2011-04-20

Чамайгаа би танинаа - Хэн/н/шүлэг

Хонгор минь чамайг би холуур өнгөрсөн ч танина
Хорвоод ганцхан заяасан нандин эрдэнэ минь болохоор
Санах тусам сэтгэлийг минь жолоогүй эзэмдсэн болохоор
Саруул шөнийн оддоос ч ганцхан хараад танина

Хол холын тэртээд ч
Хонгор минь чамайгаа танинаа.
Үүдэн хойморын зайнд ойртож үзээгүй ч гэсэн
Үүлнээс үүлэнд дүүлж хамтдаа нисээгүй ч гэсэн
Үлгэр адил жаргах тэр л нэгэн дурлалын тухай
Үүр цайтал бодлогширон нойргүй хоносон болохоор

Бээр бээрийн алсаас ч
Би чинь чамайгаа танинаа.

Учралын болзоот үдэш минь намуухан байсан болохоор
Уянга яруу найрагт чинь согтон суусан болохоор
Зүрхэнд минь чиний үгс зүүгдэж хадагдсан болохоор
Зүүдэндээ би чамайг зэрвэсхэн харсан ч танина

Зуун жилийн цаана ч
Зөнгөөрөө би, чамайгаа танинаа.

Зүсрэх бороон дуслуудад үгсээ дайдаг болохоор чинь
Зөөлөн сэвших салхинд хайраа шивнэдэг болохоор чинь
Хаврын нялх дэлбээг хоног тоолон хүлээдэг болохоор чинь
Хайртай чамайгаа би чинь хаана ч таарсан танина

Чинад холын холд ч
Чамайгаа би танинаа, бүсгүй минь.

Хайр дурлалдаа шатааж зүрхийг минь тамгалсан болохоор
Халуун залуу насыг минь чимэглэж явсан болохоор
Ухаалаг дөлгөөн үгсийг чинь цээжилж явсан болохоор
Ув улаахан сарнайнаас ч уруулын чинь өнгийг би танина

Алс алсын харгуйд ч
Андашгүй чамайг би танинаа.

No comments:

Post a Comment