Бүх хүн стереотипүүдтэй
Бидний тархинд орж суухад үнэн хэрэгтээ юу болоод байгааг нь бид огт мэддэггүй тийм үзлүүд байдаг. Бид тэднийг өөрсдийнхөө болгодог бус, тэд биднийг өөрсдийнх нь болгодог ажээ. Хэрэв, бидний дотор үлмэдэхүйд оршин буй стереотиптэй ямар нэгэн байдлаар холбогдсон сэдвээр ярьж байгаа бол бид илүү чанга дуугаар ярих хандлагатай байдаг нь ажиглагджээ. Баримтад үндэслээгүй зүсэн зүйлийн сэтгэлгээний заншил, үзэлд бид жилээс жилд суралцдаг. Эдгээр нь стереотипүүдийн хамгийн муу төрлүүд бөгөөд тэднийг цөөн хүмүүс л гэрэлд гаргаж, бодитоор нягталдаг.
Шүтлэгтэй хүмүүсийн дунд ч стереотиптэй хүмүүс олон бий. Дэлхий дээр бараг л бүх агуу зүйл сайн хүмүүсийн стереотип бүхий үзэн ядалтаар хүрээлүүлэн төрсөн байдаг. Эхний үед эмнэлгийн мэдээ алдуулалтыг мухар сүсэгтнүүд хилэгнэн эсэргүүцэж байв. Хүний зовлон бол Бурханы хүссэн нь бөгөөд түүний хүслийг сөрж болохгүй гэж хэлцгээж байжээ. Яг л ийм стереотип бүхий байдлаар ариутгагч бэлдмэлүүдэд анх хэрэглэж эхлэх үед нь хандаж байв.
Жаквард нэхэгч машины тухай ярьж байхад нь Бүхнийг Гүйцэлдүүлэгч ч бүтээж үл чадах нэг тиймэрхүү юм л хийх гээд байгаа биз хэмээн тохуурцгааж байлаа. “Татсан утсан дээр даавуу нэхэх гэнэ үү?” Энэхүү агуу зохион бүтээгчийг ариун үнэнч, гэхдээ стереотиптэй сүсэгтнүүд гэр орноос нь хөөсөн билээ. Төмөр зам барих тухай анх яригдаж байхад Даниел Вебстер зам төмөр дээр хөлдсөн мөс зүтгүүрийг хөдлөхөд нь саад болно, хэрэв нэгэнт хөдөлсөн бол харин зогсоох аргагүй гэж хэлж байжээ. Даниел Вебстер их стереотиптэй хүн байв. “Зэрлэг нутгийг” эзэмшихэд төмөр зам ямар их нэмэртэй байж болохыг харах чадваргүй байлаа.
Нью-Иоркоос канцеллар Ливингстон мөн төмөр замын эсрэг байсан ба “Хэн ч арван хоёр, арван таван милийн хурдтайгаар агаарт довтолгож амиа туршихыг хүсэхгүй” гэж байв. Хенри Клей хэрэв хэн нэгэн Саулт Сейнт Мери сувгийн ажилд мөнгө оруулбал энэ нь саранд аялахад мөнгөө өгч байгаатай адилхан хэмээн зарлаж байжээ. Бид стереотипүүдийнхээ эсрэг юу хийж чадах вэ? Хамгийн түрүүнд, бид мэдэлгүйгээр өөрийн болгосон бүлэг үзэл бидэнд бий гэдгийг, мөн сэтгэлгээний энэхүү үл мэдэгдэгч дасал зохицол нь хэзээ ч үл тасрах үйл явц гэдгийг өөрсөддөө дахин дахин сануулж байх хэрэгтэй. Энэ үзлүүдийн үлэмж хэсэг нь ташуурсан, нэг талыг барьсан. Олон тохиолдолд стереотиптэй үзлүүдийг бид ухаантайд тооцсон хүмүүсээсээ сонссон болохоор хүлээж авдаг. Өдөр бүр бид сонсоход бэлэн байдаг бодол санаанууд бидний ухаан санааны нүх сүвүүдийг бөглөнө. Хүмүүс юу ч гэж боддог бай, баян бүхэн хулгайч биш, мөн ядуу болгон гэгээн бус.
Yүний зэрэгцээ үл мэдэгдэн бидний ой тойнд нэвтэрсэн стереотипүүдтэй гүнзгий мэдрэмжүүд холбоотой байдгийг ч бас санах хэрэгтэй. Тэднийг танин мэдэж, тэднээс салах явдлыг мэдрэмжээр дүүргэгдсэн их хүчин машид хүндрүүлдэг. Мэдрэмжүүд биднийг сохор болгодог ажээ. Хэрэв үүнийг мэдэцгээж байгаа бол сэтгэлгээний муу зуршлуудынхаа эсрэг амжилттай тэмцэх нэлээд боломж байна гэсэн үг. Хэрэв хэн нэгэн, сэтгэлгээ нь зөнгийн дагуу, бодит хандлага дутагдалтай болон мэдрэмжүүдэд эзлэгдсэн гэдгээ ухаарвал зохих хэмжээний ухаан гаргахад тэдгээр стереотипүүдийг яавал зохилтойг мэдэх болно. Эерэг болон сөрөг нотолгоонуудыг ээлжлэн хэрэглэж, баримтан дээр үндэслэсэн байр сууриа бий болгоно. Санаагаа илэрхийлэх үедээ урьдын сэтгэлгээний занга урхийг аль болох холуур тойрохыг эрмэлзэнэ. Энэ бүгд ердөө ч амаргүй гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаас ганц л хазайхад хангалттай, тэгмэгц урьдын сэтгэлгээний рефлексүүд шууд л ажиллаж эхэлнэ. Бодитой шинжилгээний үр дүн бидний санаа бодол дээр автоматаар тусгагддаг болтол цаг хугацаа, өөртөө тулгасан хатуу сахилга хэрэгтэй.
Нэгэн психологийн профессор оюутнууд дээрээ сонирхолтой туршлага явуулжээ. Хэвлэлүүд өргөнөөр хэлэлцэж, хүмүүст хүчтэй мэдрэмжүүд өгсөн нэгэн сэдэв сонгосон аж. Залуучууд туйлширч аль нэг талд орохдоо бэлэн байдаг тул ийм “талцсан” сэдэв сонгожээ.
Нэгдүгээр байр суурьтай санаа нэгтэй байгаа хүмүүс гараа өргөхийг оюутнуудаас хүсчээ. Дараа нь хоёрдугаар байр суурьтай холбоотойгоор мөн ийн хүсэж. Эцэст нь хэлсэн нь: “Одоо харин хоёр байр суурийг аль алийг нь ул суурьтай судалж, үүнийхээ үндсэн дээр шийдсэн хүмүүс гараа өргөнө үү.” Хэдхэн гар дөнгөн данган өргөгдсөн аж.
Хэрэв, юмыг бүх талаас нь шинжилж сурсан ухаантай хүмүүсийн бүлэгтэй харьцаа тогтоож, тэдний хамт тухайн асуудлыг томруулагчийн цаана аваачвал стереотипүүдийг давахад маш тустай байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг ширээн дээр дэлгэ, тэгээд бусад хүмүүс түүнийг чинь шүүмжлэн хэлэлцэг. Ухаанд чинь ч ороогүй ямар их стереотип чиний дотор ажиллаж байгааг хараад өөрөө тун гайхах болно.
No comments:
Post a Comment