2011-04-19

Түүнд бас өөрийг нь ойлгох хүн хэрэгтэй

Амьтны дэлгүүрийн эзэн үүдэндээ “гөлөг худалдаалж байна” гэсэн пайз өлгөжээ. Иймэрхүү  рекламанд бага насны хүүхдүүд ихэвчлэн татагддаг билээ. Үнэхээр төд удалгүй нэг бяцхан хүү дэлгүүрийн үүдэнд нааш цааш холхиж холхиж зориг гарган хаалга татлаа.
Бяцхан хүү :“Гөлөг ямар үнэтэй вэ?”
Дэлгүүрийн эзэн: “$35-$40”

Хүү халааснаасаа хэдэн зоос гаргаж тоолоод;
- “Надад одоогоор $3,35л байна, би ядаж гөлөгнүүдийг харж болох уу” гэв. Хүү ингэж их сонирхож байгааг өхөөрдсөн эзэн чангаар шүгэлдэв. Туслах нь тэр даруй 5 гөлөгийг торноос  гаргав. Гөлөгнүүд хүүгийн дэргэд ирж тоглон ноцолдож байхад ганцхан гөлөг л тэр ард үлдсэн байсан бөгөөд түүний хөл доголон ажээ.

Хүү өнөөх гөлөг рүү зааж; “Тэр гэмтчихсэн юм уу”
Эзэн: “Тийм ээ хүү минь, малын эмч түүнийг төрөлхийн үе мөчний өвчтэй гэж хэлсэн”
Хүү: “Тэр хэзээд ийм байх уу”
Эзэн: “Тийм ээ”
Хүү хэсэг бодолхийлснээ баяртайгаар : “Би энэ гөлөгийг авмаар байна”

Балмагдсан эзэн: “Болохгүй ээ,тэр эрэмдэг амьтан. Би түүнийг худалдаж болохгүй”
Хүү: “Яагаад”
Эзэн: “Яагаад гэвэл тэр... Хэрэв чи энэ гөлөгөнд тэгэж их дурлаад байгаа юм бол би чамд зүгээр өгье” гэв.
Хүү: “Би энэ гөлөгийг зүгээр аваад явмааргүй байна”
Эзэн: “?”

Хүү: “Энэ гөлөг миний хувьд бусад гөлөгнүүдтэй адилхан үнэтэй. Тиймээс би уг үнээр нь худалдаж авмаар байна. Хэдийгээр надад одоо $3,35 байгаа ч би сар бүр танд $5 төлж байя” гэв. Хүү хэдий эрс тэс байсан ч эзэн зөвшөөрөхгүй л байв. “Болохгүй ээ, би чамаас энэ гөлөгний мөнгийг авахгүй. Тэр гүйж чадахгүй, бусад гөлөгнүүдтэй адил чамтай тоглож чадахгүй... ”Эзнийг үгээ хэлж дуусаагүй байхад хүүгийн нүүр часхийн улайж, чичирхийлсэн гараараа өмдний шуугаа сөхөж хиймэл хөлөө харуулаад: 

- “Миний өрөөсөн хөл ч бас эрэмдэг, би бусад хүүхдүүдтэй ижил үсэрч харайж чадахгүй. Энэ гөлөгөнд ч бас над шиг өөрийг нь ойлгох хүн хэрэгтэй шүү дээ” гэв.

No comments:

Post a Comment