2010-12-27

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №11

Аашаа яаж гартаа барих вэ? 
Шинжлэх ухааны ачаар бид өнөөдөр аашны талаар нэгэнт хангалттай ихийг мэддэг болжээ. Нэг талаас уйтгар гуниг ба эргэлзэл цөхрөл, нөгөө талаас урам зориг ба хөөрөл баясал ээлжлэн солигдох цаг үеүд ердөө ч санамсаргүй биш нь илэрхий болсон байна. Эдгээр нь бидний төлөвлөгөө, төсөөллийн бүтэлгүй буюу бүтэлтэйн, найзуудын юм уу дайснуудын үйлдлүүдийн, аз буюу эзийн зүгээр л хариу тусгалууд төдий бус.
Гадаад орчны нөлөөллүүдээс үл хамааран бидний ааш үе үе хөгжилтэй буюу гунигтай байдаг. Аашны энэ тогтворгүй байдал нь мэдрэмжийн хүчнүүдийн давалгаануудын шууд дагавар юм. Эдгээр нь оргилдоо хүрэх үед хөөрөл, бэх бат өөртөө итгэлийг бид мэдэрч, бүтээх хүчээр дүүрэн болно. Доод цэгтээ байх үед бид гутрангуй, хамгаалал эрсэн байдлаар хорвоог хардаг. Найдлага, цөхрөл - хад ба давалгаа шиг хүний сэтгэлд солигдон байна. Хэрэв хэн нэгэн урт хугацааны туршид өдөр бүр сэтгэл санааныхаа байдлын талаар тэмдэглэл хийвэл тухайн долоо хоногт барагцаагаар ямархуу ааштай байхаа урьдчилан хэлэх чадвартай болох бөгөөд үүнийгээ үйл хөдлөлдөө анхаарч чадах юм.
 
Өөрсдөө ийм тэмдэглэл хөтөлсөн хүмүүс бий, мөн психологич оюутнууд ч өөрсөд дээрээ ийм туршилт явуулж байжээ. Энэ бүгд хоёр долоо хоног бүр оргилдоо хүрч, мөн бэлдээ буудаг хүмүүс байдаг гэдгийг харуулжээ. Өөрөөр хэлбэл сайтар урьдчилан хэлж болохуйц ааш хувиралын мөчлөгүүдтэй гэсэн үг.

Энэ тухайд харин хүмүүсийн хооронд үлэмж ялгаа байдаг нь ажиглагджээ. Сэтгэл санааны байдал нь хамгийн доод цэгтээ очиход буюу оргилдоо хүрэхэд зургаан сарын хугацаа хэрэгтэй хүмүүс байдаг. Yүнээс цааш жижиг сажиг өөрчлөлтүүд эдгээр мөчлөгүүдэд гарч болно. Иймээс хэрэв хэн нэгэн ааш солигдолтынхоо талаар яг таг мэдээлэлтэй болохыг хүсвэл дор хаяж нэг жилийн турш мэдрэмжийн хөдөлгөөний тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.
Гуниг гутрал болон баяр хөөрийн мэдрэмжийн энэхүү давалгаа ба хад хүн болгон дээр ажиглагдах боловч бүх хүмүүс дээр тодорхой харагддаггүй. Yргэлж л тэр хэвээрээ мэт харагддаг хүмүүс байна. Тэд дандаа нэг хэвээрээ байдаг бус, харин тэдний аашны хөдөлгөөнүүдийг бид мэдэрч чадахгүй байгаа хэрэг.

Наполеонд үе үе бүх дэлхийг ялан дийлж чадмаар санагддаг байсан авч амиа хорлох эсэхээ бодох хүртлээ гүн цөхрөлд унах мөчүүд ч байсан аж. Английн Банкны нэгэн үеийн удирдагч захирал Монтагу Норман зарим үед дэлхийг нэг жилийн дотор коммунизм гартаа атгана хэмээн арга тасран ярьдаг байж, хэсэг хугацааны дараа харин Брит гүрнийг санхүүгийн сүйрлээс аврахаар агуу их эрч хүчээр, аюумшиггүй эр зоригоор ажиллаж байв.
Аашны энэхүү үечилсэн солигдолтыг юу өдөөдөг болохыг бид тодорхой мэдэхгүй. Энэ нь хоол боловсруулах явц, бодисын солилцоотой холбоотой гэж үздэг хүмүүс бий. 

Аашны энэхүү үечилсэн солигдолтыг юу ч өдөөдөг бай, гол зүйл бол бидний дийлэнх дээр ажиглагддаг явдал юм. Дорой хүмүүст байдагчлан хүчтэй хүмүүст ч байна. Мэдрэмжийн хувьд тогтворгүй хүмүүс дээр харин илүү хүчтэй илэрдэг. Гол асуудал бол энэхүү хувирал солигдолтын шалтгаан нь юу болох тухай биш, харин  үүнээс үүдэлтэй проблемүүдийг хэрхэн аргалж болох тухай юм. Хэрэв бид санаа сэтгэл доогуур байгаа өдрүүддээ “энэ бол байдаг л барзгар өдрүүдийн нэг, гэхдээ удахгүй би өөдрөг болох болно” гэж өөрсөддөө сануулж чаддаг байвал энэ нь дангаараа л тун дэмтэй байх юм. Дээр нь хэрэв бид баяр хөөрт зүйлсийг анзаарах, санаатайгаар өөрсдийгөө ийм нөлөөллүүдэд оруулах чадвартай бол энэ нь бүр ч их тустай байх болно.

Биднийг мэддэг болон ойлгодог ойр дотнын нөхөд маань ийм үед бидний төлөө асар ихийг хийж чадна. Ийм үед хайрладаг болон хамт ажилладаг хүмүүстээ сэтгэлээсээ ойлгож ханддаг байхыг бид бүгдээрээ хичээх хэрэгтэй. Сэтгэл санаа доод цэгтээ унах үед бид ч гэсэн адилхан хуваалцалтыг тэднээс авах болно.

Абраам Линколныг сэтгэл санааны тогтворгүйдлүүд нь л тийм хүнлэг болгожээ. Түүний амьдралд гүнзгий цөхрөл ба гүн өөдрөг үзлийн үе мөчлөгүүд биесээ халж сольсоор байжээ. Сэтгэл санаа нь өөдрөг байх үед түүнээс сайн яригч байдаггүй байв. Тэгсэн атлаа цөхрөл эргэлзлэлийн өдрүүддээ гүнзгий гутрангуй нүдээр ирээдүйг харж, андуурал ба алдаануудаа хэтрүүлэг болгодог байжээ. Гэнэтийн болоод эмгэнэлт үхлийн тухай бодол олонтаа анхаарлыг нь татаж, үргэлжийн айдас, цөхрөлүүд түүнийг зовоодог байлаа.
Гэвч ерөнхийлөгчийн суудалд суухаасаа өмнө сэтгэл санааныхаа байдлыг гартаа барьж сурчээ. 1855 онд нэгэн улс төрийн үг хэлсэн аж. Гунигтай өнгөөр тэрбээр хэлсэн нь: “Муу цаг иржээ. Дэлхий самуурч төөрөлдөж. Бүх юм мөхсөн мэт. Мөхсөн. Мөхсөн.” Харин үүний дараа саруул ухаан нь эргэн ирж “Yе харин мөхөөгүй байна! Амьд байна! Энэ бол Биднийг Бүтээгч амьд гэдэгтэй адилхан баталгаатай зүйл” хэмээн нэмжээ. Өөрийнхөө мэдрэмжүүдийг тэр бодитоор харж сурсан тул, тэгээд тэднээс илүү хүчтэй ямар нэгэн юманд итгэж байсан тул түүний ааш байдал өөрчлөгдсөн аж. Тэрбээр аашаа гартаа барьж сурчээ, энэ нь түүнийг цөхрөлийн хамгийн харанхуй үүлийг нэвтлэн гарч, хөгжилтэй ярианууд ярих боломжтой болгожээ. Магадгүй тэр ч гэсэн бидний олонхийн нэгэн адил бүх зүйл харанхуй бөгөөд бартаатай харагдах цагт замаа гэрэлтүүлэхэд сайхан занг ашигладаг байсан биз.

Бидний өдөр тутмын нэгэн том асуудал бол олон хүн ажиллах тийм ч дуртай биш байдаг. Хүчлэхийг амь насанд хүрсэн гэм мэт үзнэ. Тэдний ганц зорилго бол ингэж тэгсгээд л байж байх, өөрсдөөсөө хамаг хариуцлагыг зайлуулах, нэг үгээр хэлбэл амжилттай дундаж байдлаар амьдрах. Бага ажиллаад их мөнгө авахыг хүснэ, харин сайн сайхныг дээшлүүлэхийн тулд хувааж болох эд зүйлийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг өөрөөр хэлбэл илүү сайн ажиллах хэрэгтэйг яагаад ч юм ойлгохыг хүсэхгүй. Гагцхүү урт хугацааны хатуу хөдөлмөрөөр хувийн болоод үндэсний баялагийг хэрхэн ухаантай хэрэглэхийг сурч болно гэдэг дээр үеийн итгэл хүмүүсийн дотор яагаад ч юм үгүй болжээ.
Гэтэл өсөж дэвжихийн тулд бид ажилдаа илүү зүтгэл гаргах хэрэгтэй нь зайлшгүй, учир нь эрч хүчнийхээ дээд хэмжээнд ойртоогүй цагт бидний огт мэддэггүй өчнөөн нөөц, бололцоо бий.

Орчин үеийн психологийн эцэг Вилъям Жеймс үүнийг мэдэж байжээ. Өнгөрсөн зууны сүүлээр "Амин чухал нөөцүүд" номондоо энэ тухай хоёр эссе бичжээ. Хүний энергийн тухай эсседээ хийж байгаа зүйлдээ “халсан” хүн аль хэр илүү ихийг бүтээх чадалтай тухай өгүүлсэн байдаг. Холын зайд гүйгчид “хоёрдахь амьсгал” гэж нэрлэдэг тэр нэгэн зүйл хичнээн ач холбогдолтой болохыг мэднэ. Гэтэл хэрэв “эхний амьсгал” багтарч эхлэх үед бид буугаад өгчихвөл нэгэнт халсан хойно ямар их энерги хөдлөхийг мэдэж хэзээ ч чадахгүй.

Нөгөө эссе нь “Суллах шаардлага”. Хүн ажиллаж байх үедээ түүндээ бүхнээ зориулах нь зөв, учир нь зөвхөн ингэж байж л хийж байгаа зүйлээсээ ханамж авна, зөвхөн ингэж байж л жинхэнэ үр дүнд хүрнэ. Гэтэл хэзээ суллаж, амрахаа мэддэг байх нь үүнээс дутахгүй чухал юм. Өнөөдрийн хорвоод хүмүүс хатуу ажиллаж байгаагаас болоод ийм их мэдрэлийн ядаргаа байгаа хэрэг бус, харин яаж хатуу ажиллахаа, мөн яаж суллахаа, амрахаа мэддэггүйгээс байгаа билээ. Ажиллаж байх үедээ сулрах бөгөөд харин амарч байхдаа ажиллах хэрэгтэй байдаг хэмээн тавгүйтнэ.

Нортвестерн Их сургуулийн ерөнхийлөгч асан, сайн психологич Валтер Дилл Скотт ингэж бичжээ: “Бидний дундаас олон хүн хийж байгаа зүйлдээ хэзээ ч халдаггүй учир юуг бүтээх чадвартай гэдгээ мэддэггүй. Нэгэн дундаж хүн өөрийнхөө эрүүл мэндэд хор хүргэлгүйгээр бүтээмжээ дор хаяж тавин хувиар нэмэгдүүлж чадах өндөр магадлал бий.” Бидний дотор үнэмшмээргүй нөөцүүд нуугдан байдаг, оршин буйг нь анзаарах хүртэл өөрсдийгөө хэзээ ч хүчилдэггүйгээс тэдний тухай бид мэддэггүй байна.

Хүмүүс бусдаасаа хоёр дахин сайн учраас амжилттай байдаг биш. Хэн нэгэн олонхийн өмнө гарахын тулд дунджаас жаахан л илүү байхад хангалттай. Зөвхөн бага зэрэг ихийг л хийх хэрэгтэй. Энэ нь яг л гүйлтийн тэмцээнтэй адилхан. Аварга ба “гүйгээд ирэгчдийн” хооронд гагцхүү секундуудыг хуваасны хэсэг бусгийн л ялгаа бий.
Бидний дийлэнх нь өөрсдийгөө хэт үнэлэх хандлагатай байдаг. Ажлын төлөө жинхэнэ өгөх ёстойгоос нь багыг төлж байна гэж бодоцгооно. Yнэн хэрэгтээ, олон хүний хувьд байдал үүний эсрэг. Амжилттай хүмүүсийн олонх нь бидний нэгэн адил энгийн хүмүүс, тэд ердөө л бөмбөгөнд арай илүү хүрч, хаалганд оруулахаар өөрсдийгөө хүчилдэг. Yүний тул харин дасгалжуулах, гүйх мөн ажиллах хэрэгтэй.

“Их мөнгийг бага ажлын төлөө” хэмээх дайчин уриа тэнцвэрээсээ холбирсон дэлхийг хэмнэлд нь оруулахад бидэнд тус болохгүй. Байдлыг яаж ч харлаа гэсэн ийм яриа бидний дэвшилд нэмэргүй. Гагцхүү хүмүүс ажилдаа бүр бага сэтгэл гаргадгийг, мөн түүнчлэн хамгийн сайн хэлбэрт хийхийг оролдох ч үгүй байдгийг илэрхийлж буй хэрэг. Өнөөдөр дэлхийд илүү их ухаантай ажил, илүү их ашигтай бүтээгдэхүүн юунаас илүү хэрэгтэй байна.

Хүнд илүү сайн дэлхийг бүтээх чадвар, чадал хоёулаа бий. Yүний тулд харин бүгд өөрийнхөө төлөө хариуцлага мэдэрч, хувь заяаг нь дээрдүүлэхийг бусдаас, байгууллагуудаас, төрөөс хүлээдэггүй байх хэрэгтэй. Эдэнд ч бас өөрийн гэсэн хариуцлага байгаа гэдэг нь эргэлзээгүй, түүнийг нь зөв газар, зөв цагт шаардах ч ёстой. Харин бие бие рүүгээ заалцах нь бие биетэйгээ жишин өөрчлөшгүй хувь заяандаа шаналахтайн адил хэзээ ч сайн сайхныг бүтээдэггүй. Муу хувь заяа гэж байдаггүй, харин итгэлээ алдсан хүмүүс л гэж байдаг гэдгийг түүх тоолшгүй олон удаа баталжээ. Хэрэв бидний хувь заяа юуны өмнө өөрсдөөс маань шалтгаална гэдгийг ухаарах юм бол энэ нь зөвхөн биднийг хөгжиж дэвжихэд туслаад зогсохгүй, ингэснээрээ бид төрөл нэгтнүүдийнхээ амьдралыг ч сайжруулах болно.

No comments:

Post a Comment