2010-12-22

Сэтгэлийн нүд

Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнх нь өрөөний голд, хамгийн сүүлчийнх нь хаалганы хажуугийн орон дээр хэвтэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв.
 
Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнх түүний байранд шилжив. Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

- Зөөлөн будрах цасан ширхгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ. Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав.

Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтнийг гаргахаар асрагч нар ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

No comments:

Post a Comment