2011-04-12

Б.Ичинхорлоо - Яруу эрхэм хайр минь чи юм шүү

Амрагхан хүү өршөөгөөрөй
Алдаатай нь хамт түүнийг хайрлаарай
Өвлийн царс шиг бардамхан шүлэгч
Өөрийгөө чамлавал нүгэл болно 


Сайхан нүдэнд чинь эрхгүй дурладаг ч
Салахын цагт яавч уйлахгүй 


Биеэ тоосон өөдгүй зан нь
Чиний өмнө өвдөг сөхрүүлэхгүй
Амрагхан хүү өршөөгөөрэй
Алдааг нь түүн шиг хайрлаарай 


Засрахаа болисон хэнэггүй төрхөнд нь
Залуу омог нуугдаж байгаа
Ондоо хүнд тэр итгэж эрхлэхгүй
Олон намар ингэж төрхгүйтэхгүй 


Зоргоороо шүлэгч нэг л гутарвал
Зовлонд дасаж буурал болно
Амрагхан хүү өршөөгөөрэй
Ахиад түүнийг бүү зэмлээрэй 


Чиний дэргэд цадиггүй гэлээ ч
Чин хайр нь бурхных шүү 


Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг хурна
Хайртай гэж хэлсэн минь харин цөөдөхгүй
Хяруу цайрах намар цагаар хуучрахгүй 


Дөрвөн цагийн эргэлтэнд ганцхан чамайгаа санадаг
Дөлгөөн нүдний чин харцанд би тайвширдаг
Сэтгэлийн чин үгийг ардын дуу шиг санадаг
Сэвлэгний чинь үнэрийг үрийнхээ зулайнаас олдог 


Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү

No comments:

Post a Comment