Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгоныхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдралаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ.
Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь
- Үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд сануулья надтай уулзаад явсны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү? гэж асуухад нөгөө эр
- Тиймээ гэв.
- Чи тэгэхэд заа над шиг амьтан яаж тийм зүйл хийж чадахав гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсноо хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа. Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тийм үү? гэж асуухад нөгөө эр
- Тиймээ би тэр эмэгтэйг сайн санаж байна гэв.
- Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очсон бол хожим чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан яаж над шиг ядуу хоосон эрийг тоохов гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн бүхнээ өгсөн харин нэгийг нь ч авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй өөртөө л гомд гэжээ.
No comments:
Post a Comment