Германы хөгжмийн их зохиолч, нийтлэлч, XIX зууны романтик урлагийн хамгийн сод төлөөлөгчийн нэг Роберт Шуманы бүтээлийг Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский “Хөгжмийн шинэ хэлбэрийн бүхэл бүтэн ертөнц болсон тэрээр өөрийнхөө суут өвөг дээдсийн хүрч амжаагүй чавхдасыг анх хөглөсөн юм” гэж үнэлжээ.
Р. Шуман багаасаа хөгжим, уран зураг, яруу найрагт адилхан авьяастай, идэр үедээ урлагийн онол, гоозүй судалж байв. Эх нь түүнийг хуульч болгох гэж цөхрөнгөө барж эцэстээ хүүгийнхээ урлагийн авьяас билэгт буулт хийхэд хүрсэн юм. Р. Шуман “Хөгжмийн шинэ сэтгүүл”-ийг үндэслэж 10 жил түүний зохиогч, редактор байхдаа гайхалтай дайчин нийтлэлүүд бичиж, түүндээ хоцорсон үзэл санаа, арга зарчмыг шүүмжилж, шинэ дэвшилт бүхнийг сурталчилж байлаа. Түүний зохиосон төгөлдөр хуурын бяцхан аязууд нь ер бусын содон зураглал, ончтой дүрслэл, хөтөлбөрт шинж, урьд сонсогдоогүй хэмнэл сэлтээр тэр үеийнхний гайхлыг төрүүлдэг байв. Тиймээс зарим хүмүүс түүний зохиол бүтээлийг ойлгож ядахдаа “хөгжмийн урлагт үймээн дэгдээгч” гэж бичиж байжээ. Р. Шуман үнэндээ цоо шинэ зам эрж, хүний сэтгэхүйгээс гарч болох бүхий л хувирал өөрчлөлт, амьдрал, үзэгдлийн эгзэгт мөч, хямралыг гайхалтай хурц мэдэрч, үүнийгээ төгөлдөр хуураар төгс илэрхийлэн дүрсэлж чаддагаараа гоц байжээ.
Р. Шуман урдах ажлаа хөгжмийн “шоовдор” жижиг хэлбэрүүдээс эхэлж, аажимдаа том хэлбэрт шилжсэн юм. Төгөлдөр хуурын гурван сонат, “Уран сэтгэмж”, “Эрвээхэй”, “Багт наадам”, “Бүжгүүд”, “Хүүхдийн амьдралаас”, “Ойн амьдралаас”, “Хүүхдийн цоморлиг” зэрэг жижиг хэлбэрийн зохиол бичжээ. Харин түүний 4 симфони, 7 концерт, 25 цөөхүүл чуулга зохиол, хөтөлбөрт удиртгал, төгөлдөр хуурын бөгөөд хийлийн гурав, гурван сонатууд нь үзэл санаа, сэтгэхүйн арвин гүн утга, өргөн далайцтайгаараа онцлог юм.
No comments:
Post a Comment