2010-12-22

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. 
Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгөлдөр харагдахгүй л байлаа. Хүү бүтэн хоёр цаг хүлээж байж сая мэргэн ухаантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад хоёр цагийн дараа ир гэжээ. Гэхдээ
- Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье гээд 
хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд 
- Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан
- За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. 

Мэргэн 
- Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир гэв. Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэлээ баясгажээ. Танилцаж дуусаад хүү харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс

- Чамд өгсөн халбагатай тос хаана байна? гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантан хүүд хандан
- Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна. Аз жаргалын түлхүүр нь халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм. Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.

No comments:

Post a Comment