2011-04-13

Пифагор - Амьдрал яг театр

Өмнөд Италиас гаралтай, Эртний Герегийн гүн ухаантан Пифагорын эцэг Мнесарх худалдаачин хүн байжээ. Нийтийн тооллын өмнөх 576 оны ургац муутай жил тэрээр Самос арал дээр арилжааны ажлаар түр суурьшаад байх үед хүү нь төрсөн гэдэг. Мнесарх хүүгээ байнга дагуулж наймаа хийдэг байсан тул жаалхүү аливаа юмны учрыг олохдоо гаргуун болжээ.

Дашрамд хэлэхэд, Пифагор гэдэг нь нэр биш, ямагт үнэнийг шууд хэлдэг учраас оногдсон хоч нь болой.
Пифагор бол гүн ухаантан Анаксимандр, яруу найрагч Ферекид нарын шавь юм. Гадаад төрхөөрөө тэр тун сайхан эр асан бөгөөд урт сахалтай, толгойдоо байнга алтан цагираг зүүж явдаг нэгэн байлаа.  
Пифагор 22 жилийн турш Египетэд сууж, бөөгийн нууц увдисуудад суралцсан аж. Тэгэхдээ бэлэг эрхтнийхээ хөвчийг таслуулахгүй л бол мөнөөх нууц эрдмийг зааж өгөхгүй гэсэн тул тэдний шашинд орж, эрхтнээ хозлуулж байжээ. Пифагор өөрөө нэг ч зохиол бичиж туурвиагүй юм. Анх номлолоо уншихад нь 200-гаад хүн цугларч шавь орцгоогоод, буцаж харилгүй эхнэр хүүхдээ авчруулаад Их Герег хэмээх жижигхэн улс ч гэж хэлж болохоор томоохон сургуулийг байгуулжээ. Тэрхүү бие даасан, бяцхан улсад Пифагорын хэлсэн бүхнийг бурханы зарлиг шиг мөрддөг байв. Гэхдээ Пифагор бурхны зарлигт:
- Шош идэх нь нүгэл.
- Орноос босуут алгаараа гудсаа илж, биеийнхээ мөрийг арилгаж бай.
- Цагаан тахианд гар бүү хүр.
- Толинд харахдаа хажуудаа лаа асаа.
- Дээвэр дор хараацай үүрээ засах нь муу ёр гэх мэтийн хачирхалтай, заримдаа инээдтэй номлолууд байсныг дурдах нь зүйтэй. 

“Философи” гэдэг үгийг анх бий болгогч нь Пифагор юм. Тэр амьдралын утга учрын талаархи өөрийн дүгнэлтүүдийг философи гэдэг байжээ. Нэгэн хотын захирагч Пифагороос “Философи гэдэг чинь яг юу юм бэ?” хэмээн асуухад тэрээр:


- Хүний амьдралыг бараан зах юм уу олимпийн наадамтай адилтгаж болно. Зах дээр хүн бүхэн л өөрт ашигтай наймаа хийхийг боддог. Наадам тэмцээнд оролцогчид алдар нэрийг хүсэмжилдэг. Бас тэнд юу болж байгааг ажиглагчид ч бишгүй олон. Амьдрал дээр ч хүмүүс ийм л байдаг. Ихэнх нь баяжиж, нэр алдар олохын төлөө гүйдэг. Харин цөөн зарим нь тэр үймээн шуугианд үл оролцон, юмс үзэгдэл байгалийг сонирхон, алив бүхний үнэн мөнийг олохыг илүүд үздэг. Мэргэн ухааныг таашаагч эдгээр хүмүүсийг философичид гэх бөгөөд хүний тэмүүлэх ёстой бүхий л оюун ухааныг нэгтгэж харахыг хичээдгээрээ тэд ердийн цэцэн цэлмэг яриа хөөрөөтнөөс ангид, дээгүүр юм гэж хариулсан гэдэг.

Уйлж байхыг нь хэн ч хэзээ ч хараагүй, дур тачаал, сэтгэл хөдлөлд толгойгоо мэдүүлэхгүй байж чаддаг энэ ухаант эр өөрийгөө бусдаас илүү шилдэг үр хөврөлөөс амилсан хүн гэдгээ байн байн дурсах дуртай байжээ. Сонирхолтой нь Пифагор сүнс нэг биеэс нөгөөд дамждаг гэдэгт үнэн голоосоо итгэдэг, өөрийгөө урьд төрөлдөө Хермес бурханы хүү, өвс ургамал, Тройн дайны баатар Эвфорб зэрэг байсан хэмээн мэтгэдэг байлаа. Түүнд үнэхээр онцгой, бурханлаг шинж байсан эсэхийг өдгөө бол хэн ч мэдэхгүй. Ямар боловч нэг удаа Пифагорыг голын эрэг дээр ирмэгц ус голдрилоосоо үсрэн гарч ирээд “Пифагор мандтугай” гэх дуун гарсан тухай домог бий. Хүний сүнсийг тээж яваа гэж үзсэн амьтдынхаа өмнө зогсоод тэр сургаалаа номлодог байсан ч гэлцдэг.

Хожуу үеийн нэлээд сэтгэгчийн онцлог санаа Пифагорын намтарт шингэж дурдагдсан жишээ олон. Нэгэнтээ тэрээр эзэндээ зодуулан, гасалж байгаа нохойг харжээ. Пифагор маш их өрөвдсөн байна. Тэгээд:
- Боль, битгий зод. Энэ гаслан гангинах дуунаас би талийгаачийн хоолойг олж сонслоо. Энэ золгүй нохойн биед миний сайн нөхөр шингэсэн байна хэмээсэн гэдэг.

Пифагорын сургаал эрх чөлөөт иргэдийг оюун ухааны хувьд бие даасан үзэл бодолтой болгон хүмүүжүүлж байсан тул эрх баригчдад таалагдаагүй юм. Иймд Пифагорыг хорлох хуйвалдааныг далдуур зохион байгуулжээ. Хуйвалдааныг Кротон хотын баян иргэн Килон гэгч толгойлж байв. Нэгэнтээ хүнд өвчтэй багшийгаа эргэж очоод байхад нь байшинг гаднаас галдахад, Пифагор тэндээс ганц шавийнхаа хамт л гарч иржээ. Тэрхүү Килон гэгчийг шавь орохоор ирэхэд нь Пифагор хүлээж авалгүй хөөгөөд явуулчихсанд өшрөн хорссондоо ийнхүү халдсан гэдэг. Философич тэрхүү явдлаас хойш байнга дайсагналаас зугтаж явсан боловч нэгэн шөнө салхинд гарах үедээ алуурчдын гарт өртсөн байна. 

Пифагорын тухай орчин үеийн судлаачид: “Шашны лүндэн буулгагч, цэвэр математикч хоёр нэгэн биед цогцолсон нь” хэмээн дүгнэж үйл ажиллагааг нь энэ ёсоор хоёр талтай үздэг.

Пифагорын сургаал айлдвараас
  • Эрдэмтдийн нийгэмлэгт элсэх хэрэггүй. Хамгийн ухаалаг хүмүүс нэг дор цуглахаараа ердийн хүмүүс болцгоочихдог.
  • Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршино.
  • Хэрэв чи үр хойчдоо хүндлэгдэе гэвэл үхэхийн цагтаа шударга түвшин гэр бүл, сайтар шигшигдсэн ном хоёрыг л үлдээ.
  • Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө.
  • Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз.
  • Нэг дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалаас үнэтэй.
  • Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
  • Амьдрал яг театр, ухаан мөхөс хүмүүст хамгийн аятайхан суудал таарсан байдаг.
  • Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг.
  • Үнэнийг нүцгэнээр нь харах дээр байдаг юм. Худал хуурмаг зүйл яахав, хувцастай л байдаг юм байгаа биз.

No comments:

Post a Comment