2011-04-12

Жимсний ач тус

Интоор
Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй. Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.
Мөн эртний эмч Гиппократ энэ жимсийг гэнэт татаж унадаг өвчтэй хүмүүст зөвлөдөг. Интоорын жимсэнд хорт хавдар үүсгэгч концероген бодисуудын үйлчлэлээс организмыг хамгаалах чадвартай биофлавонидын төрлийн бодиснууд ихээхэн хэмжээгээр агуулагддаг. Хоол боловсруулах өвчтэй хүмүүс өлөн үедээ идэхгүй байвал дээр. 

Цангис
Цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос сайн сэргийлдэг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Шүдний буйл бэхжүүлнэ. Хоолны болон архины хордлогын үлдэгдлийг арилган цэвэрлэдэг.

Бөөрөлзгөнө
А витаминаар баялаг учраас холестериныг хазаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгаж зүрх судасны өвчнөөс хамгаалах чадвартай. Бөөрөлзгөнөд өөх задлах чадвартай бодис агуулагддаг мөн биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Харин бөөрний нефрит, подагр (цусан дахь шээсний хүчил ихдэх) зэрэг өвчтэй хүмүүст бөөрөлзгөнө сөрөг нөлөөтэй.

Үхрийн нүд
Аскорбины хүчлийн агууламжаараа зөвхөн нохойн хошууг л урдаа оруулдаг жимс. Амны халбага үхрийн нүд = нэг ширхэг нимбэг. Хагас аяга үхрийн нүдэнд хүний өдрийн хэрэгцээний С витамин агуулагддаг. Өсөж байгаа хүүхдүүдэд маш сайн. Ачаалал даах чадвартай болгоно. Антибиотикийн үйлчлэлийг нэмэгдүүлж, харин хорыг нь бууруулж өгдөг. Бодисын солилцоог хэвийн болгоно. Судасны хана хатуурах, цус багадалтаас сэргийлнэ. Эдгэхгүй удаж байгаа ханиадыг эмчлэхдээ үхрийн нүдийг буцалгаж уувал сайн. Цусны бүлэгнэл ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Зүрхний шигдээс болсны дараахь үед үхрийн нүднээс татгалзвал зохино.

Улаалзгана
Жирэмсний хордлогын үеийн дотор муухайрлыг арилгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүст сайн. Организмаас хорт бодисуудыг гадагшлуулдаг.

Гүзээлзгэнэ
Аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ. Шүдний буйлыг бэхжүүлдэг. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдаг гэдгийг эрдэмтэд нотолсон. Элэг, ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй байдаг, бас мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзсан нь дээр.

Чацаргана
Бусад бүх жимснээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ, биенээс хорт бодисуудыг зайлуулна.

Тошлой
Тошлойнд аскорбины хүчил, В амин дэмүүд, А амин дэм зэрэг ихээр агуулагддаг. Мөн энэ жимс пектинээр баялаг учраас организмаас хор шаарыг сайн зайлуулдаг, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх болон судас бэхжүүлэх үйлчилгээтэй. Тошлой жимсийг домогт Мичурин “хойт зүгийн усан үзэм” гэдэг байсан нь учиртай: түүгээр гэрийн нөхцөлд сайхан дарс хийж болдог. Ходоод болон арван хуруу нугалааны шарх сэдэрсэн мөн гэдэсний өвчтэй хүмүүст  хориотой.

Хар нэрс
Хатаасан хар нэрс ходоодны ажиллагааг хэвийн болгоно, ялангуяа хүүхдэд сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүдний хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана. Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд  хорт хавдар үүсгэгч бодиснуудыг нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд батлаад байгаа юм.

No comments:

Post a Comment