2010-12-27

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №08

Баталгаат байдлын хүслэн
Ууртай ба түргэн бухимддаг хүмүүс багадаа хүнд хүүхэд үе туулсан, ядуу байдалд өссөн, тавьсан хоолны төлөө ямагт тэмцэлдэх хэрэгтэй байсан бөгөөд тэд хувь заяандаа дандаа гомдоллож баталгаат байдлын бараг л мөрөөсөл болцгоодог. Өөрсдөөсөө чадалтай, “илүү азтай” хүмүүстэй өөрсдийгөө хохиролтой талаас нь жишнэ. Энэ бол тэдний хийж болох хамгийн муу үйл юм. Хэрэв, “илүү азтай” нөхдүүдийг нь шаналгадаг зовлонгуудыг тэд мэдвэл тэгтлээ атаархах нь юу л бол. Тэгээд ч эдгээр “илүү азтайчууд” өөрсдийгөө илүү баталгаат байдалд боддог нь эргэлзээгүй хэрэг ердөө ч биш.

Ажлаа алдчихвий гэсэн айдас жишээ нь бараг бүх хүнийг зовоодог. Нэгэн компанийн дэд ерөнхийлөгч, эсвэл өөр өндөр тушаалын дарга аль ч ажилтны нэгэн адил үл үнэлэгдэхээс эмээж буй. Хэрэв өөрөөс чинь агуу том ямар нэгэн юманд л байна гэж олдоггүй юм бол амьдралд абсолют баталгаа байдаггүй гэдгийг ойлговол энэ нь баталгаат байдалтай холбоотой дарамтуудыг гэтлэхэд тун хэрэг болно. Баталгаагүй байдлаас айхын нэг эх сурвалж нь хувиа хичээлт. Ер нь хэн нэгэн түүнтэй юу юу тохиолдчих бол гэж үргэлж бэмбэгнэж байдаггүй бол түүний анхаарлыг магадгүй аюулууд тэгтлээ их татахгүй.
Иймээс баталгаагүй байдлын мэдрэмжийг ялах нэг үр дүнтэй арга бол өөрсдөөсөө анхаарлыг холдуулах юм. 

Ингэх хоёр арга зам байна. 
Нэг нь, ямар нэгэн зорилгыг гүйцэлдүүлэхээр хатуу ажиллах. 
Нөгөө нь, бусдад туслахыг хичээх, нийтийн хүчин чармайлтад хувь оруулах. Хэрэв өөрсдийнхөө зовлонг мартахыг хүсч байгаа бол бусдын зовлонд туслахыг хичээхээс сайн жор үгүй.

Уур хилэн ба үзэн ядалтыг яаж өөрсөддөө ашигтай байлгах вэ?
Нэгэн сонин дээр дараах мөрөөр эхэлсэн захидлыг уншиж билээ: “Би энэ хамт олны дунд арван хоёр жил амьдарч байгаа бөгөөд тэдний дотор зүй бусаар “үзэн ядагчид” олон байгааг ажиглах боломжтой байлаа.” Yзэн ядагчдын тоог нэмэгдүүлэх нь ухаалаг хэрэг болохгүй байх гэж санана, иймээс уур, хилэн, үзэн ядалт гэх мэт сөрөг мэдрэмжүүдийг бид яаж болохыг судлах нь зохистой. Эдгээрийг бүтээлчээр ашиглаж болох уу? Хэрэв нэгэнт үзэн ядах хэрэгтэй байгаа бол үүнийгээ хожим нь үр дагавараас нь ичихгүйгээр, эсвэл өөрсдийгөө илжиг мэт харагдуулалгүйгээр хийх боломж бий юу?

Хүн төрөлхтний сургааль айлдагч мэргэд бүр эртнээс л эдгээр харанхуй мэдрэмжүүдээс ухаан санаагаа цэвэрлэхийг оролдвол сайн хэмээсэн байдаг, гэвч үргэлж тэдний зөв байсангүй. Дээр нь нэмэхэд, тэднээс олон хүн хорвоог ихэд гэнэхнээр харж байжээ.
Yнэнийг хэлэхэд эдгээр мэдрэмжүүд нь үнэндээ хүний дотор ажиллагч примитив хөдөлгөх хүчнүүд бөгөөд тэднийг дарах нь өлсгөлөн ба бэлгийн зөнг дарахаас юугаараа ч хялбар бус. Бидний олонх нь үүнийг мэддэггүй, өөрөөсөө гарган зайлуулахыг хүсдэг ч үгүй (тэгж оролдлоо ч гэсэн чадахгүй биз), харин хэрэв бид ухаалаг бол тэднийг хэмжээ хязгааруудын дунд барьж байхыг хичээнэ.

Бид өөрсдөөсөө “адгийн”-д тооцогдох бүх зөнгүүдийг бүрмөсөн хөөн гаргах бололцоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байх. Тэднийг бид сахилгажуулаад үйлдлүүдээ өөрчлөх чадалтай гэдгийг харин мэднэ. Yндсээр нь сайжруулах шаардлагатай байгаа зүйлүүд дээр сөрөг мэдрэмжүүдийг хэрэглэх арга бий. Зөв уур заримдаа хамгийн үйлчилгээтэй өөрчлөгч зэвсэг болдог. Абрам Линколн бүр залуу байхаасаа боолчлолын ёсыг үзэн яддаг байжээ. Өмнөдөд аялж явахдаа нэгэн золгүй харыг хэрхэн үнэ хаялцан худалдаж байхыг хараад хамт явсан нөхөртөө:
- “Хэрэв хэзээ нэгэн цагт энэ ичгүүргүй институттай үзэлцэх боломж олддог юм бол маш ширүүн довтлох болно!” гэжээ. Тэрбээр мунхаглан уурлаж бухимдсангүй. Дотроо үзэн ядалтыг тэжээн, тордож байв. Галын дөлийг дотроо унтраалгүй хадгалж, гэхдээ хязгаар дотор нь барьж байлаа. Энэ гал нь ширүүн довтолж болох тэр өдрийг ирэн иртэл яг л галт уулын тогоо мэт байв. Yр дүн нь Чөлөөлөх Тунхаглал болсон билээ.

Хэрэв ууртай байхдаа бид биеэрээ хэрхэн юманд ханддагаа мэдэж байвал энэ нь сөрөг мэдрэмжээ эерэгээр гаргахад тус болно. Хөдөө амьдарч байсан нөхөр, эхнэр хоёрын тухай нэгэн хуучны яриа байдаг. Нэг өглөө, нөхөр нь галт тэргээр явахаар зэхэж байх үед эхнэр нь хэлжээ:
- Жон! Явахаасаа өмнө гал тогооны өрөөнд ороод Бриджеттиг жаахан загнаадахгүй юу.
- Yгүй ээ, хонгор минь чамайг сэтгэл хангалуун байгаа гэж би бодоод байгаа шүү дээ!
- Тийм нь тийм, гэхдээ өнөөдөр цаадах чинь хэдэн хивс гүвэх ёстой юм, хэрэв ууртай байвал хамаагүй сайн хийдгийг нь би мэднэ гэж эхнэр нь хариулжээ.

Бид ууртай байх үед бидний биенд зарим өөрчлөлтүүд гардаг. Зарим физиологийн үйл явцууд хэсэг хугацаанд зогсоно. Жишээ нь хоол боловсруулалт. Гар ба хөлний булчингуудад цус ихээр хуралдана. Зүрх илүү түргэн цохилж эхлэн цусан хангамжийг нэмэгдүүлж, бие организм илүү их чихэр цусанд шахна, түүнийг шатаан бид илүүдэл энергитэй болно. Хүн өдөөгч этгээдтэй үзэлцэхэд физикийн хувьд илүү сайн бэлтгэгдсэн байдаг. Хэрэв хэн нэгэн ууртай байгаа бол сэтгэл хөдлөөгүй байхаасаа илүү хатуу тэмцэлдэнэ. Yүнийхээ төлөө харин төлөх хэрэгтэй болдог, учир нь бодол сэтгэлгээ нь мэдрэмжээс чөлөөт байдалд байдаг шигээ тод болоод уян хатан байдаггүй. Мэдрэмжүүд бодитоор үнэлж цэгнэх чадварыг бүрхэгдүүлдэг.

Асуудал бол, бид өнөөдрийн дэлхийд уураа физикийн хувьд гаргаж чаддаггүй атал хэтэрхий тогтмол уурлацгаадаг. Жишээ нь, тасралтгүй элдэвлэх, хараал идэм тооцоолж болшгүй жолоочийн ард чи зам дээр явж байна гэж бодъё. Чи түүнийг гүйцэж түрүүлэхээр шийдэвч тэр дохилгүйгээр гэнэт зүүн тийшээ эргэнэ. Тормозоо тултал нь гишгээд чи бусдаас сантиметрүүдийн зайтай зогсоно. Яах вэ? Буугаад орилж хашгирах уу? Тэгэхээр яана гэж? Эсвэл рулээ чанга базаад өөртөө харааж, тэгээд замаа хөөнө. Чиний уур харин намжихгүй, бүхэл өдөржингөө баргар байх болно. Эртний сайхан примитив цагт бол чи түүнийг сайхан болгоод өгөх байсан биз, хатуухан нударгалаад хаях байсан байх. Гэтэл одоо бол физикийн замаар гаргах аргагүй уур чиний хоол боловсруулалтыг зогсоожээ. Цусанд нэвтэрсэн илүүдэл чихэр алга болохгүй, орц нь харин тогтмол байдалд байна. Эмч нарынхаар бол чихрийн өвчтэй болох эхний алхам энэ аж.

Хэрэв уур, үзэн ядалтыг физикийн идэвхийллээр өөрсдөөсөө гаргахгүй бол эдгээр мэдрэмжүүд бидний бие организмыг эвдэх болно. Ходоодны өвчнүүд олон тохиолдолд дотроо барьсан шаналал, уур болон бухимдлын үр дагаварууд байдаг. Туршилтанд оролцогч этгээдэд уурыг нь хүргэх юмсыг хэлэхэд ходоодонд нь хүчлийн нэгдэл гурав дахин нэмэгдэж байсныг эмчийн туршилтууд баталжээ.

No comments:

Post a Comment