2010-12-27

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №07

Айдас гэж юу вэ? нөхөр үү эсвэл дайсан уу? 
Бид айдаст цагийн цагт эзэмдүүлэлгүй байх боломж амьдралд үгүй. Эдгээрийн хоёр төрөл байна. Нэг нь үл хөдөлгөгч, сүйтгэгч. Энэ бидний дайсан бөгөөд бүхий л арга чаргаар үүнтэй тэмцэх хэрэгтэй. Нөгөө нь байх ёстой, үндэслэлтэй, бүтээх зөн болон сургамж агуулна. Энэ нь бидний нөхөр. Бүтээгч айдсыг өөрсдийнхөө дотор тэжээн тэтгэх хэрэгтэй, учир нь хувийн буюу худалдааны амьдрал алинд нь ч бай, бидний оршил ба хөгжилд орхиж болшгүй зүйл. Ухаантай айдас гэдэг нь баримт үйлүүдийн сөрөг үр дагаваруудаас үүдэлтэй хүндэтгэл, хүлээн зөвшөөрөлт, бишрэлээс өөрцгүй.

Бид айдас хүйдэсгүйгээр амьдрах хэрэгтэй гэсэн тэнэг санааг олон ч удаа сонсоцгоолоо. Дагжил, үймээн, үргэлжийн хяслангүйгээр өдрүүдийг өнгөрөөх гэх нь угийн хүслэн. Гэвч, хэрэв нэгж гишүүд нь бүтээлч айдсыг мэдрээгүй байсансан бол хүн төрөлхтөн хөгжиж дэвжихгүй оршихуйн тухай яриад ч хэрэггүй байсан билээ. Айдас бол хүний хамгийн чухал дохиоллын систем юм. Бидний бие организм аюулын хамгийн бага тэмдгийг авмагц л тэмцэхэд юм уу зугтахад бэлтгэдэг. Айдсыг бидний амьдралаас салгашгүй. Харин, хяналтан доороо байлгаж, сахилгажуулж, өөрсөддөө ашигтайгаар нээж болно. Гагцхүү тэнэгүүд л юунаас ч айдаггүй. Чихцэлдээнт орчин үеийн том хотод хүн ямар нэгэн юм түүнийг мөргөчих вий гэж айх нь тун ч ухаалаг хэрэг билээ. “Хүмүүжүүлэхийн нэг зорилго нь биднийг зөв үед айдаг болгож сургахад оршино” хэмээн Анжело Патри үнэн хэлжээ.

Далайн тухай юу ч мэддэггүй “хуурай газрын оготнууд” асар их уснаас эмээдэггүй. Хар шуурга, эсвэл наад зах нь нэг давалгаа ямархуу хүчтэй байж болох талаар төсөөлөл ч байхгүй. Чиг заагчгүйгээр мананд төөрнө гэдэг юу болохыг мэдэхгүй. Туршлагатай далайчдад далайгаас эмээсэн эрүүл айдас бий. Энэ айдас бол ямар нэгэн ойлгомжгүй, хөдөлгөөнгүй баглагч биш. Харин ч үүний эсрэгээр асар эрчтэй бүтээлч хүч юм. Анагаах ухааныг өвчнөөс эмээсэн айдас төрүүлжээ. Олонхи үйлдвэр ядуурлаас эмээсний үр дүн. Мэдлэггүйдлээс болон хүний хязгаарлагдмал байдлаас бид айдаг тул сургуулиуд байгаа билээ. Салхи шуурганаас, харанхуйгаас, далайн гамшгаас бид айдаг тул гэрэлтүүлэгч цамхагууд байгаа юм.

Хэрэв бид тэнэг айдсанд ухаантай айдсанд эзлэгдэхээс хөнгөн автахгүй бол хүний дайсан болох тэдгээр айдсуудын учрыг олоход харьцангуй амар. Тэнэг айдсуудын бүхэл бүтэн хороо бий. Хэрэв психологичид үнэн хэлж байгаа бол бид балчир ахуйдаа хоёрхон зүйлээс л айдаг ажээ. Унахаас мөн чанга дуунаас. Хожим нь амдралынхаа туршид тэнэг айдсуудын тоог улам л нэмэгдүүлэх бөгөөд жагсаалт нэг мэдэхэд хэдийнээ эцэс төгсгөлгүй урт болчихсон байна. Сэтгэл санааны бэлтгэгдсэн байдал биднийг тэнэг айдсуудын золиос болохоос хамгаалахгүй. Тэднийг аргалах цорын ганц арга зам бол тэднийг үнэнээсээ таних явдал юм. Болж өгвөл өргөн мэдлэг, туршлагатай, эрүүлээр, бодитоор хорвоог хардаг хэн нэгэнд найдах.

Yндэслэлгүй айдсанд хамгийн сайн эмийн нэг нь зоригтой үйлдэл юм. Нэгэн хар арьстан номлогч уншлагатаа зөвлөсөнчлөн “Эерэгийг тодотгож, сөргийг орхих” хэрэгтэй. Бидний сайн сайхны төлөө үйлчлэгч айдсуудыг хүч чадлыг маань барагдуулагчдаас нь тод ялгаж чаддаг байх нь амжилттай амьдралд зайлшгүй чухал.

No comments:

Post a Comment