүрэлцдэггүй)–ыг давуу тал буюу онцлог тал (дурсгалын мод суулгах үйлчилгээ) болгон өөрчилж чадсан юм. Түүний энэ аргыг нэг нэрийн дор хоёрыг хожсон арга гэж үзэж болно. Амжилтанд хүрэхийн тулд тааламжгүй байдал дундаас ашиг олж хардаг байх нь маш чухал. Хуучин дүрэм журмыг эвдэж шинэ соргог санаа гаргах нь амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм.

No comments:

Post a Comment