2011-04-26

Би үүнийг л хүсч байсан шүү дээ

Бурхан анх хүн юугаар ч дутахгүй, хүссэн бүхнээ авч чаддаг байхад л аз жаргалтай байдаг хэмээн бодоод бүх л байж болох зүйлсийг илгээж, хүмүүсийн баяр хөөрөөр бялхан буйг харан баясдаг байжээ. Баярлан талархснаа нэг хэсэг нь илэрхийлж байхад, нөгөө хэсэг нь үүнээс илүү гоё зүйл байхгүй юм уу хэмээн гомдоллон, шаардана. Яг л хүсэл биелүүлдэг бирд шиг хормын төдий санасан зүйл нь хэрэгжих тусам улам ихээр нэхэж, цэвдэг хүйтэн болох мэт.

Энэ юуных вэ? бурхан гайхлаа. Гадаад ертөнц чамин тансаг юугаар ч дутахгүй байхад, илүү сайхан зантай болох атал харин ч яагаад эсрэгээр байна вэ? хэмээн бодон хүмүүсийн дотоод ертөнцийг шагайж үзэхээр шийдлээ. Тэнд түүний төсөөлж байсан гайхамшигт ертөнц гэрэлтэн, халуу төөнөм дулаан илч, хайр ундарч байлаа. ХӨӨХ БУРХАН МИНЬ гэж уулга алдлаа.


БИ ҮҮНИЙГ Л ХҮСЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ, ийм ихээр хайр хүмүүсийн сэтгэлд байгаа мөртлөө яагаад би мэдрээгүй юм болоо? хэмээн ажиглан суулаа. Гадаад ертөнцийн зүйлс хэтэрхий тансаг шигээ тэр хэмжээгээрээ хуурмаг байж, дотоод сэтгэлийн мөн чанарыг далдлан ил гарах боломжийг нь хаагдуулж, хүмүүст мэдрэх хүслээ илэрхийлэхэд нь саад болж байв.

Үүнийг хараад бурхан хүнд хүссэн бүхнийг нь өгснөөр аз жаргал ирдэг биш, харин дотоод ертөнц хэмээх энэ гайхамшигт ертөнцөө танин мэдэж, нэг нэгнээ хайрлан, хүндэлж, ойлгосноор хайр хэмээх тэр сайхан зүйл өөрөө ундран гарч, аз жаргалтай болдгын байна гэж дүгнэн өөрсөд нь хувь заяаг нь даатган алсаас адислаж байя хэмээн орхин одлоо.

No comments:

Post a Comment