2010-12-23

Уучлах ухааных

Дунд сургуулийн багш сурагчддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгээд багш хүүхэд бүрийг маргааш 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш сурагчиддаа 
“За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь:

“Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л 

“Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж
“Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.

No comments:

Post a Comment