2011-04-19

Д.Тэнүүн - Зөвхөн бусадтай хамт байх үедээ л хүн аз жаргалтай байгаагаа мэддэг

73 жилийн настай  нэгэн сонирхолтой судалгааг танилцуулах гэж байна. 1937 онд Харвардын их сургуулийн оюутнуудын  дунд аз жаргалыг хэрхэн ойлгодгийг  томъёолох санал асуулга явуулжээ. 
 
Тэр үеийн судалгаанд оролцсон оюутнуудын зарим нь  одоо амьд сэрүүн нас дээр гарсан ч судалгааг үргэлжлүүлсээр байгаа аж.  Шинжлэх ухаанд урьд өмнө хүний нэг насны амьдралын турш үргэлжилсэн ийм судалгаа гарч байгаагүй.

1. Нээлттэй зан  
Судалгаанд оролцогчдийн дийлэнх нь амьдралд өөрийн байр сууриа эзэлсэн хүмүүс байсан юм. 1950-60 он тэдний амьдралын алтан үе байв. Тэдэнд гэр бүл, ажил, нэр хүнд бүгд байсан. Тэд аз жаргалыг өөр өөрийнхөөрөө ойлгодог байсан нь гарцаагүй. Хэдийгээр оюун санааны доройтлыг тойрч гараагүй ч  тэднээс хамгийн жаргалтай нь баяр хөөр, айдас, түгшүүрээ ил гаргадаг хүмүүс байсан аж. Мөн хошин шогийн мэдрэмж сайтай,  өгөөмөр, нигүүлсэнгүй нь хамгийн жаргалтай хүмүүс болох нь харагдсан байна.  Судалгааны хамгийн чухал зүйл нь хүн эргэлзээ, айдас, түгшүүрээ тэр дорхноо гаргаж эсвэл олон жилээр  ч хадгалж болдог гэсэн санаа юм. Нэгэн ухаантай хүн “ Хошин шогийн мэдрэмжгүй хүн бол гинжгүй галт тэрэг л гэсэн үг.” гэсэн байдаг.

2. Юуг ч хүндээр хүлээж авах хэрэггүй
Atlantic сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны талаар сэтгүүлч Жошуа Шренк маш сонирхолтой өгүүлэл нийтэлсэн юм. Тэрээр “Аз жаргалтай амьдралын түлхүүр бол дүрэм журмыг дагах, бэрхшээлээс зугатах ч биш харин  өөрийнхөөрөө амьдрах юм. Түүнээс гадна юуг ч хүндээр хүлээн авах хэрэггүй.  Хүн болгонд сул тал бий. Өөрийнхөө эсрэг тэмцэхэд олон жил  зарцуулах хэрэг байгаа гэж үү?  Амьдрал таны бодож байгаагаас ч богинохон тул гүнзгий амьсгаа аваад, амьдралд дурла” гэжээ.

3. Аз жаргалаа бусадтай хуваалц
Би саяхан Робинзон Крузогын өөр нэг хувилбар болох сайн дураараа зэрлэг хүний амьдралыг сонгосон нэгэн эрийн тухай өгүүлдэг кино үзлээ. Бодит  түүхээс сэдэвлэсэн уг кинонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс залхсан Мак Кайндл сургуулиа төгссөнийхөө дараа хамаг зүйлээ зарж, эцэг эхийгээ орхиод, Аляскын  аглаг буйд нутаг руу явдаг.  Түүний өлсгөлөнгөөр үхэхийнхээ өмнө хэлсэн сүүлчийн үг нь “Зөвхөн бусадтай хамт байх үедээ л хүн аз жаргалтай  байгаагаа мэддэг ” гэжээ. Дээрх 73 жилийн настай судалгаа ч түүний үг үнэний ортой гэдгийг баталсан юм.  Гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлж байх нь аз жаргалын нэг хэсэг аж.  Хэрэв та бусдыг чанга тэвэрч, хайртай гэж тэр бүр хэлдэггүй бол хайр халамжаа бусдаас харамлах хэрэггүй гэж хэлье. Аз жаргал тансаг чамин  эдлэл, алт эрдэнэс, зугаа цэнгэлд байдаггүй.  Харин өнөөдөрт байдаг.

No comments:

Post a Comment