2011-04-26

Эмэгтэйчүүдийн ямар зан эрчүүдэд ойлгомжгүй санагддаг

“Яах гээд байгаа нь тодорхойгүй”. Эрчүүд мэдрэмжээ “түс тас” шууд, шулуухан илэрхийлдэг. Тэд намайг ойлгох болов уу гэж найдах дургүй. Харин бүсгүйчүүд өөрт төрсөн мэдрэмжийг эрчүүд шиг шулуухан илэрхийлэхдээ тааруухан.
 
- Хуримын ойгоо нөхөр нь мартчихаж. Эхнэр гомдсон байдлаа “чи намайг тоодоггүй”, “өөр хүнтэй болоод байна уу” г.м.-ээр үг хаяж илэрхийлдэг. Зарим нь бяцхан эсэргүүцэл илэрхийлнэ, уурлана. Яагаад ингээд байгааг нь таах гэж оролдоно, сүүлийн үед болсон явдлууд, хайхрамжгүй байдал гаргасан зэргийг янз бүрээр ургуулан бодно, найз хүүхнүүддээ зарим нь ярина, аягүй бол ингэсэн байх гээд таамаглал дэвшүүлдэг. Эмэгтэй хүнийг үй түмэн бодолд дарагдаж байхад эрчүүд энэ талаар төсөөлөө ч үгүй явдаг. Ямар учраас үг хаяад, уцаарлаад, бухимдаад байгаа нь тэдэнд ойлгомжгүй. Зүй нь эмэгтэй хүн энэ байдлаа үгээр, шууд илэрхийлбэл арай дээр.

 “Найз хүүхнүүдтэйгээ юугаа тэгтлээ их ярьдаг байнаа”. Бараг өдөр бүр найз хүүхэнтэйгээ утсаар ярьж, ойр ойрхон уулздаг мөртлөө яриа нь дуусахгүй юм гэж. Эмэгтэйчүүдэд ярианы сэдэв олон байдаг, хүүхдийнхээ талаар, дэлгүүрээс худалдаж авсан зүйл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс гээд тэр бүгд дээр төрсөн мэдрэмжээ хүүхнүүд хуваалцдаг. Бас хүүхнүүд ярианы чадвараар ч илүү. Аливаа сэдвийг “дэлгэрүүлж” чаддаг. Эрэгтэйчүүдийн хооронд костюм, пиджак худалдан авсан талаар яриа бараг өрнөдөггүй. Гэтэл хүүхнүүд өөр. Хослол авахын тулд аль аль дэлгүүрээр явсан, хэнтэй цуг явсан, тэнд өөр ямар хослолууд байсан, тэр хослол нь юугаараа бусдаасаа ялгаатай учир ийм сонголт хийсэн гээд л. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол мэдрэмж ихтэй, энэ нь тэдний төрөлхийн гэж хэлж болохоор онцлог. 

- “Дэлгүүрээр бүтэн өдөр шахуу хэсч чаддаг”. Энэ бас эрчүүдэд ойлгомжгүй сэдэв. Шууд л үнийг нь асуугаад гайгүй харагдвал авчих юмыг юуг нь барьж үзээд, авахгүй мөртлөө үнийг нь сонирхоод яваад байдгийг ойлгодоггүй. Эмэгтэйчүүд маань нарийн сонголт хийх дуртай. Бас эрчүүдийг бодвол шийдвэр гаргахдаа эргэлзэж байдаг.

- “Сэтгэл хөдлөл ихтэй”. Кино үзээд уйлдаг, бусдын зовлон шаналалд сэтгэлээ чилээж байдаг, бухимдсан үедээ үг нь хаанаасаа ундардаг, баярлахдаа ч нүдэнд нь нулимс цийлэгнэж байдаг энэ их сэтгэлийн хөдөлгөөн бас л эрчүүдийн хувьд оньсого. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөн эрэгтэй, эмэгтэй аль алинд нь ижил байх боловч илрэл нь өөр. Эр хүн сэтгэл хөдлөлөө дотроо барьж сурсан байдаг бол хүүхнүүд түүнийгээ шууд л гадагшлуулчихдаг.

- “Хүсээгүй байхад ч туслах дуртай”. Эрэгтэй хүн эмэгтэй хүний тусламжийг авах дургүй. Эмэгтэй улс төрч, эмэгтэй бизнесмений чадварт тэд эргэлздэг. Эрдмийн ажилдаа эмэгтэй хүнээр туслуулах, мөнгөгүй болсон байсан ч нэрэлхээд энэ тухайгаа шууд илэрхийлэх дургүй. Өөрт үүссэн хэрэгцээгээ найздаа туслах гэсэн юм гээд худлаа хэлсэн нь тэдэнд арай дээр.
 
- “Тоглоом даадаггүй”. Эмэгтэй хүн тоглоом даахдаа муу байдаг нь эрчүүдийн хувьд ойлгомжгүй, бас тааламжгүй байдаг. Эрчүүдийн “эвсэл муутай”, бүдүүлэг наргиа хүүхнүүдэд ч мөн адил таалагдахгүй байх нь элбэг. Эмэгтэй хүн тоглоом тохуу хийж байгааг цаанаа ямар нэг утга учиртай гэж хүлээж авдаг, амархан эмзэглэдэг.

Эрэгтэй хүнд биеэ цэвэрхэн авч явдаг, сэтгэл хөдлөлөө барьж, шийдвэр гаргаж чаддаг, сургадаггүй, буруутгадаггүй, гомдоллодоггүй, олон таван үггүй, цоглог, эрч хүчтэй эмэгтэйчүүд таалагддаг. Бүсгүйчүүдэд маань ч мөн адил өөрсдийн гэсэн сонголт бий. Практикаас харахад эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол харьцангуй ойлгоход, харьцахад амар.

1 comment: